Өнөөдөр /2026.04.29/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, татварын ачааллыг бууруулах асуудлыг хэлэлцлээ.
- Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн татварын хөнгөлөлтийн хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор 90 хувийн татварын буцаалт эдлэх буюу татварын нэг хувийн ачааллын босго дүнг 1.5 тэрбум төгрөгөөс 2.5 тэрбум төгрөг болгож өсгөнө.
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 25 хувиар тооцон ногдуулж эхлэх татвар ногдуулах орлогын босгын хэмжээ зургаан тэрбум байсныг 10 тэрбум болгон, 6-10 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогод 15 хувиар татвар ногдуулан хөнгөлөлт үзүүлнэ.
- Бизнес эрхлэгчдийг бизнесээ идэвхжүүлэх, тэлэх бололцоогоор хангаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор НӨАТ суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгоно.
- Хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, урамшуулах зорилгоор татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшинтэй уялдуулан дотоодын болон импортын НӨАТ төлөх хугацааг хоёр хүртэлх сараар хойшлуулна.
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан тушаах, төсөвт төлөх хугацааг хойшлуулахаар тусгалаа.
Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл