Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.11.05) нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 68 гишүүн хүрэлцэн ирснээр 54 хувийн ирцтэйгээр 10.00 цагт эхэллээ. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар таван асуудал хэлэлцэхээр Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт танилцуулав.

Нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт энэ оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан, П.Ганзориг, О.Саранчулуун, Б.Хэрлэн нарын өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төслийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд хуваарилсан талаар мэдээллээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсэгт “Нийтийн өргөдлийг дэмжсэн иргэдийн санал энэ хуулийн 95.2-т заасан тоонд хүрмэгц Улсын Их Хурлын дарга саналыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр холбогдох Байнгын хороонд ажлын 5 өдрийн дотор хуваарилж, нэгдсэн хуралдаанд танилцуулна” хэмээн заасан байдаг. Энэ дагуу иргэн Х.Оюунбилэгийн нийтийн ашиг сонирхлыг хөндсөн “Оюу толгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрд 857000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх хуулийн төсөл санаачлах тухай” өргөдлийг 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр санаачилжээ. Уг өргөдлийг 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын 18 насанд хүрсэн 100094 иргэн дэмжсэн тул нийтийн өргөдөлд дурдагдсан асуудлыг шийдвэрүүлэхээр Эдийн засгийн болон Өргөдлийн байнгын хороо, шаардлагатай бол бусад Байнгын хороодод хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын дарга хуваарилж, нэгдсэн хуралдаанд танилцуулав.
“Оюу толгой” төслийн ногдол ашгийг иргэдийн хувь дансанд шилжүүлэх нийтийн өргөдлийг 100 мянга гаруй иргэн дэмжсэн байгаа нь тэр тооны хүний дуу хоолой, хүсэл, хүлээлт гэдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглэн хэлсэн. “Үүнийг ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурал анхааралтай сонсож, хуулийн дагуу хэлэлцэж, хариуцлагатай шийдвэр гаргах ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүйн үеийн иргэдэдээ тэгш, шударга хүртээх зарчмыг маш тодорхой заасан байдаг. Байгалийн баялгийн эзэн нь ард түмэн юм бол өгөөжийн эзэн нь ч бас ард түмэн байх ёстой. Гэхдээ байгалийн баялгийнхаа өгөөжийг хэрхэн хүртээх вэ гэдэг дээр сэтгэлийн хөөрлөөр биш, нарийн тооцоо судалгаатай, хариуцлагатай хандах ёстой. Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ 2009 онд батлагдсан. Үүнээс хойш үе үеийн Улсын Их Хурал, Засгийн газар үр өгөөжийг Монголын ард түмэнд хүртээх, Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон шийдвэр, тогтоол гаргаж ирсэн. Ийн 17 жилийн дараа бид анх удаа ногдол ашиг авахаар болж байгаа. Өмнө нь 2037 оноос авах ёстой байсан ногдол ашгийг 10 жилээр наашлуулж, 2027 оноос авах нөхцөл, боломжийг бүрдүүлж, энэ шийдвэрийг гаргахад гол үүрэг гүйцэтгэсэн Засгийн газарт талархлаа илэрхийлье. Үүнд Улсын Их Хурал, Засгийн газар, ард түмэн нэг талдаа байж, шийдвэрлэх нөлөө үзүүлсэн” хэмээлээ.

Цаашид хоёр асуудалд анхаарах шаардлагатайг С.Бямбацогт дарга тэмдэглэж байлаа. Нэн тэргүүнд ногдол ашгийн талаарх асуудлыг албан ёсны гэрээ болгож, Засгийн газар яаралтай албажуулж оруулж ирэх ёстой бөгөөд үүнд Засгийн газар онцгой анхаарахыг санууллаа. Холбогдох нийтийн өргөдлийг 100 мянга гаруй иргэн дэмжсэн тул хуулийн дагуу үүнийг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх үүрэгтэй. Үүн дээр Улсын Их Хурал, холбогдох Байнгын хороод анхаарч ажиллах шаардлагатайг тэмдэглэв. Иргэдэд, эдийн засагт ээлтэй, хамгийн үр өгөөжтэй, оновчтой, зөв шийдвэр гаргахад анхаарч Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороод ажлын хэсгээ байгуулж, холбогдох шийдвэрийн төслийг яаралтай боловсруулж, өргөн мэдүүлэх нь зүйтэй хэмээсэн. “Нухацтай, тооцоо судалгаатай, хариуцлагатай хандах ёстой, 100 гаруй мянган иргэний хүсэлт, хүлээлтийг бид шийдвэрлэх ёстой. Энэ тал дээр Эдийн засгийн байнгын хороо, холбогдох Байнгын хороод хариуцлагатай хандаж, холбогдох асуудлыг шуурхай боловсруулан, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхийг чиглэл болгож байна” гэлээ.
Дараа нь Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлын дарааллыг өөрчлөх горимын саналыг хуульд заасны дагуу өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэлээ тодорхой бичиж Улсын Их Хурлын даргад ирүүлсний С.Бямбацогт дарга уншиж танилцуулаад, холбогдох санал хураалтыг явуулав. Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжснээр энэ өдрийн нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын гуравдугаарт бичигдсэн байсан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан нарын 13 гишүүн 2026.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хоёрдугаарт хэлэлцэхээр боллоо.

Эхлээд Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайханы 2026 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулав.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан танилцууллаа. Монгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах Үндсэн хуулиар баталгаажсан эрхтэй. Энэ эрхийн бодит хэрэгжилтийг өдөр тутам хангаж буй үндсэн хүчин зүйл нь эрүүл мэндийн ажилтан гэлээ. Тэд аюулгүй орчинд, зохистой ачаалалтай ажиллах, мэдлэг, ур чадвараа тогтмол дээшлүүлэх, мэргэжлийн шийдвэрээ хараат бусаар гаргах боломжтой байх ёстой. Үүний зэрэгцээ өвчтөн мэдээлэл авах, гомдлоо шийдвэрлүүлэх, учирсан хохирлоо нөхөн төлүүлэх баталгаатай байх шаардлагатай хэмээн үзэж буйгаа дурдсан. Хуулийн төслөөр эдгээр асуудлыг харилцан уялдаатай зохицуулахыг зорьсон болохоо тодотгов.
2025 оны Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистик мэдээллээр эрүүл мэндийн салбарт нийт 4700 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж, 67 мянга орчим ажилтан хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд зүтгэж байгаа бөгөөд хүний нөөцийн тоон үзүүлэлтээс үл хамааран хүртээмж, хуваарилалт, тогтвортой ажиллах нөхцөл, мэргэжлийн хөгжлийн бодит баталгаа нь салбарын үр ашиг үйлчилгээний чанарт шууд нөлөөлж байна гэдгийг тэмдэглэв. Тухайлбал, 10 мянган хүн амд ногдох эрүүл мэндийн салбарын ажилтны тоо Улаанбаатар хотод 253.4, аймгуудын дүнгээр 157.1 байгаа нь хүний нөөцийн байршил, хүртээмж, ачаалал жигд бус, харилцан адилгүй ялгаатай байгааг харуулж байгаа болохыг танилцуулав.
2023 оны эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн баталгааны суурь судалгааны дүгнэлтээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын бодит орлого хангалтгүй гэсэн дүгнэлт гарсныг мөн төслийн танилцуулгад дурдсан. Судалгаанд оролцсон 5 хүн тутмын 1 нь хүн амын амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой, эрүүл мэндийн салбарын нийт ажилтны анхдагч хэрэгт хэрэгцээний хүрэлцээт байдлын дундаж утга 9 байхаас 2.73 байгаа нь өрхийн наад захын хэрэгцээгээ хангах чадамж сул, эмзэг байгааг илрэл гэлээ. Судалгаанд оролцогчдын 89.2 хувь нь ямар нэгэн зээлтэй, нэг хүн дунджаар хоёр төрлийн зээлтэй гэсэн дүн гарсан гэв. Орлогын хүрэлцээгүй байдлаас гадна судалгаанд оролцсон эрүүл мэндийн салбарын 655 ажилтны 11 хувь нь өрх толгойлсон, 44.1 хувь нь бага насны хүүхэдтэй, 46.9 хувь нь галлагаатай сууцад амьдардаг, 18.7 хувь нь бусдын өмчлөлийн болон түрээсийн байранд амьдарч байгаа болохыг дурдав.
Судалгаанд хамрагдсан эрүүл мэндийн салбарын ажилтнуудын 2 хүн тутмын 1 нь өөрийн эрүүл мэндийг “дунд” болон “муу” гэж үнэлсэн, биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийн байдал нь дундаас доогуур байгаа нь тэдний амьдралын чанар муу байгааг илтгэж байгаа гэсэн. Судалгаанд оролцогчид эрүүл мэндийн салбарын ажилтнууд маш их ачаалалтай ажиллаж байгаагийн гол шалтгааныг хүний нөөцийн дутагдал, мэргэжилтэн бэлтгэж буй байдал, газар нутгийн алслагдсан байдал болон цалин, урамшуулал бага байгаатай холбоотой гэж үзжээ.

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хяналтын хороо сүүлийн 5 жилийн байдлаар 600 орчим өргөдөл, гомдлыг эрүүл мэндийн ажилтан, иргэдээс хүлээн авч хянан шийдвэрлэсэн байна. Мөн цагдаагийн байгууллагаас сүүлийн 5 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн 15.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 149 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд хэрэг үүсгэн шалгасан аж. Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн мэдээлэлд 2021-2024 оны байдлаар нийт 40 хэрэгт 83 эмч, мэргэжилтнийг холбогдуулан шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд 44 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ял шийтгүүлсэн гэв. Өнөөгийн нөхцөлд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажлын ачаалал, үйлчлүүлэгчдээс ирж байгаа дарамт, шүүхийн маргаан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчноос шалтгаалан мэргэжлийн үйл ажиллагаагаа гүйцэтгэхээс татгалзах, зайлсхийх, онош баталгаажуулах шинжилгээнүүдийг өвчтөнд санал болгох зэрэг нөхцөлийн шалтгаан болж буйг судалгаагаар тогтоосон бөгөөд үүнийг хамгаалалтын анагаах ухаан гэж тодорхойлсон байдаг аж. Энэ тохиолдолд өвчтөн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй хугацаа алдах, өвчин хүндрэх зэрэг эрсдэл учирч болзошгүй бөгөөд цаашилбал эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэх сөрөг үр дагавар үүсдэг байна. Иймээс эрүүл мэндийн салбарын ажилтны эрх зүйн байдлыг бие даасан хуульд цогцоор нь зохицуулж, хүний нөөцийн төлөвлөлт, менежмент, ажлын байрны аюулгүй байдал мэргэжлийн ур чадварын баталгаа ёс зүй, өөрөө удирдах байгууллага, мэргэжлийн хариуцлага, даатгал, маргаан шийдвэрлэх журам зэрэг зохицуулалтыг нэг мөр ойлгомжтой болгох шаардлага үүссэн хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.
Төслөөр эрүүл мэндийн салбарын ажилтны эрх зүйн байдлыг бие даасан хуулиар тодорхойлж, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа, мэргэжлийн хөгжил, ёс зүй хариуцлагыг нэгтгэн зохицуулахаар тусгасан гэв. Төсөл санаачлагч гишүүн, энэ хуулийн төслийг эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон үйлчлүүлэгч хоорондын итгэлцлийг сэргээх ач холбогдолтой хэмээн үзэж байгаа гэв. Эрүүл мэндийн ажилтны эрх хамгаалагдаж үүрэг хариуцлага нь тодорхой болсон үед л иргэн шаардлагатай тусламжаа цаг алдалгүй чанартай, аюулгүй авах баталгаа бүрдэнэ хэмээн төсөл санаачлагч онцлон танилцуулсан.

Хуулийн төсөл 9 бүлэг, 93 зүйлтэй аж. Энэ хүрээнд, эрүүл мэндийн ажилтны аюулгүй ажиллах нөхцөлийг хангах үүргийг байгууллага тодорхой хүлээлгэхээр холбогдох зохицуулалтыг тусгажээ. Эрсдэлийн үнэлгээ хийх, хамгаалах хэрэгсэл, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, халдвар, осол, гэмтлээс сэргийлэх зохицуулалтыг тусгасан, ажлын ачааллыг мэргэжил, тусламжийн төрөл, үйлчлүүлэгчийн урсгалд нийцүүлж, ээлж, жижүүр, дадлагын горимоор зохицуулах юм байна. Тухайлбал, жижүүрийн бүх хугацааг ажилласан цагт тооцох, дараалсан хоёр ээлжийн хооронд 12 цагаас доошгүй амрах заалт оруулсан гэв. Мөн хүчирхийлэл, дарамтаас хамгаалах дотоод тогтолцоо, мэргэжлээсээ халшрахаас сэргийлэх сэтгэл зүйн туслалцаа авах нөхцөлийг бүрдүүлэх үүргийг байгууллага хүлээх аж.
Ажилтны нийгмийн баталгааг хөдөлмөрийн онцлогтой нь уялдуулахаар холбогдох зохицуулалтыг тусгажээ. Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын ажилтны цалингийн тусгай сүлжээний доод жишиг, тэтгэвэрт гарах үеийн тэтгэмж, анхан шат болон орон нутагт тогтвортой ажиллах дэмжлэгийн талаар тусгажээ. Эрүүл мэндийн үзлэг, нэмэгдэл, амралт, мэргэжил дээшлүүлэх сургалт, орон сууцын дэмжлэгийг хуульд заасан нөхцөл шалгууртайгаар тусгасан байна. Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь нас, эрүүл мэндээрээ хохирсон ажилтан болон түүний гэр бүлд үзүүлэх тусламж, төлбөрийг мөн тусгайлан анхаарах шаардлагатай хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөл тусгасан байна.
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх болон мэргэжлийн хөгжлийн тогтолцоог тодорхой болгох аж. Шалгалт авах, зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх үндэслэл журмыг хуульчилж, төгсөлтийн дараах сургалт, тасралтгүй боловсрол, мэргэжлийн зэрэгтэй уялдуулсан гэлээ. Резидент эмчийн сургалт, хяналттай ажиллах хүрээ, эрх, үүргийг тодорхойлсжээ. Эмнэлгийн бусад мэргэжилтний бүртгэл, мэргэжлийн зэрэг эрх үүрэг хориглох үйл ажиллагаа мөн зохицуулсан байна. Ингэснээр ямар ажил үйлчилгээг, хэн, ямар эрхтэйгээр үзүүлэх нь ойлгомжтой болно хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. Эмнэлзүйн шийдвэрийг хууль, стандарт, шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлан бие даан гаргах эрхийг баталгаажуулах шаардлагатай гэв. Энэ эрхтэй хамт өвчтөнд эмчилгээний мэдээлэл, эрсдэлийг тайлбарлах, зөвшөөрөл авах, нууцыг хадгалах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх үүргийг тодорхойл тусгажээ.
Мэргэжлийн өөрийн удирдлага, хяналт, хариуцлагыг хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх зохицуулалтуудыг төсөлд тусгасан байна. Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоог өөрийн удирдлагатай, заавал гишүүнчлэлтэй, нийтийн эрх зүйн хуулийн этгээд байхаар тодорхойлсон байна. Холбоо нь мэргэжилтний бүртгэл, тасралтгүй хөгжил, ёс зүй, мэргэжлийн хариуцлага, эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй байх аж. Үүнтэй хамт удирдлага, хяналтын бүтэц, санхүүгийн ил тод байдал, аудит шийдвэрлэх, гомдол гаргах эрхийг хуульчлах нь зүйтэй гэв. Мэргэжлийн хамтын оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ олон нийтийн өмнө хүлээх хариуцлагыг тодорхой болгож буйгаараа дээрх зохицуулалтууд чухал ач холбогдолтой аж.
Мэргэжлийн хариуцлагын даатгалын тогтолцоог бүрдүүлэх юм байна. Тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийг заавал даатгуулахаар тусгаж, хөдөлмөрийн харилцаагаар ажиллаж байгаа тохиолдолд даатгуулах үүргийг ажил олгогчид хүлээх аж. Даатгалын хамгаалалт, эрсдэлийн ангилал, гэрээний нөхцөл, нөхөн төлбөр, нэхэмжлэх, шийдвэрлэх журмыг мөн тодорхойлжээ. Үүний гол ач холбогдол нь өвчтөнд учирсан хохирлыг нөхөн төлөх санхүүгийн баталгааг бий болгож, мэргэжлийн үйл ажиллагааны эрсдэлийг даатгалаар хамгаалах ач холбогдолтой аж.
Эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаатай холбоотой гомдол, маргааныг мэргэшсэн журмаар шийдвэрлэх талаарх зохицуулалтыг мөн төсөлд тусгасан байна. Мэргэжлийн хариуцлагын хороо талуудыг сонсож, нотлох баримт, мэргэжлийн дүгнэлт үндэслэн шийдвэр гаргах юм байна. Алдааг үнэлэхдээ тухайн ажилтны үйлдэл, мөрдсөн стандарт, байгууллагын нөхцөл зохион байгуулалтыг харгалзах аж. Стандарт удирдамжийг баримталсан боловч урьдчилан таамаглах боломжгүй шалтгаанаар сөрөг үр дагавар гарсныг мэргэжлийн алдаанаас ялган үзэх талаар мөн хууль санаачлагч танилцуулав. Талууд өмгөөлүүлэх шийдвэрийг шүүхээр хянуулах эрхтэй байх аж. Иргэн даатгалаар бүрэн барагдаагүй хохирлоо иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэх эрх хадгалагдах зохицуулалттай байхаар төсөлд тусгажээ. Шинэ тогтолцоонд шилжихдээ өмнө олгосон зөвшөөрөл, гэрчилгээ, цуглуулсан сургалтын багц цагийг хүчинтэй хугацаанд нь хадгалж, зөвшөөрөл, сургалт, бүртгэлийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх зохицуулалтыг дагаж мөрдөх журмын төсөлд тусган, хуулийн энэхүү төсөлтэй уялдуулан салбарын болон холбогдох бусад хууль өөрчлөлт оруулах төслүүдийг хамт боловсруулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар эрүүл мэндийн салбарын ажилтнуудад тулгарч буй асуудлыг зүү авсан мэт нэг дор арилгахгүй ч эрүүл мэндийн ажилтны ажиллах нөхцөл, мэргэжлийн хөгжил, нийгмийн баталгааг сайжруулах, салбарын хүний нөөцийг тогтворжуулах эрх зүйн үндэс бүрдэх аж. Мөн мэргэжлийн хариуцлагыг шударгаар тогтоож, өвчтөнд учирсан хохирлыг барагдуулах боломж нэмэгдэнэ гэлээ. Эдгээр өөрчлөлт иргэдийн чанартай аюулгүй тусламж авах эрхийг хангахад чиглэж байгааг Т.Мөнхсайхан гишүүн тэмдэглэв. Монгол Улсын эрүүл мэндийн манаанд зогсож буй 67 мянга орчим эрүүл мэндийн ажилтны эрх зүйн байдлыг сайжруулах зорилготойгоор салбарын болон олон нийтийн саналд тулгуурлан боловсруулснаа танилцуулгынхаа төгсгөлд онцоллоо.

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулсан талаарх Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа нэгдсэн хуралдаанд танилцуулав. Байнгын хороо энэ сарын 03-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ. Мөн хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгбүрчлэн дэмжэн болохыг танилцуулсан. Энэ сацуу хуулийн төслийг d.parliament.mn цахим хуудаст байршуулж, иргэд, олон нийтийн саналыг авч байгааг дурдсан юм.
Төслүүдийн талаарх Засгийн газрын саналыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа. Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцооны тайланд төрийн байгууллагад үүсэх зардлыг 65.7 тэрбум төгрөг, хуулийн этгээдэд үүсэх зардлыг 18.2 тэрбум төгрөг байхаар тооцсон аж. Харин хуулийн төсөлд тусгагдсан эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг зохицуулсан эсэхтэй холбогдон гарах зардлын тооцоо дээрх тайланд тусгагдаагүй тодорхойгүй байгааг Г.Дамдинням сайд нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Төсвийн тухай хуульд, төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх зохицуулалт байдаг бөгөөд ирэх оны төсвийн тухай хуульд дээрх хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардалд тусгагдаагүй аж. Төсвийн жилийн дундуур зарлага нэмэгдүүлэх нөлөөлөлтэй Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэсгийг, зардлын нөлөөллийг нь бүрэн тооцож, тодорхой болгосны үндсэн дээр дараа, дараагийн жилүүдэд төсвийн орлогын боломжтой уялдуулан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Засгийн газар дүгнэлтдээ дурджээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай албан даалгаварт төрийн албан хаагчийн үндсэн цалингийн сүлжээ, нэмэгдэл, нэг удаагийн буцалтгүй тусламж, урамшуулал, тэтгэмж олгох нөхцөл хугацаа, давтамж, хэмжээг салбар харгалзахгүйгээр төрийн албан хаагчдад тэгш, шударга үйлчилдэг байх зорилгоор төрийн албан хаагчийн цалин, хөлс, нийгмийн баталгааг зохицуулсан салбар, салбарын хууль тогтоомжийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулиар зохицуулахаар тусгасан байгааг дурдав. Түүнчлэн Нийтийн албаны тухай хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдад даалгасан байгаа аж. Энэ дагуу яамнаас холбогдох хуулийн төслийг боловсруулж байгааг дуулгалаа.
Эрүүл мэндийн салбарт 2021 оны төсвийн жилээс эхлэн барилга байгууламж, орон тоо, санхүүжүүлдэг орцод суурилсан тогтолцооноос гарцад чиглэсэн буюу хийсэн ажил санхүүжүүлдэг тогтолцоонд шилжсэн учраас тус салбарын ажилтнуудад олгох цалин, хөлсийг мөн адил зарчмаар зарчмаар буюу ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан байдлаараа олгох асуудлыг дээрх хууль тогтоомжийн хүрээнд нэг мөр шийдвэрлэх шаардлагатай байгааг мөн дурдсан. Түүнчлэн салбар бүр өөрсдийн салбарын хуулиар ажилтнуудынхаа нийгмийн баталгааны асуудлыг зохицуулах нь төрийн албан хаагчид харилцан адилгүй, тэгш бус нийгмийн баталгаагаар хангагдах, улмаар салбар хоорондын тэнцвэртэй байдлыг бий болгох сөрөг үр дагавар дагуулж, төрийн албаны нэгдсэн бодлого алдагдах шалтгаан болж байгааг анхаарахыг хүсэв.
Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан хуваарилагдсан хугацаанд багтаан асуулт асуухаар нэрсээ өмнөх өдрийн буюу Лхагва гарагийн 16.00 цагаас өмнө хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдсэний дагуу Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Л.Соронзонболд, Г.Лувсанжамц, С.Эрдэнэбат, П.Сайнзориг, О.Саранчулуун, Ж.Чинбүрэн, Д.Ганмаа, М.Ганхүлэг, С.Ганбаатар нар асуулт асууж, хууль санаачлагч Т.Мөнхсайхан гишүүн болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авав.



Гишүүд эрүүл мэндийн салбарын хүний нөөц, нийгмийн баталгаа, мэргэжлийн хариуцлага, удирдлагын тогтолцоо болон санхүүжилтийн асуудлаар байр сууриа илэрхийлж, эрүүл мэндийн ажилтнуудын эрх зүйн хамгаалалт хангалтгүй, ажлын ачаалал өндөр, нийгмийн баталгаа сул, орон нутгийн эмч, сувилагчийн хомсдол нэмэгдэж буйг хэлж байлаа. Мөн эмч, эмнэлгийн ажилтнууд санамсаргүй алдаа, гомдол мэдээллээс үүдэн эрүүгийн болон иргэний хариуцлага хүлээх тохиолдол нэмэгдэж байгааг дурдсан юм. Хуулийн төсөлд эмчлэх, сувилах зэрэг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, лицензийн асуудлыг төрөөс мэргэжлийн нэгдсэн холбоонд шилжүүлэх, эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын тогтолцоог бүрдүүлэх, илүү цаг болон жижүүрийн ажлын үнэлгээг бүрэн тооцох, цар тахал болон онцгой нөхцөлд ажилласан хөдөлмөрийг зохих ёсоор үнэлэх зэрэг зохицуулалтыг тусгасан хэмээн Т.Мөнхсайхан гишүүн тайлбарлаж байв.
Гишүүдийн зүгээс эрүүл мэндийн мэргэжилтний нэгдсэн холбоог заавал гишүүнчлэлтэйгээр байгуулах нь Үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх эрхтэй зөрчилдөх эсэх, мэргэжлийн холбоонд төвлөрөх эрх мэдэл хэрхэн хянагдах, гишүүний татвар хураамжийн хэмжээг хэрхэн тогтоох зэрэг асуудлыг хөндөж байсан юм. Мөн эрүүгийн хэрэг үүссэн нөхцөлд эмч, эмнэлгийн ажилтны мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх зохицуулалт нь гэм буруутай нь тогтоогдоогүй иргэний хөдөлмөр эрхлэх эрхийг хязгаарлах эрсдэлтэйг сануулж байсан. Түүнчлэн хуулийн төсөл хэрэгжихэд шаардагдах санхүүжилтийн хэмжээгээр хууль санаачлагч болон холбогдох байгууллагуудын тооцоо зөрүүтэй байгааг зарим гишүүн шүүмжилж, төсөвт үзүүлэх бодит нөлөөллийг тодорхой болгох шаардлагатай талаар олонтаа хэлж байлаа.

Хууль санаачлагчийн зүгээс төслийн үндсэн зохицуулалт нь эрүүл мэндийн ажилтны эрх зүйн байдлыг сайжруулах, мэргэжлийн өөрөө удирдах тогтолцоог төлөвшүүлэх, анхан шатны тусламж үйлчилгээний хүний нөөцийг бэхжүүлэх, улмаар иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгааг тайлбарлаж байв. Харин гишүүдийн олонх нь төслийн үзэл баримтлалыг дэмжиж буйгаа илэрхийлсэн ч мэргэжлийн холбооны бүтэц, санхүүжилт, хяналт болон хариуцлагын зохицуулалтыг хэлэлцүүлгийн дараагийн шатанд нарийвчлан сайжруулах шаардлагатай хэмээн үзлээ.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийн талаарх Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн байр сууриа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Ц.Мөнхтуяа, Б.Хэрлэн, Д.Ганмаа нар индрээс үг хэлсэн.



Дараа нь Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахын өмнө Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин уг асуудлаар ажлын таван өдрийн завсарлага авах тухайгаа мэдэгдэв. Хуулийн төсөл дэх зохицуулалттай холбоотой төсөв, зардлын тооцооллыг тодруулах, зарим асуудлаар байр сууриа нэгтгэх, нягтлах шаардлагатай байгаа учраас завсарлага хүссэн юм.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, эрүүл мэндийн салбарын 70 орчим мянган ажилтны нийгмийн баталгаа, хөдөлмөрийн нөхцөл, эрх зүйн хамгаалалтыг сайжруулах нь чухал болохыг онцоллоо. Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй бүх ажилтан иргэдийн эрүүл энхийн төлөө өдөр шөнөгүй тасралтгүй хөдөлмөрлөж байгаа учраас төрөөс нийгмийн хамгаалалд нь онцгой анхаарах шаардлагатай гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлэв. Мөн эмч, эмнэлгийн ажилтнууд мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулсны төлөө эрүүгийн хэрэгт татагдах, хариуцлага хүлээх тохиолдол нэмэгдэж байгааг дурдан, тэдний эрх зүйн хамгаалалтыг сайжруулах, шударга тогтолцоо бүрдүүлэх асуудлыг дэмжиж байгаа гэлээ. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг албан тушаал, мэргэжлээр нь ялгалгүйгээр нийгмийн баталгааг нь хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах нь иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид эерэгээр нөлөөлнө гэдэгтэй санал нэг байгаа гэлээ. Иймд Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн хүсэлтийн дагуу ажлын таван өдрийн завсарлага өгөхөөр болов. Үүгээр үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Эх сурвалж: parliament.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл