УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж /2026.10.12/ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ)-ын төлөөлөгч, БХАТИХ-ын Үндсэн хууль, хууль зүйн хорооны орон тооны гишүүн Ли Юйпин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад өндөр ач холбогдол өгч, өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн БХАТИХ-ын төлөөлөгчдөд талархал илэрхийлээд дэлхийн улс орнуудын парламентын хамтын ажиллагаанд шинэ түншлэлийг бий болгоход энэхүү чуулга уулзалт чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

Тэрбээр, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. Монгол-Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг дурдаад, хоёр талын парламент уламжлалт, найрсаг сайхан харилцаатай төдийгүй харилцан айлчлал, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг онцлон тэмдэглэлээ.

photo_2026-10-12_18-18-56.jpg

Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж үргэлжлүүлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлснээр энэ удаагийн парламентад анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдсон.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд улс төрийн намууд нийт нэр дэвшигчдийн 30 хувьд эмэгтэйчүүдийн нэрийг дэвшүүлсэн бол, 2028 онд энэ үзүүлэлтийг 40 хувьд хүргэнэ. Парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдэхийн хэрээр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эдийн засгийн чадавхыг сайжруулах, нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх зэрэг олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хуулийг хэлэлцэн баталж байна гэлээ.

photo_2026-10-12_18-18-56 (3).jpg

БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ)-ын төлөөлөгч, БХАТИХ-ын Үндсэн хууль, хууль зүйн хорооны орон тооны гишүүн Ли Юйпин Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж буйд баяр хүргээд Ерөнхийлөгч нарын харилцан айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлов.

photo_2026-10-12_18-18-55 (2).jpg

Тэрбээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжиж, улс төрийн харилцан ойлголцол, итгэлцэл улам бэхжиж байгааг тэмдэглээд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтаар хэлэлцэн тохирсон ажлуудыг бодит үр дүнд хүргэхийн төлөө ажиллахаа илэрхийлсэн юм.

photo_2026-10-12_18-18-56 (4).jpg

Талууд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд хоёр талын мэргэжлийн Байнгын хороод, парламентын найрамдлын бүлгүүд болон Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох уулзалт, арга хэмжээг эрчимжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn

Санал болгох мэдээ

МАЛЫН ОРГАНИК ТЭЖЭЭЛИЙН “МИМО” ҮЙЛДВЭР ХҮЧИН ЧАДЛАА 10 ДАХИН НЭМЭГДҮҮЛЖЭЭ

Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд ажиллах үеэрээ Монголын анхны органик тэжээлийн үйлдвэртэй танилцлаа. …