Сайд Н.Батбаярыг огцруулах гэсэн нь Засгийн газрын ажлыг хийлгэхгүй байх санаа гэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2013.12.18/ хуралдаж гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тус байнгын хорооны хуралдаанаар эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн дарга, хоёр гишүүнийг томилох асуудал хэлэлцэж уг асуудлыг гишүүдийн олонх дэмжив.

Дараа нь тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэв. УИХ дахь МАН-ын бүлгээс Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг үүрэгт ажлаас нь огцруулах санал, тогтоолын төслүүдийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн бөгөөд огцруулах үндэслэлд, Монгол Улсын зээлжих зэрэглэл буурч -В ангилал руу орсон, гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оныхоос 50 хувиар буурсан, ам.долларын ханш өссөнөөс бараа бүтээгдэхүүний үнэ өсч түүнийг дагаад иргэдийн амьжиргаа доройтсон, инфляцийг найман хувьд барих амлалт биелээгүй 12 хувьд хүрсэн, төсөл хөтөлбөрөө бэлэн болгоогүй байж гадаад зах зээлээс “Чингис бонд”-ыг босгосноор улсын өрийг нэмэгдүүлсэн гэж тодорхойлоод байгаа юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, өөрсдийн байр сууриа илэрхийлэв.

Буруу бодлогыг засахын тулд холбогдох хүмүүстэй хариуцлага тооцох талаар ярьж байгаа. Эдийн засгийн бодит байдал үнэхээр дор орчихоод байна. Бүх юм сайхан байна гээд байгаа нь бодит үнэнтэй нийцэхгүй байна. Өнөөдөр сайхан байна гэж байгаа ч ирээдүйгээ харах хэрэгтэй. Улс орныг дампууралд оруулахаас өмнө өөрсдөө огцорч байгаагаа зарлах хэрэгтэй гэсэн шүүмжлэлийг гишүүдийн зүгээс хэлж байлаа.

Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн асуусан асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хариулахдаа, “Чингис бонд”-ыг гадаад зах зээлээс хүү багатай босгосны хүчинд Монголын эдийн засгийг тэтгэж, өнгөрсөн зун, намар бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийсэн. Мөн бондын хүчинд иргэн бүр жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг авах боломж нээгдсэн. Төмөр зам барих бололцоо нээгдсэн. Төмөр зам баръя гэхэд хөрөнгөгүйгээс өмнөх жилүүдэд ажлыг эхлүүлж чаддаггүй байсан. Харин “Чингис бонд”-оос хөрөнгө хуваарилснаар далангийн ажлууд эхэлсэн. Эхэлж далан барьж байж, төмөр замаа барина, дараа нь дээгүүр галт тэрэг явна, түүгээр нүүрсээ тээвэрлэнэ” гэлээ.

Хуралд оролцсон Ардчилсан намын бүлгийн гишүүд ч мөн “Сайд Н.Батбаярыг огцруулах үндэслэлүүд бодитой биш. Ерөөс Засгийн газрын ажлыг хийлгэхгүй байх зорилгоор ийм улстөрийн шинжтэй акци үзүүлж байна” гэсэн юм.

Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа огцруулах асуудлыг дэмжих нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнгүй.

Хуралдааны удаах асуудал Хотыг дахин хөгжүүлэх тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудал байв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан танилцууллаа. Хуулийн төслийг боловсруулахдаа Үндсэн хууль, холбогдох бусад хуулиуд, ялангуяа барилгын болон хот байгуулалтын тухай хуультай нийцүүлсэн. Энэ хуулийн төсөл зөвхөн Улаанбаатар хотын асуудал бус аймгийн төвүүдийн асуудалтай холбоотой. Ашиглалтын шаардлага хангахгүй барилгын үзлэг хийхэд нийслэл дээр гарсан судалгаагаар шаардлага хангахгүй гэсэн 535 барилга гарсан . Үүнээс 210 нь 65 оноос хойш баригдсан, 6-7 баллд тэсвэртэй, цаашид ашиглагдах бололцоотой . Харин 50-60-аад онуудад баригдсан 325 барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй байна гэж үзэж байгаа. Үүнд орон сууцны барилгууд нэлээд бий. Сүүлийн үед тодорхой компаниуд тодорхой орон сууцанд амьдарч байгаа хүмүүстэй тохирооод тэдний амьдарч байгаа хуучин барилгыг буулган шинээр барьж байна. Гэхдээ энэ үйл ажиллагаанд эрх зүйн тодорхой орчин байхгүй байгаагаас тодорхой хэмжээний иргэдийн эрх зөрчигдөх явдал гарч байсан. Иймд энэ бүхнээс зайлсхийх ёстой гэж үзэж байгаа. Мөн шинээр барилгажуулахдаа хот төлөвлөлтийн норм, нормативыг барихгүй бусад байруудыг хаах, хуучин олгогдосон газраас илүү газар төлөвлөөд барилга барих асуудлууд гарч байгаа гэдгийг Ц.Баярсайхан сайд хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хуулийн төслийг дэмжиж байгааг хэлээд, энэ нь чухал хууль учир Ажлын хэсэг байгуулаад явах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийллээ. Мөн аймгийн төвүүдийг хот болгох тухай асуудлыг цаг алдалгүй оруулж ирэх нь чухал болохыг хэлсэн. Бүх аймгийн төвүүд сумын статустай явж байгаа. Хотын статусын асуудлаас болоод олон иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна. Иймд салбарын сайд энэ асуудлаар хуулийн төсөл санаачилж Улсын Их Хуралд өргөн барих нь зүйтэй гэв.

Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэлэхдээ, аймаг болгон мянган айлын орон сууц барина гэсэн хөтөлбөр дэвшүүлж байна. Гэхдээ эдгээр мянган айлын дор хаяж 50 хувийг амины орон сууцжуулж, хувийн өмчлөл бүхий хаус хорооллыг бий болгохыг дэмжсэн бодлого явуулахыг хүсч байна. Аймгуудад бол газар хангалттай байгаа. Сүүлийн үед иргэд бие даасан хараат бус хувийн орон сууцтай болохыг эрмэлздэг болсон. Иймд энэ асуудлыг яам бодлогоор дэмжих хэрэгтэй гэлээ.

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төслийг хэлэлцэхийг зуун хувь дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …