Нийслэлийн ИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаан өнөөдөр /2026.06.11/ боллоо.
Хуралдаанаар Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ, хил заагийг тогтоох, “Агро сити” эдийн засгийн тусгай бүс орчмын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах, мөн Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн өргөтгөлийн 130 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.
Хуралдаанд Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Т.Батцогт, Э.Одонтуяа, Д.Отгонсүрэн, Ч.Мэндбаяр, О.Зундуйдорж, Г.Батзориг, Г.Батбаяр болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэг, Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон нар оролцож, дээрх асуудалтай холбоотой мэдээлэл солилцож, санал хэллээ.
Тодруулбал, Нийтийн эдэлбэр газрын хэмжээ, хил заагийг тогтоох тухай Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар танилцуулав.
Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, нийтийн эзэмшлийн болон явган хүний зам талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэр дэх гражуудыг чөлөөлж, газрын зөрчил арилгах арга хэмжээ авсан.
Мөн Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 7 дүүргийн 40 байршил 5.54 га газрыг нийтийн эдэлбэрт авахаар тусгажээ.
Энэхүү байршлуудад хүүхдийн тоглоомын талбай 5, тохижилт бүхий ногоон байгууламж 8, авто машины зогсоол зэргийг байгуулахаар төлөвлөсөн байна.
Дээрх асуудлуудыг Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаанд хэлэлцүүлэхийг хорооны гишүүд дэмжлээ.
Эх сурвалж: khural.ulaanbaatar.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл