Монгол Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг нэг жил гаруй хугацааны дараа олон улсын албан ёсны нөхөрсөг тоглолтуудад оролцох гэж байна.
Тодруулбал, энэ сарын 31-нд Сингапур, зургаадугаар сарын 5-нд Хонконгийн шигшээ багтай тоглохоор болжээ. Эдгээр тоглолт нь багийн бэлтгэл, тоглолтын зохион байгуулалт, шинэ бүрэлдэхүүний уялдаа холбоог шалгах ач холбогдолтой ажээ. Багийн бүрэлдэхүүнд гадаадын лигт тоглож буй дөрвөн тоглогчийг дуудсан бөгөөд залуу, ирээдүйтэй тамирчид болон туршлагатай тоглогчдын тэнцвэртэй хослолыг бүрдүүлсэн байна. Энэ нь багийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын түвшинд илүү үр дүнтэй тоглох зорилготой юм.
Багийн бүрэлдэхүүнд хаалгачаар А.Сайханчулуун, Э.Ган-Эрдэнэ, хамгаалагчаар Филип Андерсен Чинзориг, Г.Дөлгөөн, О.Мөнх-Оргил, Н.Хашчулуун, Г.Бат-Оргил, О.Энх-Оргил, Ж.Цогт-Очир, А.Дөлгөөн, хагас хамгаалагчаар Х.Цэнд-Аюуш, П.Энхбилэг, Т.Мөнхбаатар, У.Тэмүүлэн, Г.Ганбаяр, Б.Хабул, М.Батхишиг, довтлогчоор О.Мижиддорж, Б.Бат-Од, Г.Төгөлдөр, З.Тэмүүлэн нар багтжээ. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Италийн мэргэжилтэн, UEFA Pro зэрэглэлтэй дасгалжуулагч Марко Ражини ажиллаж байгаа бөгөөд багийн тактик, тоглолтын хэв маягт шинэчлэл авчрах, тоглогчдын ур чадварыг шинэ түвшинд гаргахад анхаарч байгаа аж.
Ташрамд дурдахад, дэлхийн чансаагаар Сингапур 147, Хонконг 155, Монголын шигшээ баг 187 дугаарт жагсаж байна.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл

