Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2026.11.04/ хуралдаж, НИТХ-ын ээлжит IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ.
Хуралдаанд “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар “Сэлбэ ухаалаг хот” төслийн орон сууц, авто зогсоолын борлуулалтыг эхлүүлэх эрх олгох тухай асуудлыг танилцуулсан юм. Төслийн нийт талбай 158 га бөгөөд 113 блок, 8575 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. 2026 оны арваннэгдүгээр сарын 3-ны байдлаар төслийн нийт гүйцэтгэл 39.8 хувьтай, орон сууцны долоон багцын барилга угсралтын ажлын дундаж гүйцэтгэл 26.2 хувьтай байгааг мэдээлэв.
Танилцуулгатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж барилгын ажлаа эхлээгүй блок болон гүйцэтгэгч компаниудын талаар тодрууллаа. Төслийн нийт 113 блокоос 15-ынх нь барилгын ажил эхлээгүй бөгөөд холбогдох гүйцэтгэгч компанийн гэрээг цуцлах асуудлыг шүүхээр шийдвэрлэх шаардлагатай байгааг “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар тайлбарлав.
Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, нийслэлийн төсвийн тодотгол, төсвийн сахилга бат болон хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр хотын албан татварын хувь хэмжээг бууруулах, байгалийн хийн төсөл, Сэлбэ ухаалаг хот, Багануурын нүүрс пиролизийн үйлдвэр зэрэг томоохон төслүүдийн үр өгөөж ач холбогдлыг дурдлаа. Түүнчлэн Засгийн газрын шийдвэрийн дагуу төрийн үйлчилгээний ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлснийг онцоллоо. Мөн ирэх онд замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлээр томоохон төслүүд эхлүүлэх шаардлагатай гэв.
Энэ үеэр төлөөлөгч О.Зундуйдорж нийслэлээс хэрэгжүүлэх томоохон төслүүдийг эрэмбэлэхдээ тухайн цаг үеийн хэрэгцээ, хэрэгжих боломж, төсөв санхүүгийн нөхцөлийг харгалзах нь зүйтэйг илэрхийллээ. Харин төлөөлөгч Т.Батцогт төслүүдийн эдийн засгийн үр ашгийн тооцоог нарийвчлан гаргаж, хоорондын уялдаа холбоог хангах шаардлагатайг онцлов. Тэрбээр нүүрс пиролизын үйлдвэрийн хэрэгцээ, цаашид шахмал түлшний хэрэглээ буурах нөхцөлд уг үйлдвэрийг байгуулах шаардлага, мөн метро, трамвай зэрэг нийтийн тээврийн төслийн хэрэгжилт, салбарын бодлогын талаар тодруулсан юм.
Үүнд, хотын дарга Б.Пүрэвдагва нүүрс пиролизын үйлдвэр нь зөвхөн Улаанбаатар хотын хэрэгцээнд зориулагдаагүй, цаашид бусад аймаг, орон нутгийн түлшний хэрэгцээг хангах боломжтойг онцолж, үйлдвэрийн үр ашгийн тооцоог хийж байгааг тайлбарлав. Мөн нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлээр их багтаамжийн нийтийн тээврийг үе шаттай нэвтрүүлэхээр ажиллаж байна гэв
Үргэлжлүүлэн “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмар тус паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийг зээллэгийн эх үүсвэрээр шийдвэрлэх асуудлыг танилцууллаа. Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх аж үйлдвэрийн бүсэд арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр үйлдвэрийг нүүлгэн шилжүүлж, үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах хэрэгцээ, шаардлагын тухайд танилцуулга хийв.
Мөн “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал З.Батырбек үерийн хамгаалалтын байгууламж барих, бохир усны 40 км шугам хоолойг шуудуу ухахгүй технологиор доторлон шинэчлэх талаар танилцууллаа. Бүлгийн зүгээс томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн зохицуулалт, төслийн бэлтгэлийг сайтар хангах шаардлагатайг тэмдэглэв.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар НИТХ-ын ээлжит IX хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг урьдчилан хэлэлцэж, холбогдох төслүүдийг хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Эх сурвалж: khural.ulaanbaatar.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл