Батж. Батбаярынхан томоохон тендерүүдэд амташжээ

971377_465116446930588_633259401_nлогоУлсын төсвөөс зарлаж буй аливаа нэгэн тендерт бүхий л компаниуд оролцох гэж танил талаа харан ба­гагүй мөнгө хаяж өөрсдийн бол­гож авдаг жамтай.

Учир нь улсаас зарлаж буй тен­дерийн хөрөнгийн асуу­дал найдвартай шийдэгд­дэг уч­раас ийнхүү тэд үхэн ха­тан зүтгэдэг байна. Гэхдээ үүнийг хэн нэгэн дуртай компани нь авна гэвэл ёстой л “Горьд чи” хэмээн өөдөөс нь нулимах шахуу юм болох нь энүүхэд.

Харин улсаас зарлаж буй тендер болгоныг шууд л ногоон гэрлээр авдаг нэг компани байх юм.

Энэ нь бидний сайн мэдэх өнөөх л УИХ-ын гишүүн асан Батж. Батбаяр хэмээх эрхмийн хүүхдүүдийн “Хөх монголын тэнгэр” хэмээх сүржин нэртэй барилгын компани. Хамгийн хачирхалтай яагаад эл эрхмийн хүүхдүүдийн компани улсаас зарласан тендер бүрт ялалт байгуулаад байна вэ гэдэг нь хэн хүний анхаарлыг татаж байна.

 Өнөөдөр манай улсад чанартай барилга барьж гүйцэтгэдэг барилгын топ гэгдэх нэлээд хэдэн компани бий. Тэд ч “Эзэнтэй тендерт бид орж юу гэж цагаа гарздах вэ дээ” гэж хэлж байсан юм. Үнэхээр улсаас зарлаж буй тендер хууль дүрмийнхээ дагуу зарлагддаг уу гэвэл үгүй бололтой.

Тухайлбал 2011 онд улсын төсөвт өртөгөөр зарласан БХЯ-ны цэргийн музейн хашаанд байрлах 230 айлын, арван давхар гурван орон сууц барих тендерийг дээрх компани авч ихээхэн хэл ам дагуулж байсныг хүн болгон мэдэж байгаа. Түүнчлэн тус компанийг Сангийн яамныхан хүртэл “Улсын ажлыг цалгардуулдаг найд­варгүй компанид дахиад олон тэрбум төгрөг өгөхгүй” гэж тухайн үед цааргалж байсан юм билээ.

“Хөх Монгол Тэнгэр” компани дээрх барилгаа дөнгөж 60 хувийн гүйцэт­гэлтэйгээр орхин, дахин нэг тендерт ялжээ. Тодруулбал ГХЯ-ны хашаан дотор байрлах Ёслол хүндэтгэлийн өргөө”-ний барилгын ажлыг гүйцэтгэх болсонд зарим нэг барилгын компанийн захирлууд тендерийг ямар зарчмаар, ямар шалгуураар авсныг нь ихээхэн сонирхож байгаа юм.

Харин зарим нэг эх сурвалжууд тус яамныхан Ёслол хүндэтгэлийн өргөө барина гэж байгаа боловч барилгын зарим хэсгийг нь өөр зориулалтаар ашиглах гэж байгаа. Түүнчлэн эл барилгын тендер нээлттэй зарлагдсан гэж ярьдаг ч ихээхэн нууцлаг явагдсан гэдгийг ч хэлж байсан юм.

Бид энэ тухай асуудлыг нягтлахаар ГХЯ-ны дип­ломат байгууллагын үйл­чилгээ эрхлэх газрын дэд захирал Д.Цэен-Ойдовоос асуухад “ Улсын төсвийн хөрөнгө орлогоор санхүүжиж байгаа Ёслол хүндэтгэлийн өргөө болох есөн давхар өргөт­гөлийн барилгын тен­дерт “Хө Мо Тэ” гэх ком­пани шалгарч барилгын аж­лыг гүйцэтгэх болсон. Хамгийн гол нь манайхаас барилгын тендерийг зарладаггүй юм. Бид зөвхөн гүйцэтгэгч талынхаа ажилд хяналт тавьдаг. Харин тендерийг манай яамны Төрийн захиргаа удирдлагын хэлтэсээс /ТЗУХ/ зарладаг. Тиймээс дээрх компани ямар шалгуураар эл тендерийг авсныг нь бид тодорхой хэлж мэдэхгүй л дээ. Ямартай ч тендер нээлттэй зарлагдсан. Нийт төсөвт өртөг нь 4.2 тэрбум төгрөг. Үүнээс одоогийн байдлаар “Хө Мо Тэ” компанид 1.6 тэрбум төг­рөгийн санхүүжилт өгсөн учраас бид барилгын гүй­цэтгэлийн ажил дээр хяналт тавьж байгаад саяхнаас ба­рилгын ажил зогсоод байна.

Хэдийгээр энэ Ёслол хүндэт­гэлийн өргөөний ба­рилгын ажлыг Батж. Батбаярын хүүхдийн ком­пани авсан гэж яригдаж байгаа ч хууль бусаар авах боломжгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Учир нь улсын төсвийн хөрөнгөөр зарлагдсан тендерт хэн нэгэн эрх мэдэлтэн нөлөөлнө гэж байхгүй л дээ. Тэгээд ч та бүхэн ТЗУХ дээр очиж тендерийг ямар шалгуураар явуулсныг нь асууж болох байх” гэв.

Ямартай ч албаны хүн бүх зүйл хууль ёсны дагуу хийгдсэн гэж ярьж байгаа боловч БХЯ-ны 230 айлын орон сууцны барилгын ажил дуусаагүй байхад ГХЯ-ны есөн давхар барилгын өргөтгөлийн ажлыг ийнхүү авсан нь хар дагуулахаас ч өөр аргагүй юм. Учир нь дээрх барилгын ажлыг тус компани гүйцэтгэж дуусаагүй хэрнээ дахин ГХЯ-наас зарлсан 4.2 тэрбум төгрөгийн тендерт ялсан нь ийнхүү асуудал дагуулсан хэрэг. Товчхондоо Батж.Батбаярын ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгч гэх албан тушаал дээрх тендерийг авахад нөлөөлөв үү гэх хардлага ч бий болж байгаа юм. Түүний энэхүү албан тушаалыг Гадаад харилцаа, дипломат ажлын туршлага энэ тэрийг нь харгалзан байж өгдөг гэнэ.

Гэтэл эл цолыг ямар ч туршлагагүй нэгэнд өгсөнд тус яамныхан ихээхэн дургуйцэж өөрсдийн санал бодлоо хэлэхийг хүссэн ч ажилтайгаа үлдэхийн тулд аргагүй эрхэнд амаа жимийж өөр хоорондоо шивэр авир хийгээд өнгөрдөг тухай ч яамныхан ярьж байв.

“Ямартай ч ГХЯ-ны Ёслол хүндэтгэлийн өргөө ирэх оны долоодугаар сард ашиглалтад орох ёстой, ихээхэн хөрөнгө мөнгөөр босч буй эл барилга БХЯ-ны 230 айлын орон сууц шиг замхарчихвий” хэмээж байсан юм. Товчхондоо Батж. Батбаярынхан томоохон тендерүүдэд амташжээ.

Р.Саруул

Санал болгох мэдээ

Парламентын хяналт, шалгалтын хүчтэй тогтолцоо бүрдсэнийг УИХ-ын дарга онцолж байна

УИХ-ын 8 дахь удаагийн намрын “отгон” чуулган өндөрлөлөө. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад 6 …