Орон нутгийн сонгуулиар нийслэл хотын удирдлагад ардчилсан нам олонхи болсон. Тэд нийслэлийн бодлогыг хэрэгжүүлж эхлээд жил хагас гаруй хугацааг өнгөрүүлжээ. Э.Бат-Үүл даргатай нийслэлийн удирдлагуудын хийж хэрэгжүүлж байгаа олон ажилд нийслэл хотын иргэд ам сайтай байгаа ч сүүлийн үеийн зарим “бүтээлч бус”ажил, шийдвэрт нь шүүмжлэлттэй хандах хүмүүс цөөнгүй байна. Нийслэлийн удирдлагууд маань гудамж талбайн нэр солих, хөшөө буулгах, нураах зэрэг ажилд илүүтэй анхаарах болсон нь харамсалтай.
Аливаа хөшөө дурсгал нь түүхэн үйл явдлын утга агуулгыг илэрхийлж байдаг. Түүхэн бие хүмүүсийн нэр бүхий хөшөө, гудамж талбай нь түүний нийгэмд хийж гүйцэтгэсэн үүргийг тодотгодог. Харамсалтай нь АН-ын нийслэлийн удирдлагуудад энэ мэтийг бодох, ухаж ойлгох сөхөө үгүй бололтой. Анх комбинатын цагаан хаалгыг буулгаснаар эхлэсэн тэдний ажил Сүхбаатарын талбайг Чингис хааны талбай болгож өөрчилсөн, Лениний хөшөөг буулгаж оронд нь Д.Нацагдоржийн хөшөөг байрлуулсан, одоо удахгүй Тусгаар тогтнолын талбайн нэрийг Ардчилалын талбай болгон өөрчилж, хөшөөг нь буулгаж, оронд нь VIII богд Жавзундамба хэмээх төвд хүний хөшөөг босгох шийдвэр гаргаад байгаа гэнэ.
Комбинатын “Цагаан хаалга”-ыг буулгахыг авто замын уулзвар баригдах газар байршсан гэдгээр нь, Лениний хөшөөг нураахыг социализмын үлдэгдлээс салсан гэдгээр нь, Сүхбаатарыг талбайг Чингис хааны талбай гэж нэрлэх болсныг Эзэн хаандаа хүндэтгэл үзүүлж байгаа гэдгээр нь, анхдугаар үндсэн хууль батлагдсан өдрийг Чингис хааны төрсөн өдрөөр сольсныг хүмүүс ойлгож хүлээн зөвшөөрсөн бол нийслэлийн удирдлагын энэ удаагийн дээрх шийдвэрт олон хүмүүс дургуйцэж байна. Тэгээд ч Тэнгис кинотеатрын өмнөх Тусгаар тогтнолын хөшөөг улс орныхоо тусгаар тогтнолын төлөө амиа өргөсөн хүмүүст зориулан Монгол нутагт төрт улс үүсэн байгуулагдсаны 2220, Их Монгол Улсын 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойг тохиолдуулан 2011 онд буюу хоёр жилийн өмнө босгосон.
Есөн хөлт цагаан туг, дөрвөн зүг, найман зовхис, хана хэрэм, бат бөх байдал, босоо сумны зэвийг дүрсэлсэн уг хөшөөг нээж тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболд “Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, бичиг соёл, гүн ухаан, хүсэл тэмүүллийн гайхамшгийг чимэг болгон харуулсан энэ сүрлэг хөшөө өргөн утга агуулгатай “гэрэлт цамхаг”, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх “үнэт дурсгал”, үүрд мөнхөд оршихуйн ”билэгдэл” мөн” хэмээн хэлж байсан. Харамсалтай нь тусгаар тогтнолын төлөө амиа өгсөн хүмүүсийг сануулан үүрд мөнх орших учиртай хөшөө маань ердөө л хоёрхон жилийн настай байжээ.
Тусгаар тогтнолын төлөө халуун амь, бүлээн цусаа өргөсөн монгол түмний бэлгэдэл болсон энэ хөшөөг манжийн бодлогоор монголд ирүүлсэн 8-р богд Жавзундамба хэмээх цагаач Төвд хүний хөшөөгөөр солих бурангүй шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргажээ. Тусгаар тогтнолын төлөө зүтгэсэн хүмүүсийн зүтгэлийг ийнхүү АРДЧИЛСАН удирдлагууд үгүйсгэж, үл хүндэтгэж хандаж байгаагын зэрэгцээ хоёрхон жилийн өмнө цэвэр гантиг чулуугаар нэлээдгүй өртөгөөр бүтээсэн дээрх хөшөөний өртөгийг ч л үл хайрхан нурааж, оронд нь төвд хүн VIII Жавзундамын хөшөөг босгох ажлын нээлтийг энэ сарын 30 –ний өдөр болох Богд хаант тусгаар Монгол улс байгуулагдсны 102 жилийн хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Уг нь арай жаахан алсыг харвал Богд Жавзундамбын монгол улсын тусгаар тогтнолын төлөө зүтгэсэн үүрэг оролцоо одоогийн Тусгаар тогтнолын бэлгэдэл болсон гэрэлт цамхагт агуулагдаж байгаа. Харамсалтай нь сольж, нурааж, буулгаж, хураах “хобби”-той Үүл даргатай хотын удирдлагууд үүнийг харах сөхөөгүй, тархигүй, ухаангүй бололтой.
Алсын цараатай шийдвэр гаргах нь тулхтай улстөрчдийн бодлого байдаг гэдгийг энд зориуд хэлье.
А.Галт