“Тэрбум мод” сан, Европын Холбоо болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй STREAM+ төслийн хүрээнд “Ойн салбар ба ногоон санхүүжилт” хэлэлцүүлэг /2026-05-28/ болж байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир арга хэмжээг хэлсэн үгэндээ Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 8.71 хувийг ой эзэлж, 18 аймгийн 286 сумын нутгийг хамарч буй.

Монгол орны ой нь зөвхөн байгалийн баялаг бус усны нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах стратегийн чухал нөөц юм. Үүнээс гадна орон нутгийн эдийн засгийг дэмжих, ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх өргөн боломжийг агуулж байна.

Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ойн салбарын шинэчлэл, тогтвортой менежмент, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ойн эдийн засгийн эргэлтийг сайжруулах, тогтвортой хөрөнгө оруулалт татах эрх зүйн болон бодлогын орчныг бүрдүүлэх зохицуулалтууд тусгагдаж буйг онцоллоо.

Ойн салбарт урт хугацааны тогтвортой хөрөнгө оруулалт татахын тулд салбарын онцлогт тохирсон ногоон санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, даатгалын механизм, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь салбарын хөгжлийн чухал нөхцөл болохыг онцлов.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэлсэн үгэндээ дэлхийн хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэрлэлийн тэлэлт нь уур амьсгалын өөрчлөлтийг эрчимжүүлж буйг дурдаад, Монгол Улсад нийт бэлчээрийн 76 хувь доройтож, хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэн, газрын гүний цэнгэг усны нөөц буурч байгаа нь нийгэм, эдийн засагт бодит дарамт учруулж байгааг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг банк, санхүүгийн салбар анхнаас нь дэмжин ажиллаж ирснийг тэмдэглээд, банкны салбарын хамтын санаачилгаар байгуулагдсан “Тэрбум мод” сангаар дамжуулан өнөөдрийн байдлаар долоон сая гаруй мод тарьж, ургалтын хувь 90-ээс дээш байгааг мэдээлэв.

Хэлэлцүүлгийн үеэр ойн салбарын жижиг, дунд үйлдвэрүүдийг ногоон санхүүжилтэд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, салбарын онцлогт нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ойн нэмүү өртгийн сүлжээ болон хөрөнгө оруулалтын боломжийн талаар оролцогчид санал, туршлага солилцож байна.

“Ойн салбар ба ногоон санхүүжилт” хэлэлцүүлэг нь ойн салбарын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон зээлийн боломжийг өргөжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ юм.