Хоол тэжээлийг зохистой хэрэглэх нь амьдралын хугацааг уртасгахад нөлөөлөх чухал хүчин зүйл юм. Хоолны найрлаганд олон төрлийн шимт бодис, аминдэм, эрдэс бодисууд орж байдаг. Эдгээрээс шимт бодисын талаар энд өгүүлье. Хоолны найрлага дах үндсэн шимт бодисуудад уураг, өөх тос, нүүрс ус хамаарна.
Уураг
Уураггүйгээр амьдрал явагдахгүй, хүн зайлшгүй шаардлагатай уургийг амьтны болон ургамлын гаралтай хүнсээр нөхөж авдаг. Насанд хүрсэн хүнд 90-100 грамм уураг шаардлагатай гэж үздэг байна. Хоногийн хэрэгцээт уургийн 55% нь амьтны гаралтай үл орлогдох амин хүчил бүхий төгөлдөр уураг байх ёстой. Уураг агуулагч хүнсний бүтээгдхүүнд мах, загас, бяслаг, сүү, талх, төмс, буурцаг, вандуй зэрэг багтана.
Өөх тос
Өөх тос нь хүнсний бусад бүх бодисуудаас илүүтэйгээр илчлэгийг үүсгэдэг. Өөх тос нь хоолны илчлэгийг нэмэгдүүлж, амт чанарыг сайжруулан аминдэм А,E,Д,К-г агуулж байдагт түүний биологийн үнэт чанар оршино. Амьтны болон ургамлын гаралтай тос нь чанарын ялгаатай. Ургамлын гаралтай тос нь судасны хананд тослогийн зүйл холестрин хуралдахаас сэргийлэх ач холбогдолтой . Насанд хүрсэн хүнд хоногт 100-110 грамм өөх тос хэрэгтэй Үүний 25-30% нь ургамлын гаралтай байх ёстой.
Нүүрс ус
Бие махбодод шаардагдах нийт энергийн гол эх үүсвэрийг нүүрс ус бий болгодгийн хувьд нийт илчлэгийн 50-60 хувийг гаргана. Насанд хүрэгсэдэд нүүрс усны хэмжээ хоногт 400-500гр байх ёстой. Биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг бол 700 гр хүртэл нэмэгддэг байна.
Нүүрс усыг дотор нь энгийн ба нийлмэл гэж хуваадаг. Энгийн нүүрс усанд сахар, нийлмэл гэдэгт эслэг ордог. Нийлмэл нүүрс ус болох эслэг нь ходоодонд удаан хуримтлагдаж цатгалан мэт сэтгэгдэл төрүүлдэг байна. Эслэгээр баялаг хоолны зориулалттай хэвэг идэх нь жингээ хасах хүмүүст ашигтай. Эслэг нь байцаа, лууван, вандуй, хулуу зэрэгт илүүтэй байдаг байна. Нүүрс усыг бие махбодын физиологийн шаардлагаас илүү гаргаж хэрэглэх нь эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж биеийн жинг нэмэгдүүлж таргалуулдаг.