“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нь арьс шир, ноос, ноолуур, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, мах боловсруулах үйлдвэр болон хүнсний агуулах гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нийт 539 га талбайг хамарна. Тус парк нь жилд 7.5 сая ширхэг арьс шир, 25.5 мянган тонн мах, 3.0 мянган тонн ноолуур, 5.8 мянган тонн ноос болон бусад түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн Ерөнхий инженер Т.Батдондог: “Одоогийн байдлаар паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох 24 МВт-ын дулааны цахилгаан станцын зуух, турбин генераторын барилга, оффисын барилга болон яндангийн суурийн барилга угсралтын ажил үргэлжилж байна. Дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын хүрээнд зуух, турбины туслах тоноглолын аяган суурийн эхний үеийн бетон цутгалт, аяган суурийн хэв хашмал угсралт, босоо баганан суурийн арматур угсралт, зуухны яндангийн суурийн арматур угсралт болон оффисын барилгын суурийн хөрс нягтруулалтын ажлыг гүйцэтгэж байна. 2026 оны аравдугаар сарын эцэс гэхэд барилга байгууламжуудын суурийн ажлыг бүрэн дуусгаж, бетон цутгалтын ажлыг дуусгахаар төлөвлөсөн. Төслийн хүрээнд Эрчим хүчний үндэсний төв болон паркийн инженер техникийн албаны ажилтнууд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж байна” гэв.


Аж үйлдвэрийн паркийн нутаг дэвсгэрт хамгаалалтын бүсийн хашаа барих, бизнес инкубатор болон сургалтын төв байгуулж, үйлдвэрлэл эрхлэгчдийг хүлээн авах суурь нөхцөлийг бүрдүүлжээ. Үйлдвэрлэлийн нэгжүүдийг үе шаттайгаар паркийн талбайд төвлөрүүлэхийн зэрэгцээ цахилгаан, ус хангамж, цэвэрлэх байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээ зэрэг үндсэн дэд бүтцийг цогцоор нь шийдвэрлэх юм.



“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нь үндсэн хоёр зорилгыг хэрэгжүүлэх төсөл юм. Нэгдүгээрт: Арьс шир, дайвар бүтээгдэхүүнийг хаягдалгүй боловсруулж, түүхий эдийн ашиглалтыг нэмэгдүүлнэ. Ингэснээр хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдэд суурилсан кластер үйлдвэрлэлийг нэг дор цогцоор нь хөгжүүлэх боломж бүрдэнэ. Хоёрдугаарт: Улаанбаатар хотын суурьшлын бүс буюу Хан-Уул дүүргийн 20 дугаар хороон дахь арьс ширний үйлдвэрүүдийг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн талбайд нүүлгэн шилжүүлснээр үйлдвэрлэлийг төвлөрүүлж, малын гаралтай түүхий эдийг бүрэн ашиглах нөхцөл бүрдэх юм.


Төсөл бүрэн хэрэгжсэнээр 5,600 гаруй тогтвортой ажлын байр бий болж, оруулсан хөрөнгө оруулалтыг 6–7 жилийн хугацаанд нөхөхөөр тооцоолжээ.



Эх сурвалж: ulaanbaatar.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл