Барилгын салбар дахь хүний эрх, хариуцлагатай бизнесийн талаар хэлэлцэв

ХББОСЯ, Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран “Барилгын салбар дахь хүний эрх ба хариуцлагатай бизнес” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төсөл хэрэгжүүлж, ХББОСЯ-ны дэмжлэгээр барилгын холбоодыг чадавхжуулах сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулсан. Сургалтаар “НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчмууд”, “Хариуцлагатай бизнес ба Хүний эрх”-ийн тухай ойлголт өгөх, “Хүний эрхийн магадлан шинжилгээ”-г барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад хэрхэн хийж гүйцэтгэх талаар мэдлэг олгожээ.

Олсон мэдлэгээ практикт нэвтрүүлэх үүднээс төслөөс холбоодод техник арга зүйн дэмжлэг үзүүлж, барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 12 аж ахуйн нэгжид хүний эрхийн магадлан шинжилгээ хийжээ. Үр дүнг танилцуулж, Засгийн газрын тогтоол болох “Бизнес ба хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, ХББОСЯ-наас хийж буй ажил, бусад оролцогч тал, ялангуяа салбарын залуус хэрхэн хамтарч ажиллаж болох боломжийн талаар хэлэлцэж танилцуулсан юм.

Европын Холбооны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын дэд дарга Кристоф Форакс хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ, Монгол Улсын хөгжилд гол үүрэгтэй салбарыг сонгон авч, хүний эрхийг хангуулах зорилго агуулсан төсөл нь хүн бүрд хамаатай асуудал гэдгийг тодотгоод төслийг өмнө нь уул уурхай, хүнс, ноос ноолуурын салбарт амжилттай хэрэгжүүлснийг дурдлаа.

ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа энэ үеэр “Төслийг амжилттай хэрэгжүүлсэн нь манай улсын барилгын салбарт бодит өөрчлөлтийн эхлэлийг тавилаа. Дэлхий даяар хүний эрхийг хамгаалах нь улам бүр бэхжиж байгаа бол бид ч үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, хүний эрх зөрчихөөс сэргийлэхэд анхаарч байна. Орон сууцжуулалт, санхүүжилт, хот байгуулалтын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, тэдгээрт хүний эрхийн шалгуур үзүүлэлтүүдийг тусгана. Мэргэжилтэн бэлтгэж буй их, дээд сургуулийн хөтөлбөрт ч хүний эрхийн тухай оруулахыг зорьж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, ханган нийлүүлэлт, туслангүйцэтгэгчийн түвшинд хүний эрхийн асуудлыг хөндөж байгаа. Барилгын салбар маань өнгөрсөн 100 жилээ бататгахаас гадна ирээдүйд харилцаанд суурилсан хүний эрхийг дээдэлсэн, ил тод барилгын салбарыг хөгжүүлнэ” гэсэн юм.

“Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийг 2025 онд барилгын салбарт хэрэгжүүлж, сургалт зохион байгуулан, 12 компани аж ахуйн нэгжид хүний эрхийн магадлан шинжилгээ хийх зөвлөмж өгчээ. Төсөлд 258 хүнийг хамруулахад 170 нь эмэгтэй байсан бол дийлэнх хувийг нь 35-44 насныхан эзэлжээ.

Дээрх төслийг Монголоос гадна Малайз, Индонез, Тайланд Улсад хэрэгжүүлсэн байна.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Болгар, Италийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хэлэлцжээ

Болгарын Гадаад хэргийн сайд Велислава Петрова Италийн Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Антонио Таянитай …