НИТХ-ын төлөөлөгчдийн “давхар дээл”-ийг тайлуулья…

НИТХ-ын төлөөлөгч үү, захирал уу, эсвэл ТУЗ-ийн гишүүн үү?

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн нэлээд хэсэг нь нийслэлийн харьяа газар, орон нутгийн өмчит компани, төсөвт байгууллагын гүйцэтгэх удирдлагаар ажиллахын зэрэгцээ нийслэлээс байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагуудын Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) гишүүнээр давхар ажиллаж, урамшуулал авдаг асуудал УИХ-аас нийслэлийн төсвийн асуудлаар зохион байгуулсан Ерөнхий хяналтын сонсголын үеэр олон нийтэд ил болов.

Үүний дараа НИТХ-ын Ажлын албанаас уг асуудал нь одоогийн хүчин төгөлдөр хууль тогтоомжийг зөрчөөгүй гэсэн тайлбар өгсөн. Хууль зөрчөөгүй байж болох ч төрийн албаны ёс зүй, хариуцлагын зарчим, ашиг сонирхлын зөрчлийн үүднээс авч үзвэл олон нийтийн шүүмжлэл үндэслэлгүй биш юм.

Учир нь тухайн байгууллагын төсөв, хөрөнгө оруулалт, бүтэц зохион байгуулалт, санхүүжилтийг шийдвэрлэх эрх бүхий төлөөлөгч өөрөө тухайн байгууллагын гүйцэтгэх удирдлага эсвэл ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа нь хяналт ба гүйцэтгэлийн заагийг бүдгэрүүлж байна. Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргагч нь өөрийгөө хянадаг тогтолцоо үүсч байгаа хэрэг.

Энэ асуудал шинэ биш. Өмнө нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, бүх шатны ИТХ-ын төлөөлөгчдийн давхар албан тушаал эрхлэх асуудлыг хязгаарлах санал удаа дараа яригдаж байсан ч бодит өөрчлөлт болж чадсангүй.

Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй олон тэрбум төгрөгийн төсөвтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байгууллагуудын удирдлага, ТУЗ-д НИТХ-ын төлөөлөгчид олноороо ажиллах нь төсвийн Ерөнхийлөн захирагч болох Хотын даргын нөлөөллийн хүрээг тэлэх, улмаар төлөөлөгчдийн хараат бус байдлыг сулруулах эрсдэлтэй.

Иймээс холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, НИТХ-ын төлөөлөгчид тодорхой нөхцөлөөр нийслэлийн байгууллагад гүйцэтгэх удирдлагаар ажиллаж болох эсэх асуудлыг тодорхой зохицуулах шаардлагатай. Харин нийслэлийн төсөвт байгууллага, орон нутгийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж, урамшуулал авдаг тогтолцоог хязгаарлах буюу бүрэн хориглох нь зүйтэй.

 

Үүний оронд тухайн салбарын мэдлэг, туршлага, мэргэжлийн ур чадварт үндэслэн нээлттэй сонгон шалгаруулалтаар ТУЗ-ийн гишүүдийг томилдог тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Мөн тэдгээр хүмүүс нь Хотын дарга болон улс төрийн албан тушаалтнуудаас хараат бусаар ажиллах эрх зүйн баталгаатай байх ёстой.

Ингэж чадвал нийслэлийн өмчит байгууллагуудын засаглал сайжирч, мэргэжлийн хяналт бодитоор хэрэгжихээс гадна төсвийн үр ашиггүй зарцуулалт, авлига, ашиг сонирхлын зөрчил буурах нөхцөл бүрдэнэ.

Нийслэлийн төсвийг хамгаалах хамгийн үр дүнтэй арга бол улс төрийн нөлөөллийг бууруулж, хяналтын тогтолцоог бэхжүүлэх, үүний тулд нийслэлийн өмчит газруудын захирлууд болон тэдгээрийн ТУЗ-д орох хүмүүсийг сонгон шалгаруулж, гаднаас томилдог болох шаардлага юм.

 

Ц.Мөнх

Санал болгох мэдээ

“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө

Яармагийн Арцатаас Хархорины Өнөр хороолол чиглэлд нийт 4.2 км урттай “Дүүжин замын тээвэр”-ийг барина. 2025 …