С.Баярмөнх: Жаахан л хичээвэл бид дэлхийд “Number one” байж чадна

Залуусыг байлдан дагуулж буй “No instrumental” шинэхэн цомгоо гаргаад удаагүй байгаа Royalbeat Crew” хамтлагийн ахлагч С.Баярмөнхтэй ярилцлаа.

-Шинэхэн цомгоо хүлээн авсан та бүхэнд баяр хүргэе. Анхны чинь цомог байх аа?

-Манай хамтлаг гурван жил хөдөлмөрлөсний эцэст “No instrumental” double CD-гээ гаргалаа. Шинэхэн цомог маань бусад цомгуудаас илүү өвөрмөц болсон байгаа. Юугаараа онцлог вэ гэвэл ямар ч хөгжимгүй CD гэж та бүхэн урьд өмнө нь сонсоогүй болов уу. Бүхий л уран бүтээлүүд хөгжим ая дантай байдаг шүү дээ. Харин манай цомог ямар ч хөгжимгүй гарснаараа онцлог. Мөн ямар ч урсгалд баригдаагүйгээрээ ихэд онцлог юм.

-Ямар ч урсгалд баригдаагүй гэдэг нь их сонирхолтой санагдаж байна шүү. Бусдыг дуурайгаагүй гэсэн үг үү?

-Ер нь битбоксыг Old school, New school гэж хоёр ангилдаг. New school битбокс нь ямар ч хэв маяг, элдэв урсгал хамаардаггүй. Old school битбоксын хувьд хип хоп жанр дээр хийгддэг. Аливаа нэгэн уран бүтээлч хип хоп аль эсвэл рок урсгалын цомог гаргадаг шүү дээ. Гэтэл манай цомогт бүх төрлийн битбокс багтсан нь сонирхолтой юм.

-Энэ төрлийн урлаг дэлхий дахинд нэлээд хүчээ авч байгаа. Харин та нарын хувьд хэр хэмжээнд яваа бол?

-Манайх шиг битбокс хамтлаг Францад түлхүү хөгжсөн байдаг. Манай орны залуучуудын дунд ч битбокс хамтлаг илүү хөгжсөн гэж боддог. Жаахан л хичээвэл дэлхийн аваргын тэмцээнд оролцож түрүүлэх боломжтой. Ерөнхийдөө Европ тивд битбокс түрүүлж хөгжсөн. Азиас Монгол, Япон, Сингапур, Зүүн өмнөд Азид дэлгэрч хөгжсөн байдаг. Америкт гэвэл Канадад сайн хөгжсөн байдаг.

-Шинэ цомогт чинь орсон зарим уран бүтээлүүдээсээ танилцуулаач. Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам, рэппер GEE нартай хамтарсан уран бүтээл гаргасан гэсэн?

-Дахин хэлэхэд ямар ч урсгалд баригдаагүй уран бүтээлүүд болсон. Double CD-ны маань эхэнд нь аудио цомог байгаа. Нэгээс ес хүртэлх уран бүтээлүүд маань ямар ч хөгжимгүй. Түүнээс хойших нь бонус тракандаа орж байгаа болохоор Үндэсний хөгжимтэй хольсон битбокс орсон. Хамтарч уран бүтээл хийсэн уран бүтээлчид гэвэл Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам ах маань манай хамтлагийг маш их дэмжиж хамтын уран бүтээл хийсэн. Дээрээс нь рэппер GEE, Жэнни, Мянгаа болон Хөсөгтөн хамтлагтай хамтарч уран бүтээл хийсэн.

 

-Цомог чинь битбоксын хичээлтэй гэж сонссон. Тэрхүү хичээлийг нь манай залуучууд шууд сурах боломжтой юу?

-Тэгэлгүй яахав. Double CD-ны маань DVD-нд нь битбоксын хичээл багтсан. Түүнчлэн манай хамтлагийн тоглолтын бичлэгүүд байгаа. Энэхүү хичээл нь зүгээр нэг хичээл биш юм. Яагаад гэвэл гадаадын сонирхогчдод хүргэх зорилгоор англи хэлээр дэд гарчгуудтай гаргасан. Мөн амны хөндийн байрлал хийгээд өгүүлэх эрхтэн хаана байж энэ элемент дуугарч байна вэ гэдгийг хөдөлгөөнт зургаар илэрхийлсэн. Бид нар яагаад хичээлтэй гаргасан бэ гэхээр маш олон ээж, аавууд хүүхдээ битбокс хийж сургая гэсэн саналуудыг бидэнд тавьдаг. Зарим нь бүр мөнгийг төлөөд ч гэсэн сургамаар байна гэдэг. Тэр утгаараа ээж, аавуудын хүслийг биелүүлж битбоксын хичээлийг цомогтоо багтаасан.

-Өмнө дурьдахдаа жаахан хичээвэл дэлхийн аварга болох боломжтой гэсэн. Ер нь оролцъё гэсэн бодол байгаа юу?

-Бидний хувьд яг таг шийдээгүй байна. Оролцох хүсэлтэй байгаа нь үнэн. Мэдээж хэрэг зардал мөнгөнөөс эхлээд маш олон саад бэрхшээлүүдийг давж байж дэлхийн аваргын тэмцээнд оролцоно шүү дээ. Гэхдээ бидэнд тусалж дэмждэг олон сайхан ах нар байдаг. Шинэ цомгийг маань “Рояаль” академийн захирал Н.Учрал ах спонсорлосон. Тэр утгаараа биднийг дэлхий аваргад оролцоход дэмжиж туслах хүмүүс байх болов уу.

-Монголын битбоксерууд аваргаа шалгаруулдаг уу. Танай хамтлаг оролцдог биз дээ?

-Манай хамтлаг оролцдоггүй зохион байгуулж байсан. Урьд өмнө нь Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн болон Улсын аварга шалгаруулах томоохон тэмцээнүүдийг зохион байгуулсан. Тэр утгаараа битбоксын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа гэж ойлгодог.

Мөн телевизээр битбоксын нэвтрүүлэг хийдэг байсан. Бидний хувьд ерөнхийдөө битбоксеруудыг цуглуулж, нэгтгэх тал дээр илүү анхаарч ажилладаг. Манай битбоксеруудын чадвар үнэхээр мундаг шүү. Өөрийгөө илэрхийлээгүй олон битбоксерууд гэртээ байгаа. Бид бүх зүйлээ золиослоод энэ урлагт зүтгэж байна даа.

-Танай хамтлаг Монгол битбоксеруудын дунд нэлээн дээгүүрт ордог байх тийм үү?

-Гарцаагүй “Number one” гэж хэлмээр байна. Жаахан л хичээвэл бид дэлхийд ч “Number one” байж чадна.

-Чи бид хоёр шинэ жилийн босгон дээр ярилцаж байгаа учраас нэг зүйлийг асуумаар санагдчихлаа. Нууц биш бол байгууллагуудын баярт ямар үнэ ханшаар уригдаж байна вэ?

-Бид нэг их өндөр үнэ хэлээд байдаггүй. Гэхдээ өөрсдийгөө тийм доогуур үнэлэхгүй нь мэдээж. Үнэнээ хэлэхэд албан байгууллагуудын шинэ жилд сая төгрөгөөр уран бүтээлээ хүргэж байгаа. Харин оюутан, залуучууддаа тал үнээр нь уран бүтээлээ хүргэе гэж боддог юм. Хэтэрхий өндөр биш, хэтэрхий хямдхан биш байхыг хичээдэг.

-Хэзээ болтол битбокс хийх бол?

-Бараг үхэн үхтлээ битбоксоо хийнэ гэж боддог. Амьдралаа ч зохицуулаад дээрээс нь битбоксоо хаяхгүй явна гэсэн зорилготой. Тун удахгүй хамтлагтаа нэг гишүүн нэмж авах бодолтой байгаа.

-Шинэ цомгийнхоо болон битбоксын талаар сонирхолтой ярилцлага өгсөн чамд баярлалаа. Цаашдын уран бүтээлд чинь өндөр амжилт хүсье.

-Баярлалаа.

А.Төмөрсүх

WWW.ZONE.MN

 

 

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …