Төрийн бодлогыг фракцууд тодорхойлж байна

   Монголын төрийг сонгуульд ялсан нам удирддаг гэж ярьдаг. Бичдэг. Ойлгодог. Гэтэл үнэндээ намууд доторх бүлэглэл энэ улс орны бодлогыг тодорхойлох хэмжээнд хүртлээ байдал хувьсч өөрчлөгджээ.

АН

        Эрх баригч АН 2000 оны сонгуулийн дараа таван намын нэгдлийн үр дүнд бий болсон улстөрийн хүчин. Энэ утгаараа дотоод зөрчил нь үе үе цухалздаг. Өөрөөр хэлбэл, бие даасан намын шинжээ санагалзсан амбиц нь  фракц хэлбэрээр илрэх нь олонтаа.  Ялангуяа одоогоос долоо найман жилийн өмнө АН бүлэглэлүүдийнхээ зөрчлөөс болж тун хэцүүхэн байдалд орж байсан билээ.

          2004 оны сонгуулийн дараа УИХ-д тэнцүүхэн суудал авсан МАХН /МАН/, “Эх орон-Ардчилал” эвсэл хоёр хамтарч Их эвслийн Засгийн газар гэгчийг байгуулж, Ц. Элбэгдоржийг Ерөнхий сайдаар томилов. Удалгүй “Эх орон-Ардчилал” эвсэл задарч М. Энхсайханыгаа “өшиглөөд” намын дарга болсон Р. Гончигдорж тэргүүтэй УИХ дахь “Алтан гадас”-ын төлөөллүүд  МАХН-ын бүлэгт оров. 62 -ын бүдүүн бүлэг ийнхүү үүссэн түүхтэй. Харин Э. Бат-Үүл, С. Эрдэнэ зэрэг хэдхэн “эсэргүүн” энэ хувилбарыг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж бүлгийн гадна үлдэв. МАХН-д “урвасан” АН-ын 25 гишүүн тэлээ хурганууд гэдэг “алдар” хүртэв. Үүнээс болоод л АН дотор үл ойлголцол бий болж эхэлсэн. Тухайн үед АН-д “Алтан гадас”-аас гадна Баабар тэргүүтэй Зүүн хойд Азийн нийгэмлэг,  Р. Амаржаргал нарын МҮДН, Х. Баттулга, С. Эрдэнэ нарын “Ардчилсан холбоо”, Н. Нанжид, Д. Хишигбат нарын  “Намаа аврах хөдөлгөөн”, Э. Золбаяр, Д. Болдхуяг тэргүүтэй “Намаа шинэчлэх бүлэг” зэрэг хэд хэдэн бүлэглэл нийгэмд нэгэнт ил болоод байлаа. Тэд “Алтан гадас”-тай тун хүч тэнцвэргүй тулаан хийж эхэлсэн. Гэвч “Алтан гадас”-ын цар хүрээ тэлж, нөлөө нь хэдийнээ бэхжсэн байсан учир бусад фракцдаа боломж олгоогүй. “Алтан гадас” бүхэл бүтэн улстөрийн намын бодлогыг тодорхойлох хэмжээнд хүрсэн юм. Энэ л хандлага тус нам дахь дотоод зөрчлийг улам гааруулж эхэлсэн бөгөөд АН дахь олонх байнга шахам довтолгоонд өртөх болов. Үүнээс болоод ч тэрүү 2008 оны сонгуулийн дараагаас “Алтан гадас”-ынхны  байр суурь харьцангуй  зөөлөрч, улмаар бусад фракц бүлэглэлүүдтэйгээ хамтарч ажиллах болсон. Үүний нэг илрэл нь МАНАН-гийн Засгийн газар байгуулагдахад АН-ын “Ардчилсан холбоо” фракцийн тэргүүн Х. Батулгад сайдын суудал өгсөн явдал юм. Гэхдээ л С. Эрдэнэ, Н. Батбаяр, Д. Ганхуяг нар намынхаа удирдлагууд руу, өөрсдийн сайд нар руугаа дайрсаар байлаа. 2012 оны сонгуулийн дараа эдгээр хүмүүс бүгдээрээ Засгийн газрын гишүүн болсноор байдал арай намжив. Гэхдээ өнгөрөгч намар А. Мурат зэрэг УИХ-ын экс гишүүд АН-д шинэ жигүүр байгуулж байгаагаа зарласан. Бас л нэг фракц нэмэгдэж байна гэсэн үг. Ингэснээр тус нам одоогоор “Алтан гадас”, “Кроун”, “МҮДН”, “Шонхор”, “Ардчилсан холбоо” гэсэн бодитой хэд хэдэн бүлэглэлтэй болоод байна. Хамгийн хүчтэй нь Р. Гончигдорж, Н. Алтанхуяг, С. Баярцогт нарын тэргүүлдэг “Алтан гадас” хэвээрээ. Тэд АН-ын бодлогыг тодорхойлж байсан бол одоо төрийн эрх мэдлийг атгаад байна.

МАН

        Энэ нам Н. Энхбаярын засаглалын жилүүдэд хамгийн эв нэгдэлтэй, элдэв бүлэглэл энээ тэрээ сонирхолд автдаггүй байсан нь үгүйсгэмгүй үнэн. Харин 2005 онд М. Энхболдыг намын дарга болсны дараа Ө. Энхтүвшин, М. Далайхүү, Ц. Оюунбаатар нар  “Уламжлал, шинэчлэл, ардчилал, шударга ёс” гэгч жигүүр байгуулснаар олон жил нам жим явсан  МАН хөдөлгөөнд орж эхэлсэн. Тэднийг албан тушаалгүй үлдсэн ажилгүй, арчаагүй гарууд гэх зэргээр цоллож байсан ч намынхаа эрх баригчидтай халуун нүүрээрээ тулсаар байлаа. 2006 онд Ц. Элбэгдоржийн тэргүүлсэн эвслийн Засгийн газрыг огцруулав. УИХ-д нөхөн сонгуулиар орж ирээд удаагүй байсан   МАН-ын шинэ дарга М. Энхболд /Н. Энхбаярын залгамжлагч гэгдэх/ Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын тэргүүнээр томилогдов. Тэрбээр Ерөнхий сайд болуутаа МАН-ын анхны фракцийн тэргүүн Ө. Энхтүвшинг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад санал болгов. Мөн Хөвсгөлийн нөхөн сонгуульд “уяснаар” Ө. Энхтүвшин УИХ-ын гишүүн болсон юм. М. Энхболд намынхаа дотоод эв нэгдлийг хангахаас ажлаа эхэлсэн бөгөөд ингэхийн тулд бүлэглэл ярьсан хүмүүсийг амыг албан тушаалаар таглахыг чухалчилсан гэхэд болно. Асуудал түүний тооцоолсноор хэсэгтээ л нам жим уур амьсгалд шилжсэн. Гэхдээ МАН дотор албан ёсоор нэршил аваагүй ч хэд хэдэн фракц алгуур бий болж эхэлсэн юм. М. Энхболд, Ж. Бадамжунай нарын тэргүүлдэг Хотын фракцаас гадна С. Баяр, Сү. Батболд нарын, У. Хүрэлсүхийн, Ө. Энхтүвшингийн зэрэг хэд хэдэн ашиг сонирхол өнөөдөр бодитой бий болчихсон байна. 2008 оны сонгуулийн дараа С. Баяр, Сү. Батболд нарын бүлэглэл төр засгийн эрх мэдэлд давамгайлж байсан бол У. Хүрэлсүхийнх нь нам дотроо илүү байр суурьтай байлаа. Харин одоо Хотын фракц энэ намыг бүхэлд нь атгаад байна. Энэ шинжээрээ АН-ын “Алтан гадас”-тай төстэй бөгөөд цаашид улстөрд сонирхолтой чимээ үүсгэж тун магадгүй.

МАХН

        МАХН бол  парламентад төлөөлөлтэй, Засгийн газарт суудалтай нам. Гэхдээ анх үүссэн цагаа бодвол бас л үл ойлголцолд аваад байгаа нь илэрхий байна. Үндсэндээ анхдагчид, эгэл жирийн гишүүд, намын эрх мэдэлтнүүд гэсэн гурван хэсэгт хуваагдаад байгаа бололтой. Д. Тэрбишдагва, Ц. Шийлэгдамба нарын дарга нарыг үзэл бодлоо хүчээр тулгаж, өөрсдийнхөө хүмүүсийг албан тушаалд шахаж байна гэж үзэж  анхдагчид буюу партизанууд нь буруушааж эхэлсэн бөгөөд энэ байр суурь нь явсаар байгаад  дарга нараа огцруулах тэмцэл болж өрнөөд байна. МАХН-ын дарга Н. Энхбаярын ар хударгаар дэгдэж буй энэ таагүй уур амьсгал, хуваагдал тус намд сайн зүйл авчрахгүй нь лавтай. Юутай ч “дарга нарын фракц” нь АН-тай тохироо хийснээр Засгийн газарт орж чадсан юм.

Д.Лхагвадорж

Эх сурвалж: www.aravt.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …