Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2011 оны 12 дугаар сарын 29-нд Монголчууд бид Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн түүхт ойгоо өргөн дэлгэр тэмдэглэсэн билээ. Үндэсний тусгаар тогтнолоо өмнө нь бид үзэл суртлын нөлөөгөөр харьцангуй богино жилээр тооцож ирсний зэрэгцээ Тусгаар тогтнолын талаар нийтлэг ойлголтгүй байсныг түүхийн үнэн мөн эдүгээ нотлон харуулж байна.
1911 оны 12 дугаар сарын 29-нд Монгол Улс эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан баярт өдөр хэмээн түүхийн шаргал хуудаснаа тэмдэглэгдэн үдсэнийг эрдэмтэн судлаачид нотлон өгүүлдэг. Гурав дахь жилдээ нийт ард түмнээрээ ёслол төгөлдөр тэмдэглэж буй энэ өдрөөр Монголчууд бид Төрийн ёслол, хүндэтгэлийн тодорхой ажлууд товлож, хүчит бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Улс, аймгийн алдар цолтой, өндөр чансаатай, хүчит бөхчүүдийн барилдаанд тухайн жилдээ гаргасан амжилтаараа эхний 128-д багтсан, шилдэг бөхчүүд хүч үздэг бөгөөд түрүүлсэн бөхөд Тусгаар тогтнолын үнэ цэнийг бэлгэдсэн“Ерөнхийлөгчийн цом”-ыг гардуулж, цомыг үүрд хадгалуулдаг уламжлалтай. Өнгөрсөн жилийн барилдаанд Монгол Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, Монгол Улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэж байлаа.Энэхүү барилдаан энэ сарын 29-ний өдрийн 14.00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.