С.Бямбацогт: Үе тэнгийн дээрэлхэлт газар авч байгаа тул ХЭҮК шийдэл танилцуулах шаардлагатай

УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагуудын нэг болох ХЭҮК-ын үйл ажиллагааны тайлан мэдээллийг энэ сарын 11-нд сонсож, тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийн талаар санал солилцлоо.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой аливаа асуудлаар санал, зөвлөмж гаргаж, эрх бүхий байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд хүргүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл боловсруулж, УИХ-д хүргүүлэх зэргээр хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, хууль, тогтоомж, бодлого шийдвэрийг хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэх чиглэлээр өнгөрсөн онд 49 хууль тогтоомжид 217 санал, 2024 онд 31 хууль тогтоомжид 160 санал гаргаж ажилласан талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид танилцууллаа.

Харин ХЭҮК-ын гаргасан тайлан илтгэлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт хангалтгүй түвшинд байгааг онцолж байв. Тодруулбал, “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын удаа дараагийн тогтоолын хэрэгжилт 40-71,4 хувьтай байгаа гэлээ. Ийнхүү тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаагийн шалтгааныг Хүний эрхийн Үндэсний Комисс дүгнэхдээ, тогтоол батлагдсаны дараа хэрэгжилтийг хангаж, тайлагнах хугацаа хэт богино, тогтоолд дурдсан асуудал шууд хэрэгжих боломжгүй, тодорхой цаг хугацаа,төсөв хөрөнгө шаарддаг, тогтоолын хэрэгжилтийг Засгийн газар болон Хууль зүйн байнгын хороонд танилцуулах үүрэг хүлээдэг боловч биелүүлдэггүй гэж үзжээ. Тиймээс тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг УИХ-аас Хууль зүйн байнгын хороонд даалгасан, хяналтын механизмыг сайжруулах шаардлагатай гэсэн саналыг Хүний эрхийн Үндэсний Комиссоос дэвшүүлж байлаа.

Цаашид Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал, сорилт шийдвэрлэх асуудлын тухайд Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд зохих нэмэлт өөрчлөлт оруулах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, баталгаажуулах, Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн нэн чухал хуулиудыг батлан гаргах, Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлийн мөрөөр гаргасан УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангах, Монгол Улсын цахим хөгжлийн бодлого, хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг үнэлж, шинэ тутам хүний эрхийн асуудалд анхаарлаа хандуулах шаардлага тулгарч байгаа гэв.

Тайлан мэдээлэлтэй танилцсаны дараа уулзалтад оролцсон гишүүдийн төлөөлөл болон Улсын Их Хурлын дарга санал бодлоо илэрхийлж, сонирхсон асуултдаа хариулт авлаа. Хүний эрхийн Үндэсний Комиссыг жилдээ нэг удаа 21 аймаг, 360 суманд хүрч, хүний эрхийн нөхцөл байдлын үнэлгээг хийж ажиллах нь зөв гэдэг саналыг хэлж байлаа. Шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос дэмжлэг үзүүлж ажиллах боломжтой гэв.

Түүнчлэн хуулийн дагуу  Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх  25 дахь  илтгэлийг жил бүр УИХ-д танилцуулах үүрэгтэй бөгөөд энэ сарын сүүлийн долоо хоногт танилцуулах товтой байгаа аж. Тиймээс Хууль зүйн байнгын хороогоор нэгдсэн тайланг сонсохоос гадна, хүүхдийн эрхийн тухай, хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой тайланг онцгойлон авч үзэж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороогоор сонсох чиглэлийг  УИХ-ын дарга  өглөө.  Ингэхдээ Хүний эрхийн Үндэсний Комисс цахим орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, худал мэдээлэл түгээх зэрэг асуудалд онцгойлон анхаарал хандуулж, үр дүнг чухалчилж, шийдэл танилцуулж, ажиллах шаардлагатай хэмээв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Барилгын салбар дахь хүний эрх, хариуцлагатай бизнесийн талаар хэлэлцэв

ХББОСЯ, Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран “Барилгын салбар дахь хүний эрх ба хариуцлагатай бизнес” …