Уншууртай хүний сэтгэлийг тат­сан нийтлэл бичихийн тулд өөрсдөө их боловсрох хэрэгтэй

логоҮндэсний өдөр тутмын “Өглөөний сонин” Монголд чөлөөт хэвлэл үүссэний 25, Монголын сонины холбоо байгуулагдсаны 15  жилийн ойд  зориулан сэтгүүлзүйн салбарын хүндтэй эрхмүүдийн яриаг цувралаар хүргэж байгаа билээ. Урьд нь ихэвчлэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, өдөр тутмын сонины эрхлэгч гээд сэтгүүлзүйн салбарын томчуултай хөөрөлдсөн бол энэ удаад Монгол Улсын төрөөс гавьяат цол гуншин хүртээгүй ч өнөөдөр 25 жилийнх нь тухай ярьж байгаа Монголын чөлөөт хэвлэлд өөрийн орон зайгаа баттай эзэлж, анхны сонинуудын эхийг бэлтгэж явсан жирийн нэгэн эрхмийн яриаг хүргэж байна. Түүний авьяас, мэргэжлийн ур чадвар чөлөөт хэвлэлийн өнгөрсөн түүхэнд зайлшгүй үнэ хүндтэй юм. 

-Монголд чөлөөт хэв­лэл үүсч хөгжсөний 25 жил, Со­нины холбоо бай­гуу­лагд­саны 15 жилийн ойн баярын мэнд хүргэе ээ. Найз минь урьдынхаараа л гялал­заж суух шив?

-Баярлалаа. Ерөнхийдөө “АS­SA” сайтаа л хариуцаж сууна даа. Бай­гуулагдаад удаагүй ч  хэрэг­лэгч, тандагчдын хүрээ нь өргөжиж л байна.

-Хоёулаа сэтгүүлзүйд хэрхэн хөл тавьсан талаар тань ярилц­лагаа эхлэх үү?

-Тэгье тэгье. Би Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөл­дөж байсан Л.Дашням гуайн Мон­гол мэдлэгийн их сургуулийг  төгссөн.

-Сургуулиа  төгсөөд л  сэтгүүл­зүй рүү хөл тавьсан уу?

-Монгол мэдлэгийн их сур­гуулийг төгсөөд л 1997 оноос “Ардын эрх” сонины шавь сур­гал­тад хамрагдсан. Ц.Балдорж  зэрэг сэтгүүлзүйн сал­ба­рын томчуудаар хичээл  заал­­гаж байлаа. Хоёр төгсөлт хийс­­ний сүүлчийн сургал­тад нь хам­­рагдсан.  “Ардын эрх” сонин, Ц.Бал­дорж эрхлэгчийн санаачлан хэрэг­­жүүлсэн тэр  сур­галтыг 20 ор­чим хүн төгсөж гарсан. Өнөөдөр таван жил орчим дээд сургуульд сураад олж авч чадахгүй байгаа мэд­лэгийг зургаан сар  “шавь” сур­галтад суусан  бид олоод авсан гэж бардам хэлнэ.

-Тэнд багшилж байсан хүмүү­сийн сургал­тын арга барилыг “онцгой” гэж ярьдаг л даа. Өөрөө тэр сургал­тыг төгссөн хүний хувьд юу хэлэх вэ?

-Одоо эргээд бодож байхад гайхмаар үр дүнтэй сургалт бай­жээ. Хамгийн гол нь практик сур­галтын ач холбогдол нь шууд л сургалт, дадлага хоёрыг хослуулдгаараа өнөөдрийн тан­хи­мын сургалтаас илүү. Жишээ нь сонины жи­жигхэн мэдээг яаж бичдэг юм, тухайн цагт болоод өнгөрсөн үйл явдлыг үнэн бодитой, дүрслэлтэй яаж мэдээлэх юм гээд үнэхээр их зүйл сургасан байна. Багш нар  яг дэргэд  байж самбар  дээр “Ба, Бэ”-гүй бичиж ойлгуулж байсан нь “шавь” сургалтын давуу тал байж.

-“Ардчилал” сонин дээр хааяа нэг гардаг уншууртай, сонирхолтой нийтлэл Н.Түвшинбат автортай байдаг нь “шавь” сургалтын багш нартай холбоотой юу, эсвэл унаган авьяастай холбоотой юу?

-Энэ талаар урьд нь төдийлөн бодож яваагүй юм байна. Өнөөдөр “Өдрийн сонин”-ы Ж.Гангаа ахын бичсэн аян замын тэмдэглэл, тухайн улс орны энгийн дүр төрхийн талаар өгүүлсэн бичлэг, нийт­лэлүүдийг уншихад ямар урамтай, уншууртай бай­даг билээ. Уг нь Ж.Гангаа ах шал өөр мэр­гэжилтэй хүн юм шүү дээ.

Гэтэл сэтгүүлзүйн сургуулийг төгссөн хүүхдүүдээс хамаа­гүй илүү уншууртай бичээд байгаа юм. Би үүнийг л чөлөөт сэтгүүлзүй гэж ойлгоод бай­гаа л даа. Миний хувьд хааяа нэг “Ардчилал” сониндоо бичдэг л юм. Зарим нэг юм нь жаал ун­шуур­тай болсон юм болов уу гэж дотор хүндээ л хэлдэг дээ. Бид уншууртай хүний сэтгэлийг тат­сан нийтлэл бичихийн тулд өөрсдөө их боловсрох, ялангуяа маш их унших хэрэгтэй санагддаг.

-“Ардын эрх” сонины шавь сур­галтыг тантай хамт төгссөн ямар хүмүүс өнөөдөр Монголын сэт­­гүүлзүйд ажиллаж явна?

-Манай төгсөлтийнхөн ихэнх нь сэтгүүлчээр ажилласан, ажил­лаж байгаа. Сургалт дуусах дө­хөөд ирэхээр хэвлэл мэдээллийн байгуул­лагууд руу  шууд хуваарилдаг бай­сан. Одоо манай “Ардчилал” сони­ны гэрэл зургийн сурвалжлагч Ш.Отгонжаргал, “Өнөөдөр” сонины Г.Эрдэнэтуяа, “Үндэсний шуудан” сонины эрхлэгч Г.Отгонбаяр гээд байна аа байна.

-Ер нь  “Ардын эрх” сонины шавь сургалтад хэрхэн хамрагддаг байсан юм бэ?

-“Шавь” сургалт явагдах гэж байгаа тухай зар явсан юм. Тэгээд шалгалт өгч байсан. Өнөөдрийн Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл­зүйн дээд курстэй  ойролцоо ч сур­галт нь түргэвчилсэн хэлбэртэй байсан юм. Тухайн үед Монголын чөлөөт хэвлэл, сонины зах зээлд сурвалжлагч, сэтгүүлчид зайлшгүй дутагдана гэдгийг олж харсан Ц.Балдорж эрхлэгч нарын алсын харааг зайлшгүй үнэлэх ёстой.

-Сэтгүүлзүйн мэргэжлийн хи­­­чээ­лийг ямар багш нар зааж бай­сан бэ?

-За даа Монголын сэтгүүлзүйн бүх л томчуул хичээл заасан даа. М.Зулькафиль, “Өдрийн сонин”-ы эрхлэгч Ж.Мягмарсүрэн, Б.Цог­заяа­баатар нар багшилж бай­­­сан. Харин энэ сургалтыг ерөн­хийд нь хариуцаж байсан И.Бадарч гуайн талаар тэр бүр ярьдаггүйд нь харамсаж явдаг. Гэрэл зургийн хичээлийг нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт гэ­рэл зурагчин М.Цэрэнжамц гуай заадаг байсан юм. Одоо эргээд бодож байхад М.Цэрэнжамц гуай шиг жинхэнэ сэтгэл зүрхнээсээ заадаг багш бий болов уу гэж бодогддог л юм. Тэр үе чинь хар цагаан зурагтай бай­сан үе шүү дээ. Зургаа авлаа, лабораторид  нь угаалаа, гаргасан алдааг нь шууд халуухан яриад л өгдөг байсан.

-Өөрийн тань хувьд сонины эх боловсруулах, макет бэлтгэлийн чиглэлээр суралцсан уу?

-Үгүй үгүй. Сэтгүүлзүйн анхан шатны мэргэжлээр суралцсан.

-Шавь сургалтаа төгсөөд “Ар­дын эрх” сониндоо ажилласан уу?

-Үгүй. “Амьдрал” сони­ны  ре­дак­­­­тораар очсон. Тэр үедээ их ам­жилт­­­тай  ажиллаж бай­сан сонин л доо.

-Н.Түвшинбат гэдэг хүнийг өнөөд­рийн чөлөөт хэвлэл, сонины зах зээлд ажилладаг хүмүүс гай­гүй сайн мэднэ гэж бодож байгаа. Ер нь хэдэн оноос сонины макет бэлт­гэж эхэлсэн юм бэ дээ?

-Өнөөдрийн шар сонин гэж яриад байдаг хэвлэлд л мэдээ, нийт­лэл, фельетон бичдэг байлаа. Одоо “Залуу ком”-д ажиллаж байгаа Б.Отгон­баяр  ах хамт ажиллаж байв. Яагаав нөгөө “Оюуны Ундраа”-гийн С.Отгонбаяртай хэ­сэг заргалдсан даа. 1990-ээд оны дунд үе гэдэг бол чөлөөт хэвлэл, “шар” сонины алтан үе байсан даа. Тэр үед “Хань”, “Хонгорзул”, “Жиг­шүүрт хэрэг” гээд жинхэнэ макет, эх бэлтгэлийн хувьд одоо ч гайхаг­дах сонинууд гарч байсан юм. Би “Хонгорзул” сонины эхийг бэлт­гэж байлаа.

“Шар” гэж яриад байгаа сони­нуудын дунд өнөөдөр ч макет, эх бэлтгэл ур үзэмжээрээ тэргүүлсээр байгаа энэ сонины эхийг бэлтгэх гэж хоёр хоног ажил дээрээ хонож байлаа. Хэдийгээр “Хонгорзул” сонинд чимхлүүр ажил асар их орсон ч одоо бодож байхад тэр үеийн сонинуудаас хам­гийн зөв макеттай нь “Монголын нэг өдөр” гэж боддог. Сонины эхний нүүр­ний харьцаа, зураг, мэдээний байршил гэдэг их чухал байдаг. Нэн ялангуяа тухайн сонины тогт­сон зарчим, хүний нүдэнд буух дүрслэл хамгийн чухал.

-Ингээд бодохоор аливаа сони­ны эхний нүүр гэдэг их учир­тай юм байна шүү. “Хань”, “Хон­гор­зул” сонин өнөөдрийг хүр­тэл энэ зах зээлд амжилттай ажил­лаж байгааг эх бэлтгэл, макеттай нь холбон ойлгож болно биз?

-Тэгж ойлгож болно. Би “Хонгор­зул” сонинд нэлээн сүүлд оч­­сон л доо. Тэр үед миний хувьд хийж байгаа ажил гарт орно ч гэдэг юм  уу даа, нэг их түүртдэггүй бол­чих­сон байсан л даа. Нэг сонины байр­наас нөгөө рүү  нь таксидаж очоод одоо нэг жаахан эвгүй үгээр бол “халтуурдаж” байлаа. Гэхдээ би тэр үедээ үнэхээр эрэлт хэрэгцээ ихтэй  байсан нь ажлаа муугүй хий­дэг байсны нотолгоо л гэж бодож явдаг шүү дээ.

-“Монголын нэг өдөр” сонинд багагүй хугацаанд ажилласан байх аа. Л.Зоригт, Л.Төрбаяр ах нар­­­тай хамт ажиллаж байсан гэсэн үг үү?

-Тэгсэн тэгсэн. Ц.Баяраа, Л.Зо­ригт ах хоёр яг л зааж зөвлөөд явж байсан. Өнөөдрийн эрхлэгч бай­гаа Ш.Отгонцэцэг байсан. Ер нь “Монголын нэг өдөр” сонины анх­ны редакци нэг их өөрчлөгдөөгүй л болов уу.

-Монголын чөлөөт хэвлэлийн түүхийг өнөөдөр ч бичилцэж яваа “Сэрүүлэг”-ийн С.Баярмөнх, “Хань”-ийн Д.Батсүх, “Монголын нэг өдөр”-ийн Л.Зоригт ах нартай олон жилийн харилцаатай явж ирсэн юм билээ. Та нар хэрхэн холбогдож, ажил хэргээ явуулсан  хэрэг вэ?

-1990-ээд оны дунд үед сони­ны макет  бэлддэг, арай гай­гүй чадварлаг  эх бэлтгэгчид өнөөд­рийнхийг бод­вол цөөхөн байж. Тэгээд тэр цөө­хөн хүмүүсийн тухай мэдээлэл амархан тархдаг байсан хэрэг л дээ. Яг үнэндээ гарын 10 хуруунд орохоор макетчин байсан гээд хэлчихэд буруудахгүй.

-Та нарын гарын ур, сэтгэл­гээний онцлог тухайн үеийн “шар” сонины гүйлгээ борлуулалтад нө­лөөл­дөг байсан нь тодорхой. Өнөөд­рийн сонин, тэр үеийн сонины ял­гааг юу гэж харж байна?

-Тэр үе буюу  1990 оны эхэн үе хүмүүсийг яах аргагүй мэдээл­лийн өлсгөлөнд оруулсан үе байж. Худалч хүнд тэр үед хоёр үг хол­боод бичихэд шүүрч аваад уншиж  байсан үе юм шүү. Маш их сенсаци хөөцөлдөж байж. Ний­гэмд ямар  ч мэдээлэл өгөхгүй, ач холбогдолгүй  юмнууд тараа­даг байж. Түүнийхээ хэрээр ч аймшиг­тай, хүнд гэмт  гэмт хэрэг гардаг байж. Би тэгж л боддог.Тухайн үед “Зиндаа”  сонинд ажиллаж байхдаа “Монголын нэг өдөр” сонинд дав­­хар ажилладаг байлаа. Өдөр, шөнө­гүй ажиллаж байсан юм шүү. Одоо та нар итгэхгүй дээ. Долоо хоногт завсар зайгүй со­нин хийж байсан. Хажуугаар нь сэтгүүлүүд тасардаггүй байлаа.

-Тэр үед  гарч байсан “шар” сонинуудыг  одооо харахад нар­гиантай ч юм шиг, инэээдтэй ч юм шиг харагдаад байдаг л даа?

-Ингэж дүгнэх нь ямар ч утга учиргүй юм. Одоо жишээ нь “Хань” сониныг аваад үз л дээ. Макетны хувьд урьд байгаагүй, өвөрцөц  гэвэл маргах хүн байхгүй. Гэтэл анх гарсан цагаасаа хойш 20 жил тасралтгүй  уншигчдын унших дуртай, хайртай сонин байсаар л байна. Энэ нь юуг хэлээд байна гэвэл тухайн сонины гадаад өнгө төрхөөс гадна нийтлэлийн бодлого, сэтгүүлчдийнх нь чадвар гэдэг хамгийн чухал гэдгийг л харуулж буй хэрэг. “Хань” сонин орон нутагт хамгийн их захиалга авдаг сонин шүү дээ. Ингэхээр “Хань” со­нины эрхлэгч Д.Батсүх ах  орон нут­гийн уншигчид юуг илүү их сонирхож байгааг олоод харчих­сан  хэрэг. Сонин гэдэг чинь бизнес, мөнгө олох тал­бар шүү дээ. Энэ талбарыг яаж хамгийн оновчтой ашиглах, хэр­хэн  чадвартай ажил­лахаас л энэ салбарт илүү олон жил амжилттай ажиллах нь шалт­гаална.

-“Зиндаа” сонины захиалга гуравхан хоногийн дотор 10 гаруй мянгаар нэмэгдэж байсан гэх юм билээ. Энэ ажлыг та бүхэн хэрхэн яаж амжуулсан юм бэ?

-Гурван орой ярилцсан юм аа. “Зиндаа” сонины хажууд “Хийморь” гэдэг сонин гардаг байв. Тэр сониныг эрхлэн гаргагч маань Цэргийн начин А.Тэгшээ гэдэг ах минь байлаа шүү дээ. Тэгээд манай хоёр сонины редакци хуралдсан юм. Бөөн юм болсон. Тэгтэл “Хичээлийн шинэ жил эхлэх гэж байна.

Хүүхдүүдэд үлдэцтэй хожим хэрэгтэй ажил хийе гэсэн миний санал дэмжигдэж олонхын санал авдаг юм байна. Тэгээд Монгол-Орос, Монгол-Хятад, Монгол-Япон, Монгол-Солон­гос  гээд хийе гэсэн. Тэгсэн чинь манайхан 100 хувь дэмжсэн. Үндсэндээ дөрвөн ярианы дэвтэр хийсэн нь одоо ч хэрэг­­лэгдэж байгаа шүү. Бүгд нийлээд 700 гаруй хуудас ном болсон.

-Та өнөөдөр Монголын чөлөөт хэвлэлд яах аргагүй 20 гаруй жил ажиллаж яваа юм байна. Харин хамгийн их гар нийлж явсан хүн гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Хамгийн их гар нийлсэн сэтгэлд үлдсэн хүн гэвэл Мандах­баярыгаа л  хэлнэ дээ. За бас зурхайч Л.Тэрбишдагва  гуайн хуанлийг дурсах хэрэгтэй гэж бодож байна. Яагаад гэвэл “Зин­даа”  сонины захиалгын гүйл­­гээнд Л.Тэрбишдагва гуйан хуан­­лийг оруулсан юм л даа. Энд нэг юм хэлэхэд Л.Тэрбишдагва гуайн хуан­лийг Улаанбаатарт ирэ­хээс өмнө хэдэн мянган хувиар хуурам­чаар үйлдээд авч ирээд тарааж байсан юм. Би тэрийг нь харж л байлаа. Тэр ч үүднээс оюуны эрхээ хам­гаа­­лах гэж Л.Тэрбишдагва гуай Мандах­баяртай тухайн үедээ 60 сая төгрөгийн гэрээ байгуулж байсан. Л.Тэрбишдагва гуайн тэр хуанли урд 110 мянган хувь хэвлэгдэж ирээд ямар ч ашиг олоогүй л дээ. Бид чинь Нарантуул захаас өдөрт 20 гаруй хуурамч хэвлэл зарагчдыг барьдаг байлаа шүү дээ.

-За бид хоёрын ярилцлага өндөр­лөж байна. Монголын Сони­ны холбоо байгуулагдсаны 15 жи­лийн ойд зориулаад юу хэлэх вэ?

-“Өглөөний сонин”-ы энэ цув­рал ярилцлагыг зарим нэгийг нь унш­­сан. Монголын сэтгүүлзүйд гавьяа байгуулсан эрхэм хүнд­­­тэй хүмүүсийн араас өчүүхэн ярилц­­­лага өгөх боломж олгосонд үнэхээр их баярлалаа. Монголын Сони­­ны Холбооны 15 жилийн ойг тохиолдуулан нийт сэтгүүлч та бүхэндээ ажлын амжилт, амьд­ралын сайн сайхан бүхнийг хүсье.

Д.Энхтүвшин

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …