2026 оны 04 сарын 18-ны өдөр ИЗНН-ын “Намын шинэчлэл ба улс төрийн ёс зүй” сэдэвт бүсчилсэн зөвлөгөөн Дорнод аймагт зохион байгуулагдаж, Монголын улс төрд нүүрлэсэн хариуцлагагүй байдал, ёс зүйн доройтол, ард түмнээс тасарсан эрх мэдлийн эсрэг шинэчлэлийн хатуу байр суурийг зүүн бүсээс тунхаглалаа.
Тус зөвлөгөөнд ИЗНН-ын дарга Р.Батболд, Дэд дарга доктор /Ph.D/ Т.Бат-Эрдэнэ, ЕНБД С.Батбаатар, намын даргын зөвлөх, доктор /Ph.D/ Д.Амгалан, Нийслэлийн намын хорооны дарга М.Амартунгалаг нар манлайлан “Засаглалын хувьсгал”, “Бодлогын шинэчлэл”, “Өнөөдөр ба маргааш” сэдвээр болон ИЗНН-ын Шинэчилсэн дүрмийн хүрээний асуудлаар Дорнод, Сүхбаатар аймгийн ИЗНН-ын хорооны дарга, гишүүдийн төлөөлөлтэй санал солилцжээ.
ИЗНН-ын орон нутгийн гишүүдийн зүгээс УИХ-ын нэр бүхий зарим гишүүд ард түмний итгэлээр сонгогдсон атлаа иргэд сонгогчдын итгэлийг хөсөрдүүлж, хууль батлах үндсэн ажлаа хийхгүй, элдэв хулгай худалтай нэр холбогдож, ёс зүйн бүдүүлэг алдааг удаа дараа гаргаж, хуулийн хариуцлагаас зугтсан, хариуцлага тооцъё гэхээр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын ард “нуугдсан” байдлыг халж, хариуцлагатай, эрүүл улс төрийг бий болгохыг дэмжих нь зүйтэй гэж үзэл бодлоо илэрхийлж байв.
Энэ дагуу ИЗНН-ын орон нутгийн гишүүд, төлөөлөгчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай” хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлснийг ИЗНН-ын удирдах албан тушаалтнууд сайшаан, санал нэгтэйгээр дэмжихээ илэрхийлсэн нь тус зөвлөгөөний онцлог болжээ.
Тус зөвлөгөөнд оролцогч Дорнод, Сүхбаатар аймгийн намын гишүүд, төлөөлөгчид ИЗНН-ын шинэчлэлийг өргөжүүлэх, дотоод ардчилалыг бэхжүүлэх болон улс төрийн соёл, бүс нутгийн хөгжлийн асуудлаар нээлттэй зарчимч хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Эх сурвалж: Amlalt.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл