Талийгаач нар иргэн Д.Бадрахад хэрэгцээний модыг нь бэлдэж яваад амиа алдсан
Өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймгийн Түшиг суманд уулнаас мод бэлтгээд явж байсан “Шинэ-Бадрах” ХХК-ийн гурван ажилтан осолд орж амиа алдсан хэрэг гарчээ. Энэ тухай мэдээлэл ихэд нууцлагдмал байгаа хэмээн нутгийн иргэд хэлж байна. Тодруулбал Сүхбаатар сумын IV багт орших “Шинэ-Бадрах” ХХК-ийн дөрвөн ажилтан “Хар-Горхи” гэдэг газар уулнаас мод бэлтгэн, түүнийгээ “Зил-131” автомашинаар тээвэрлэжээ. Ингэхдээ кабиндаа дөрвүүл явж байсан аж.
Тэд ийн олуулаа нэг машины кабинд сууж даац хэтрүүлснээс болж машин нь гэнэт л уулын уруу өнхөрч, улмаар ачиж явсан модондоо дарагдаж, гурав нь газар дээрээ нас барж, нэг нь эмнэлгийн яаралтай тусламж авч аймгийн эмнэлэгт хүргэгджээ.
Хамгийн гол нь дээрх хүмүүс уулнаас мод бэлтгэхдээ өөрсдийн хайхрамжгүй байдлаасаа болж осолдсон хэдий ч тэдний хөдөлмөрийн аюулгүй байдлыг “Шинэ-Бадрах” ХХК хариуцах ёстой гэдгийг эх сурвалжууд хэлж байсан юм.
Иргэдийн хэлсэнчлэн ажилчиддаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах заавар зөвлөгөө өгдөг бол ийн гурван хүн алтан амиа алдаж, олон хүн өнчрөхгүй байсан нь мэдээж.
Түүнчлэн иргэдийн хэлж буйгаар тус компанийн захирал Д.Бадрах /нутгийнхан Баатар гэж дууддаг/гэгч нь хуулийнхантай их л сүлбээтэй ойр дотно байдаг учраас энэ хэрэг хэрэгсэхгүй болох магадлалтай гэнэ.
Нутгийн иргэд бидэнд мэдээлэл өгөхдөө “Д.Бадрах “Түшиг”, “Цагаан-Нуур” суманд модны хэд хэдэн хөрөө рам ажиллуулдаг. Түүнчлэн дээрх хоёр газарт нөхөрлөл гэсэн сайхан нэрээр халхавч хийн уулын амыг тэр чигт нь аваад байгаа нөхөр.
Уг нь орон нутгийн иргэдийг хэрэгцээний модоор хангана гэж уулын амыг авсан мөртлөө зөвхөн өөртөө мөнгө олох зорилгоор ашиглах болсон. Талийгаачид Д.Бадрахад хэрэгцээний мод бэлдэж яваад амиа алдсан шүү дээ.
Одоо амьд үлдсэн нэг хүний бие маш муу байна. Өнөөдөр /өчигдөр/ талийгаач болсон гурван хүний хоёрынх нь буяны ажил дууссан. Сэлэнгэ даяараа гашуудлын байдалтай хэцүүхэн л байна даа. Хамгийн гол нь эл хэргийг аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа гэх ч хэн гэдэг мөрдөн байцаагч шалгаж байгаа нь ихэд нууцлагдмал байгаа юм.
Уг нь энэ жижигхэн газар тэр байцаагч шалгаж байна гэж дорхноо л мэдэгддэг юм. Гэтэл энэ тухай мэдээллийг аймгийн уугуул иргэд бид мэдэхгүй байна гэхээр сонин байгаа биз дээ. Тиймээс бид гурван айлын гал голомт эзгүйрсэн энэ хэргийг талийгаачдыг таньж мэддэгийнх нь хувьд үнэн зөвөөр хурдан шийдээсэй гэдгийг л хүсч байна.
Үхсэний хохь болоод өнгөрдөг ослын олон хэрэг байдаг шүү дээ. Дээрх гурван хүн ажлаа хийж яваад осолдож амиа алдлаа гэдгийг л хэлэх гэсэн юм. Түүнээс энд хэн нэгний мууг үзэж, хариуцлага тооцуулах гэсэн юм огт байхгүй. Зөвхөн мод яаж ачих зааварчилгааг хэн өгсөн гэдгийг тогтоож талийгаачдын ар гэрийг бага ч болов дэмжээсэй гэдэг үүднээс хандаж байгаа юм шүү” гэлээ.
Ямартай ч талийгаачдыг таньж мэдэх ойр дотны хүмүүс нь хэрэг үнэн зөвөөр шийдэгдээсэй гэж ийнхүү бидэнд дээрх мэдээллийг өгсөн юм.
Мөн тэдний хэлж буйгаар “Шинэ-Бадрах” ХХК-ийн захирал Д.Бадрах нь өнгөрсөн оны орон нутгийн сонгуульд ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан нэгэн гэнэ. Төлөөлөгчөөр сонгогдсон тэрбээр Сэлэнгэ аймгийг тэр чигт нь эзэгнэж ихэнх сумдын уулын амыг бүхэлд нь авч мод бэлтгэдэг аж.
Түүнчлэн энэ оны нэгдүгээр сард түүнийг уулнаас нойтон мод бэлтгэсэн хэмээн хавтаст хэрэг нээсэн ч хэрэгсэхгүй болгож байсан түүхтэй аж. Тиймээс нутгийн иргэд энэ хэргийг мөн замхарч мэдэх вий хэмээн санаа зовниж буй юм билээ.
Бид өнгөрсөн тавдугаар сард Д.Бадрахын хууль бус үйлдлийнх нь тухай товчхон дурьдаж байсан. Товчхондоо ар тал сайтай Д.Бадрахыг дээрх ослын хэргийг нуун дарагдуулах сүйхээтэй нэгэн гэж хүмүүс хардсан хэрэг.
Учир нь хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан байхад одоог хүртэл нэг ч хүнийг хариуцагчаар татаагүй байгаа гэнэ. Уг нь осол гарсан компанийн удирдлагуудыг дуудан хуулийнхан шалгаж нягталдаг. Гэтэл энэ үйл явц одоог хүртэл тус аймагт явагдаагүй гэдэг нь тун хачирхалтай.
Түүнчлэн эх сурвалжууд Д.Бадрахад нөлөөлж, тус болж мэдэх хүн тус аймгийн цагдаагийн газрын томоохон албан тушаалтан хэмээн мэдээлж байсан. Эл эрхэм нь Д.Бадрахын олон хэргийг хаацайлж, хэрэгсэхгүй болгон өөрт ашигтайгаар эргүүлж байсан гэдэг.
Ямартай ч ажлаа хийж явсан гурван хүн амиа алдлаа. Тиймээс Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрынхан энэ хэрэгт ихээхэн анхаарал тавьж, танил талаа харж бус үнэн зөвөөр шийдэж хохирогчдын ар гэрт дэмжлэг үзүүлээсэй гэж нутгийн иргэд нь ихээхэн хүсч байгааг уламжлах нь зүйн хэрэг байх. Товчхондоо Сэлэнгийн цагдаагийн газар гурван хүний амь эрсэдсэн авто ослыг нууцалсан уу.
Үргэлжлэл бий…
Р.Саруул