“Аймгаараа гүйж, аз жаргал түгээе” уриан дор “Өвөрхангай марафон – 2026” гүйлтийн тэмцээн өнгөрсөн амралтын өдөр боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн, аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Арвайхээр хотын “Суралцагч хот” хөтөлбөрийн хүрээнд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дэмжих зорилгоор зохион байгуулсан тус тэмцээнд 1200 гаруй хүн оролцож, 5-21 км зайд гүйж өрсөлдсөн юм.
Энэ жилийн тэмцээнд илүү өргөн хүрээнд олон хүн оролцсон, тамирчид гэр бүл болон хамт олноороо өөрсдийн ялгарах өнгө төрхийг бүрдүүлсэн зэргээрээ онцлог байлаа. Тухайлбал, “Lion Cub” волейболын клубын сурагчид “Мод тарьж ногоон ирээдүйг бүтээе” уриаг дэвшүүлэн модны суулгац барьж гүйснээрээ олны анхаарал татаж байв.
Мөн гадаадын иргэд, сумдын малчин эмэгтэйчүүд гүйлтэд өрсөлдөж байгаа нь үзэгчдийн талархлыг хүлээж байсан юм. Тэд “Тэмцээнд түрүүлэхээс илүү өөрийгөө сорих, идэвхтэй хөдөлгөөнд суралцах нь гол зорилго байсан” гэж байлаа.
“Гэрэгэ” гүйлтийн клубын санаачилга, УИХ-ын гишүүдийн дэмжлэг, аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан “Өвөрхангай марафон-2026” тэмцээний аваргуудыг таван ангилалд шалгаруулж, шагнан урамшууллаа.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
