БУЛГАН: Отроор мал сүргээ тогтвортой өсгөж буй малчид “Алтан хурга”-ны эзэд боллоо

 Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн малчин Г.Энхбаяр, түүний гэргий Б.Алимаа нар Монголын радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит 48 дахь удаагийн “Алтан хурга” шагналын эзнээр тодорч, шагналаа гардан авлаа.

Шагналыг  2026 оны тавдугаар сарын 2-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Эрдэнэбилэг, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Пүрэвсайхан, Хишиг-Өндөр сумын Засаг дарга О.Буянбадрах нар гардуулан өгсөн байна.

Жаргалант багийн малчин Г.Энхбаяр нь Монгол Улсын ууган Хөдөлмөрийн баатар, алдарт хоньчин Зундуйн Очирын ач хүү бөгөөд өвөг дээдсийнхээ малч ухаан, арга туршлагыг өвлөн уламжлалт мал аж ахуйн үнэ цэнийг хадгалан хөгжүүлж яваа хөдөлмөрч малчин юм.

Тэрбээр 30 гаруй жилийн турш мал маллаж, нутаг орондоо хөдөлмөр зүтгэлээрээ манлайлж ирсэн төдийгүй мал сүргээ өсгөн үржүүлэхийн зэрэгцээ хойч үедээ мал маллах арга ухааныг өвлүүлэн үлгэр дуурайл үзүүлж байна.

Г.Энхбаяр, Б.Алимаа нар хонь, ямаа, үхэр, адуу зэрэг дөрвөн төрлийн мал сүрэг малладаг бөгөөд гол төлөв хонин сүргээ дагнан өсгөж байна. Тэд отор нүүдлийн аргаар малын тарга хүчийг сайжруулж, бэлчээр, усны нөөцийг уламжлалт арга туршлагад тулгуурлан зохистой ашиглаж байна. Тэд хавар, намар, зуны улиралд тогтмол отор нүүдэл хийдэг бөгөөд нэг бууцанд 2 хоногоос илүү тогтдоггүй тохиолдол ч цөөнгүй аж. Энэ жил дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн бууцнаасаа гарч, ойр ойрхон бэлчээр сэлгэн оторлож явна. Тэднийх 1600 гаруй толгой малаас 600 гаруй төл хүлээн аваад байна.

Түүний өвөө, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, нэрт хоньчин Зундуйн Очир нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Лениний зам” нэгдэлд хоньчноор ажиллаж байхдаа 1959 оны 7 дугаар сарын 10-нд Хөдөлмөрийн баатар цол хүртжээ. Тэрээр бага наснаасаа мал маллаж эхэлсэн бөгөөд 1940 онд Авзага суманд Харцагын нэгдлийг байгуулах ажилд оролцсон байна.

Дараа нь нэгдэлд хоньчноор ажиллах хугацаандаа анх хүлээн авсан 515 хонийг өсгөн үржүүлж, 1947-1953 оны хооронд жил бүр сүргээсээ дунджаар 50 орчим хонийг ялган үржүүлж байв. 1953 оны намар 1000 эр төлөг хүлээн авч малласан бөгөөд 1954 онд шүдлэн болон эх хонийг дунджаар 46 кг жинтэйгээр улсын бэлтгэлд тушаасан нь тухайн үедээ өндөр амжилтад тооцогджээ. Мөн дараагийн жилүүдэд хонины хаврын жинг дунджаар 24.1-25.1 кг-аар нэмэгдүүлж, мал маллах арга туршлага, хөдөлмөрөөрөө нэрд гарсан шилдэг хоньчин байжээ.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртэв

Киргизстаны Бишкек хотын “Бишкек арена”-д болсон шайбтай хоккейн U18 насны ангиллын Азийн цомын тэмцээнд оролцсон Монголын шигшээ …