ЗАВХАН: Улаан гүүр орчим түүх, орчин үеийг хослуулсан бүс болжээ

Завхан аймгийн Улиастай сумын төвөөр урсах Чигэстэй гол дээгүүр барьсан гүүрүүд нь түүхэн болон орчин үеийн чухал ач холбогдол бүхий байгууламжуудын нэг юм.

Тухайлбал, Улиастайн Маймаачингаас Сангийн хот руу нэвтрэхэд ашиглаж байсан Улаан гүүр нь олон жилийн түүхтэй бөгөөд хотын иргэдийн дурсамж, соёлын өвийг хадгалсан онцгой бүтээн байгуулалт байжээ.

Түүхэн баримтаас үзэхэд уг гүүр нь Манжийн үед барьсан бөгөөд тухайн үеийн нийгэм, худалдаа, харилцааны чухал зангилаа болж байсан байна. Гүүрийг ашиглалтад оруулахтай холбогдуулан босгосон хятад бичээстэй чулуун хөшөө өнөөдрийг хүртэл хадгалагдан үлджээ.

Тодруулбал, Улиастай сумын Жавхлант толгойн хадан хясааны дор байрладаг энэхүү дурсгал нь XVIII-XIX зууны үед хамаарах бөгөөд “Чун Лян Чяо”, өөрөөр хэлбэл “Хөх луугийн гүүр” хэмээн бичсэн байдаг. Энэ нь тухайн үеийн түүхэн үйл явдлыг гэрчлэх үнэт өвийн нэг юм.

Улиастай хотын Улаан гүүр нь уран зохиолд ч мөн тусгагдсан байдаг. Тухайлбал, “Элс цас” роман зэрэг бүтээлд дурдагдсан нь уг гүүрийн түүх, соёлын ач холбогдлыг илтгэн харуулж байна.

Өдгөө түүхэн Улаан гүүрийн байршлаас зүүн урд зүгт модон хийц бүхий Улаан гүүр байдаг. Энэхүү гүүр нь Улиастай хотын оршин суугчид болон жуулчдын очих дуртай, гэрэл зураг авахад тохиромжтой, танигдсан байршлуудын нэг болжээ.

Улиастай сумын Богдын гол, Жинст багийг холбосон энэхүү модон гүүрийг 1983 онд Ховдын зам ангийнхан барьжээ. Тус гүүрийг 30 гаруй жил ашигласны дараа 2017 онд засварлаж, 2022 онд 150 орчим метр хэсгийг нь гэрэлт гудамж болгон тохижуулснаар орчин үеийн өнгө төрхийг бүрдүүлжээ.

Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн Улаан гүүр энд байжээ

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Японы Үндсэн хуулийг шинэчлэхийг зорьж байгаагаа дахин мэдэгджээ

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ тус улсын Үндсэн хуулийг шинэчлэхээр төлөвлөж байгаагаа ням гарагт дахин …