“Бичиг соёл-2026” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд 70 гаруй уран бүтээлч оролцов

 Ш.Гэрэлсайхан “Цас бороо

“Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн олны хүртээл болж байна.

Монголын үндэсний бичиг үсгийн баярын өдрийг тохиолдуулан жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоногийн ням гарагт нээлтээ хийдэг энэхүү үзэсгэлэнг 17 дахь удаагаа зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэнд Улаанбаатар хот болон хөдөө орон, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад улс, Хөхнуурын Дээд Монгол, Франц зэрэг улс орноос уран бүтээлчид оролцож буйгаараа онцлогтой.

Монголын үндэсний хэл бичиг, ёс заншил, уламжлал, өв соёлыг сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилготой тус үзэсгэлэнд ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн багш, оюутнууд 70 гаруй уран бүтээлч өөрсдийн оюуны бүтээлээ дэлгэн толилуулж байна.

Хүүхдийн урлан бүтээх төвийн багш, Бичиг соёл боловсролын төвийн гүйцэтгэх захирал Э.Анхбаяр ярихдаа, “Үзэсгэлэнгийн үеэр “Бийрийн эрдэм” хэмээх уламжлалт бичгийн уралдааныг зохион байгуулдаг. Уг уралдаанд 21 аймаг болон есөн дүүргийн хүүхдүүд оролцдог. Энэ жил 18 аймаг,  есөн дүүргээс 400 гаруй хүүхэд эхний шатанд бүтээлээ ирүүлсэн. Улмаар хоёрдугаар шатанд шалгарсан хүүхдүүд Монголын Үндэсний Номын санд хүрэлцэн ирж, уралдаандаа оролцон шилдгүүдээ тодруулсан” гэв.

Үзэсгэлэнгийн шилдэг бүтээлээр Ч.Бямбадолгорын “Эрдэм”, О.Ням-Очирын “Дөрвөн цаг” шалгарсан бол олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнгийн “шилдгийн шилдэг” бүтээлээр Ш.Гэрэлсайханы “Цас бороо” бүтээл тодорчээ. Мөн Бичиг соёл үзэсгэлэнг санаачлагч Д.Ганбаатар агсны нэрэмжит шагналыг Ц.Тамирын “Хос Уянга” бүтээл хүртжээ.

“Бичиг соёл” төв Монголын уламжлалт уран бичлэг, хэл бичиг, соёлын өвийг хадгалах, хамгаалах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Мөнх тэнгэрийн бичиг”, “Бичиг соёл”, “Нэг ертөнц-Яруу найраг”, “Гоо бэхи”, “Бийрийн эрдэм төгсөшгүй” зэрэг үзэсгэлэнг тогтмол зохион байгуулсаар иржээ.

М.Цэнгүүн “Хавар болжээ”

Д.Ариунжаргал “Чингис хааны билиг”

Ц.Аззаяа “Залуу нас”

Б.Ариунбилэг “Сүүлийн хүн”

Б.Арсай “Тэнгэр шиг бай”

Стийв Морел “Савын гурван гэм”

Н.Баяр-Эрдэнэ “Галын тахилын ерөөл”

Льгденова Ася “Багшийн эрдэм мөнхөд”

Б.Чойжамц “Бичиг соёл”

П.Алтансүх “Эр хоёр загалын тууж”

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

COP17: Цэнхэр бүсийн бүртгэл нээгдлээ

Ирэх наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 …