Өмнөх нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу…
2025 онд 15 жилийн түүхэн ойгоо тэмдэглэсэн Эрдэсэн Тавантолгой ХК 2010 онд уул уурхайн анхны шангаа татаж байсан бол 15 жилийн дараа төрийн өмчит Монголын томоохон уул уурхайн нэг болж өргөжин тэлж, дангаар 2025 оны байдлаар Улсын төсвийн 13 орчим хувийг бүрдүүлэгч, 3,4 сая хувьцаа эзэмшигчтэй, 1900 орчим үндсэн ажилтныг тогтвортой, өндөр бүтээмжтэй ажлын байраар хангаж байгаа бол 13000 орчим гэрээт, туслан гүйцэтгэгч компанийн ажилтнуудаас бүрдсэн, Үндэсний тэргүүлэгч компани болж өргөжин тэлжээ.
ЭТТ ХК-ийн уул уурхайн үйлдвэрлэл нь зөвхөн лицензийн талбай дотор бус, ханган нийлүүлэлт, барилга угсралт, тээвэр логистик, үйлчилгээний салбарт олон шатлалт ажлын байр бий болгодог байна.
Үүн дээр нэмэгдээд уурхайгаас Цагаанхад суурьшлын бүс, Гашуунсухайт болон Ганцмод боомт чиглэлд нүүрс тээвэрлэдэг урт болон богино эргэлтийн 10,000 гаруй хүнд даацын автомашины жолооч, тэдгээрийн ард ажилладаг авто засвар, дугуй засвар, шатахуун түгээх станц, кемпийн ажилтнуудыг тооцвол ЭТТ-ийн үйл ажиллагааг түшиглэн нийт 20,000 гаруй иргэн шууд болон шууд бусаар ажил эрхэлж, амьжиргаагаа залгуулж байна.
Орон нутгийн ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тус компани байнга анхаарч,ажиллаж ирсэн бөгөөд нийт ажиллагсдынхаа 25-30 хувийг Өмнөговь аймаг болон говийн бүсийн иргэдээс бүрдүүлэн авч байгааг онцлон дурьдах нь зөв биз.
Салбарын дундаж цалин хөлс улсын дунджаас 2-2.5 дахин өндөр түвшинд хадгалагдаж буй бөгөөд орон нутгийн иргэд тогтмол цалин, үр дүнгийн шагнал урамшуулал авах нь орон нутгийн жижиглэн худалдаа, барилга, хувийн үйлчилгээний салбарын мөнгөн эргэлтийг дэмжигч гол хөшүүрэг болж иржээ.
Олон улсын зах зээл дэх хөрөнгө оруулалтын орчин, худалдааны бодлого нь байгаль орчинд ээлтэй, нийгэмд хариуцлагатай, засаглалын хувьд ил тод (ESG) шалгуурыг хангасан байгууллагуудад давуу эрх олгох зарчим руу бүрэн шилжиж байна. Энэ хүрээнд Эрдэнэс Тавантолгой ХК хүрээлэн буй орчны нөлөөллийг бууруулах, хүний капиталд хөрөнгө оруулах, компанийн засаглалыг сайжруулахад чиглэсэн хэд хэдэн томоохон төслийг амжилттай хэрэгжүүлжээ.
Байгаль орчин: Говийн усны хомсдол ба ногоон бүсийн сорилт
Уул уурхайн үйл ажиллагаа, тээвэрлэлтээс үүдэлтэй тоосжилт, хөрсний эвдрэл, усны зарцуулалт нь Өмнөговь аймгийн хэмжээнд хамгийн хурцаар хөндөгддөг асуудал юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК хамгийн өндөр буюу 180 сая мод тарьж ургуулах амлалт авсан. Энэ хүрээнд тус компани “Сая тонн – Сая мод” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 100 га талбайд 80 мянган заг, Өмнөговь аймгийн Номгон, Цогт-Овоо сумдад 70 га талбайд 56 мянган заг, Улаанбаатар хот орчмын Богдхан уулын дархан цаазат газарт 35 га талбайд 46 мянган мод тус тус тарьсан байна.
Говь нутагт мод тарих явцад гарч буй хамгийн том эрсдэл бол усны эх үүсвэр юм. Хэрэв сая сая модыг услахад гүний цэнгэг усыг их хэмжээгээр ашиглавал бүс нутгийн ундны усны түвшин доошлох эрсдэл үүсдэг. Иймээс компанийн хувьд гадаргын үерийн усыг хуримтлуулах, дуслын усалгааны технологийг өргөжүүлэх, говийн унаган ургамал болох загийг хамгаалах чиглэлд технологийн шинэчлэл хийж байгаа аж.
Нийгэм: Орон нутгийн дэд бүтэц ба боловсролын хөтөлбөр
Эрдэнэс Тавантолгой компанийн зүгээс нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, орон нутгийн нийгмийн хамгаалал, хүний капиталыг чадавхжуулах чиглэлээр 2013 оноос эхлэн 2024 он хүртэл орон нутгийн оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлж иржээ. Энэ хугацаанд уул уурхайн ашиглалтын технологи, геологи, гидрогеологи, уул уурхайн эдийн засаг зэрэг нэн тэргүүний шаардлагатай мэргэжлээр суралцаж буй нийт 644 оюутанд 854 сая төгрөгийн тэтгэлэг олгожээ.
Тэтгэлэгт хамрагдагсдын дийлэнх нь Өмнөговь аймгийн харьяат залуус бөгөөд сургуулиа төгсөөд ЭТТ компанийн уурхайд мэргэжлээрээ ажиллах хүний нөөцийн тогтолцоо бүрдсэн байна. Үүнээс гадна Цогтцэций сумын “Шинэ суурьшлын бүс”-д сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, уурхайчдын орон сууцны хотхон байгуулах дэд бүтцийн зураг төсөл, газар зохион байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж иржээ.
Ноогдол ашиг хувиарлалт ба өв залгамжлагчидад шилжүүлэх
Эрдэнэс Тавантолгой ХК нь 1072 хувьцааны ноогдол ашгийг Монгол Улсын нийт иргэд болох 3,4 сая хүнд жил хувиарлаж, дансанд нь мөнгөн хэлбэрээр шилжүүлж ирсэн бол Монгол Улсын Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний хуралдаанаар холбогдох тогтоолыг баталж, 2026 оны зургадугаар сарын 1-нээс нас барсан иргэдийн хувьцаа болон түүнд хуваарилагдсан ногдол ашгийг хууль ёсны өв залгамжлагчдад шилжүүлэх боломжийг нээсэн.
Үүнтэй холбогдуулан Засгийн газраас 1072 хувьцаа ээмшиж байгаад 2011 оны гуравдугаар сарын 31-нээс хойш нас барсан иргэдийн хувьцааг талийгаачийн хууль ёсны өв залгамжлагч болох эхнэр, нөхөр, үр хүүхэд, ах дүүст нь Иргэний хуулийн дагуу өвлүүлэн шилжүүлэх ажлыг 2026 оны зургадугаар сарын 1-нээс 2027 оны зургадугаар сарын 1 хүртэл хэрэгжүүлэхээр зарласан нь олны талархалыг хүлээсэн ажил болсон. ЭТТ компанийн зүгээс дээрх 1072 хувьцааны өвийг шилжүүлэх ажлыг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтарсан өдөрлөг арга хэмжээг Улаанбаатар хотод болон Орон нутагт уда адараа явуулж, хэвлэл мэдээлийн хэрэгслээр 1072 хувьцааны өвийг залгамжлах тухай мэдээллийг олон давтамжтайгаар хүргэж ирсэн байдаг.
1072 хувьцааны ногдол ашиг: Иргэдэд хүртээхээс өв залгамжлагчдад шилжүүлэх хүртэл
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа нь Монгол Улсын иргэдэд байгалийн баялгийн өгөөжийг хүртээх зорилготой, нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий өмчийн хэлбэр юм. Тус компани ашигтай ажилласан жилүүдэд хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг хуваарилж, хуульд заасан татвар болон бусад суутгалыг тооцсоны дараах мөнгөн дүнг иргэдийн дансанд шилжүүлж ирсэн нь байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд хүртээх бодит механизм болж байна.
Гэвч хувьцаа эзэмшигч иргэн нас барсан тохиолдолд түүний эзэмшиж байсан хувьцаа болон түүнд ногдох ногдол ашгийг хэрхэн өвлүүлэх вэ гэдэг асуудал олон жилийн турш иргэдийн анхаарлын төвд байсаар ирсэн. Иргэн нас барсан ч түүний өмчлөх эрх, түүнээс үүдэлтэй эд хөрөнгийн эрх хуульд заасан журмын дагуу өвлөгдөх учиртай. Тиймээс 1072 хувьцаа болон түүнд хуваарилагдсан ногдол ашгийг хууль ёсны өв залгамжлагчдад шилжүүлэх зохицуулалт бий болсон нь иргэдийн өмчлөх эрхийг хамгаалах, байгалийн баялгийн өгөөжийг шударгаар хүртээх чиглэлд чухал алхам болсон.
Өв залгамжлуулах ажлыг эхлүүлсэн нь чухал шийдвэр байв
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний хуралдаанаар холбогдох шийдвэрийг баталж, 2026 оны зургадугаар сарын 1-нээс нас барсан иргэдийн эзэмшиж байсан хувьцаа болон түүнд хуваарилагдсан ногдол ашгийг хууль ёсны өв залгамжлагчдад шилжүүлэх боломжийг нээсэн. Уг ажлыг 2027 оны зургадугаар сарын 1 хүртэл хэрэгжүүлэхээр зарласан нь олон жил хүлээгдсэн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн алхам болсон юм.
Энэхүү зохицуулалтад 1072 хувьцаа эзэмшиж байгаад 2011 оны гуравдугаар сарын 31-нээс хойш нас барсан иргэд хамаарах бөгөөд тэдний хувьцаа, түүнд ногдох ногдол ашгийг Иргэний хуульд заасан журмын дагуу хууль ёсны өв залгамжлагчдад шилжүүлэхээр болсон. Ингэснээр талийгаачийн өмчийн эрхийг баталгаажуулахын зэрэгцээ гэр бүлийнхэнд нь тухайн хөрөнгийн үр өгөөжийг хүртэх боломж бүрдэж байна. Иргэн та доорх зурагт үзүүлсэн дарааллын дагуу 1072 хувьцааны өв залгамжлах эрхээ шилжүүлэн авах боломжтой.
Энэ бол зөвхөн хувьцаа, мөнгө шилжүүлэх техникийн ажиллагаа биш. Харин иргэний өмчлөх эрхийг хүндэтгэх, өв залгамжлалын харилцааг хуульд нийцүүлэн шийдвэрлэх, төрийн өмчит компанийн үйл ажиллагааны үр өгөөжийг иргэдэд хүртээх бодлогын нэг хэсэг юм.
Иргэдэд мэдээлэл хүргэх, үйлчилгээ үзүүлэх ажлыг эрчимжүүлжээ
Өв залгамжлуулах шийдвэрийг бодит ажил хэрэг болгоход иргэдэд зөв мэдээлэл хүргэх, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхэд нь туслах, холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах нь чухал.
Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК холбогдох байгууллагуудтай хамтран Улаанбаатар хот болон орон нутагт удаа дараа өдөрлөг, мэдээлэл, зөвлөгөө өгөх арга хэмжээ зохион байгуулж, 1072 хувьцааны өв залгамжлалтай холбоотой мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэж ажиллаж иржээ.
Иргэдэд өв залгамжлах эрхээ хэрхэн баталгаажуулах, ямар материал бүрдүүлэх, хаана хандах, хувьцаа болон ногдол ашгаа хэрхэн шилжүүлэн авах талаар ойлгомжтой мэдээлэл хүргэх нь энэ ажлын чухал хэсэг юм. Учир нь өв залгамжлагч бүрийн нөхцөл байдал харилцан адилгүй. Зарим тохиолдолд нас барсны бүртгэл, төрөл садны холбоо, өвлөх эрхийн гэрчилгээ, үнэт цаасны дансны мэдээллийг тодруулах шаардлага үүсэж болно.
Иймд компанийн зүгээс зөвхөн шийдвэрийн талаар мэдээлэхээс гадна иргэдэд тулгарч буй хүндрэл, асуултад хариулж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд анхаарах нь зүйтэй. Ялангуяа орон нутагт амьдардаг, цахим үйлчилгээ ашиглах боломж хязгаарлагдмал иргэдэд биечлэн зөвлөгөө өгөх, шаардлагатай байгууллагуудын үйлчилгээг ойртуулах нь чухал ач холбогдолтой.
Ц.Мөнх
Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл







