Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Амарсайханыг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Түүнийг чухам ямар хэрэгт холбогдуулан хорьсон нь нууц. Тиймээс зарим нэг эх сурвалжууд түүний хийсэн хэргийг ингэж нууцалж байгаа нь хэн нэгэн эрх мэдэлтэн албан тушаалтны өмнөөс ял үүрүүлэх гэж байна хэмээж байсан юм. Харин бидний олсон мэдээллээр бол тэрбээр татварт орох ёстой байсан ихээхэн хэмжээний мөнгийг хувьдаа завшиж байсныг нь аудитынхан шалгалтаараа илрүүлсэн байдаг юм.
Тодруулбал “Петрочайна Дачин тамсаг” гэх БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани Монгол Улстай 1993 онд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан байдаг.
Эл гэрээний дагуу хөрөнгө оруулагч тал орлогын 76 хувийг, харин Монгол Улсад үлдсэн 24 хувь нь оногдохоор тусгагдсан аж. Гэтэл Манай улсад ногдох ёстой татварын орлогын 24 хувийг нь Д.Амарсайхан тэргүүтэй хэд хэдэн албан тушаалтнууд хувьдаа завшсаныг нь дээрх аудитын шалгалтын баг илрүүлсэн байдаг юм.
Тухайлбал тус байгууллагад “Петрочайна Дачин тамсаг” компаниас өгсөн мэдээ, Газрын тосны газраас ирүүлсэн дүн хоёрын дунд 417.026 баррель буюу 40.522.976 сая ам.долларын зөрүү гарсан байна. Уг асуудлыг шалгаад үзэхэд Газрын тосны газрын албан тушаалтнууд, газрын тосны орлогоос орох нэг хувийг өөрсдөдөө гадаадад данс нээж шилжүүлдэг байсан гэсэн үг.
Өөрөөр хэлбэл “Пейтрочайна Дачин тамсаг” компаниас Хонконг дахь Шанхай банкны “SunWang” гэх компанийн нэр дээр хувьцааны ашиг хэмээн их хэмжээний ам.доллар шилжүүлжээ. 2011 оны эхний найман сарын байдлаар л гэхэд “SunWang” компанийн нэр дээр 1.5 сая ам.доллар шилжүүлсэн байна.
Ийнхүү “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу “Пейтрочайна Дачин тамсаг” компанийн олборлосон газрын тосны борлуулалтын орлогоос Монгол Улсын Засгийн газарт ногддог 24 хувиас нэг хувь нь автоматаар Хонконг руу явдаг байсан нь тогтоогджээ. Товчхондоо тэд Хонконгд нээсэн данс байж болзошгүй гэж тухайн үед зарим нэг албаны эх сурвалжууд мэдээлж байсан юм.
Дээрх мэдээллүүдийн үнэн зөвийг шалгахаар хуулийн байгууллагынхан өнгөрсөн зургаадугаар сард Д.Амарсайханыг дуудан шалгах гэтэл тэрбээр гадаад руу гарч эрэн сурвалжлагдахад хүрч байсан юм. Гэхдээ одоо тэр цагдан хоригдлоо чухам ямар хэргээр түүнийг барьж хорьсон нь одоохондоо нууц хэвээр байгаа нь олны сонирхолыг улам их татах боллоо.
Р.Төгс