УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хөдөлмөр эрхлэлт-2013” сэдвээр мэдээлэл хийлээ.
Манай улс 15-аас дээш насны буюу хөдөлмөрийн насны 1,8 сая хүнтэй. Оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд харж байгаа ахмад гээд ажил эрхлэх боломжгүй хүмүүсийг хасахад эдийн засгийн идэвхтэй 1,1 сая иргэн байгаа ба үүний 89 мянга нь ажилгүй байна.
Ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэх гэсэн 3 суурь зарчмын хүрээнд Шинэчлэлийн Засгийн газар “Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байна.Энэ бодлогын эцсийн үр дүн дөрвөн жилийн дотор 150 мянган ажлын байр нэмсэн үзүүлэлтээр хэмжигдэх учиртай. Төлөвлөснөөр энэ онд 49 мянган хүнийг ажилтай болгох ёстой, энэ зорилт бүрэн биелж, 2013 онд шинээр 52 мянган хүн ажилтай болжээ. Энэ нь цаасан дээрх тоо биш нэр хаягтай бүртгэлийн дүн гэдгийг Засгийн газрын тэргүүн онцоллоо. Ирэх онд энэ хэмжээг буулгахгүй байх зорилт тавьж байна. Тухайлбал, мэргэжилтэй 7000 ажилтан бэлтгэх, 10 мянган оюутныг түр ажлын байраар хангах, цагийн ажлын систем нэвтрүүлэх, 40-өөс дээш настай болон тэтгэвэрт гарсан ахмадуудад тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажил хэрэгжүүлнэ гэж Ерөнхий сайд хэллээ.
Дараагийн жилүүдэд үр дүн өгөх хэд хэдэн онцлох ажлыг энэ онд хэрэгжүүлсэн. 2012-2013 оны хичээлийн жилд эрэлтэд суурилсан элсэлт зохион байгуулж, нийт элсэгчдийн 70 шахам хувь нь хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжил сонгожээ. Ажиллах хүчний ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөрт 16 мянган иргэнийг хамруулснаас 10 мянга нь сургалтын дараа ажлын байраар хангагдсан байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежиуд 2000 гаруйаж ахуйн нэгжтэй гурвалсан гэрээ байгуулж, мэргэжилтэй 6000 гаруй ажилтан бэлтгэсний 80 хувь нь ажилтай болжээ. Зуны амралтын хугацаанд 1500 гаруй оюутаних бүтээн байгуулалт болон сум, орон нутгийн ажлын түр байраар хангагдаж, 430 гаруй сая төгрөгийн цалин урамшуулал авчээ.
Иргэдийн бизнес эрхлэх сонирхлыг дэмжихээр Сум хөгжүүлэх санд 2013 онд 24 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилсан нь нэг суманд 150 саяас доошгүй төгрөгийн хөрөнгө оруулалт болж байна. Тус сангаас энэ онд 7486 төсөлд зээл олгосноор 20 шахам мянган ажлын байр шинээр бүртгэгджээ.
Аймаг, дүүрэг, сум, хороо бүрт хайлтын “Е-бирж” цахим машин суурилуулж, ажил хайгч, ажил олгогчийг шууд холбосон шуурхай сүлжээ үүсгэлээ. Улсын хэмжээнд 345 машинаар давхардсан тоогоор 300 мянган иргэн үйлчилгээ авсан байна. Харин зуучлагдсан хүний тоо 55 мянга болж, өмнөх оноос 88 хувиар, нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн тоо 10 хувиар, Нийгмийн даатгалын сангийн орлогын хэмжээ 20 хувиар тус тус нэмэгджээ гэж Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Ugluu.mn