Улаанбаатар хотын төвөөр алхахад явган хүний замаар биш, саад тотгорын дундуур явж байгаа мэт мэдрэмж төрөх болжээ. Гудамж, талбай, автобусны буудал, явган хүний зам дагуу төлбөртэй цахилгаан мопед, скутерүүд эмх замбараагүй хаягдсан байх нь энгийн үзэгдэл болсон байна.
Сүүлийн үед сошиал орчинд иргэд энэ асуудлаар бухимдлаа илэрхийлэх нь эрс нэмэгджээ. “Алхах газаргүй боллоо”, “Урд хойноос мопедтой хүн ирээд мөргөчих гээд айдастай байна”, “Нэг хүний зориулалттай мопед дээр хоёр, бүр гурвуулаа сууж явдаг боллоо” гэх мэт гомдол тасрахгүй байна.

Хэдхэн жилийн өмнө нийслэлд ганц хоёр төрлийн цахилгаан мопед үйлчилгээ үзүүлдэг байсан бол өнөөдөр цэнхэр, ягаан, улбар шар, нил ягаан, хамгаалалтын малгайтай зэрэг олон төрлийн үйлчилгээ хотын төвд зэрэгцэн ажиллаж байна. Үйлчилгээний төрөл нэмэгдэхийн хэрээр зам дээрх тоо хэмжээ нь ч эрс өсжээ.
Гэвч энд нэг асуулт урган гарч байна. Эдгээр мянга мянган мопед, скутерийг хэн зөвшөөрч, хэн хянаж, хэн хариуцаж байгаа вэ?
Энэ талаар мэдээлэл авахаар нийслэлийн холбогдох байгууллагууд руу утсаар холбогдоход “манайх хариуцдаггүй”, “өөр байгууллагаас асуу”, “бидэнд мэдээлэл байхгүй” гэсэн хариулт өгч байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн төв гудамж талбайд өдөр бүр ашиглагдаж буй энэ үйлчилгээний эзэн нь байгаа ч хариуцлага хүлээх байгууллага нь тодорхойгүй мэт дүр зураг харагдаж байна.
УИХ-аас саяхан баталсан зохицуулалтаар 16 нас хүрээгүй хүүхэд мопед унахыг хориглож, мопедыг зөвхөн авто замын нэгдүгээр эгнээгээр зорчих, явган хүний гарцаар гарахдаа бууж хөтлөх зэрэг шаардлага тавьсан. Гэвч бодит байдал дээр эдгээр заалт хэрэгжиж байгаа шинж бараг харагдахгүй байна.
Өдөр бүр хүүхдүүд мопедтой давхилдаж, явган хүний замаар өндөр хурдтай зорчиж, нэг төхөөрөмж дээр хэд хэдээрээ сууж явах үзэгдэл хэвийн зүйл мэт болсон. Харин хяналт, шаардлага, торгууль, хариуцлага хаана байгаа нь тодорхойгүй хэвээр.
Ногоон хөгжлийг дэмжих, түгжрэлийг бууруулах зорилгоор цахилгаан хөдөлгөөнт хэрэгслийг ашиглах нь зөв. Гэхдээ нийтийн эзэмшлийн талбайг эмх замбараагүй эзэлж, явган хүний аюулгүй байдлыг алдагдуулж, осол эрсдэлийн шинэ эх үүсвэр бий болгох хэмжээнд хүрч болохгүй.
Хотын захиргаа, замын цагдаа болон холбогдох байгууллагууд энэ асуудалд тодорхой байр суурь илэрхийлж, аль байгууллага хариуцаж байгааг олон нийтэд мэдээлэх цаг болжээ. Үгүй бол өнөөдөр бухимдал төрүүлж байгаа энэ асуудал маргааш хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой ноцтой ослын шалтгаан болохыг үгүйсгэх аргагүй.
Явган хүний зам явган хүндээ үлдэх үү, эсвэл төлбөртэй мопедын зогсоол болон хувирах уу? Энэ асуултад хотын удирдлагууд хариулах цаг хэдийнэ болсон.
Ц.Мөнх
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл