Ховд аймаг: 2013 оны шилдэг 9 залуу тодорлоо

994408_654610504581989_654426030_n“Сүү өргөж амьдаръя” уриан дор  Ховд аймгийн Залуучуудын холбоо, Залуу удирдагч сангаас хамтран зохион байгуулсан “NEXT STOP” оны шилдэг залуу тодруулах ёслолын ажиллагаа, шинэ жилийн цэнгүүний үеэр ажилласан салбартаа амжилт гаргасан 2013 оны шилдэг 9 залуу тодорлоо.
Энэ жилийн оны шилдэг залуу шалгаруулах үйл ажиллагааг цахим мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарлахаас гадна албан байгууллагуудад бичиг хүргэсний дагуу 30 гаруй залуугийн материал ирснээс салбар бүрийн төлөөлөл болсон 9 залууг 2013 оны ажлын үзүүлэлт, амжилтыг нь үнэлж шалгаруулсан байна.
2013 оны эрүүл мэндийн салбарын шилдэг залуугаар БОЭТийн амбулаторын тасгийн дотрын их эмч Лхагвацэрэнгийн Бадамхорлоо шалгарлаа.
Тэрээр 2013 онд алсын дуудлаганд 27 удаа, хот дотор 89 удаа дуудагдаж, зүрх зогссон 5 удаагийн тохиолдолд нарийн мэргэжлийн ур чадвар гаргаж сэхээн амьдруулах эрчимт эмчилгээг хийж хүний алтан амь насыг аварчээ. Л.Бадамхорлоо эрүүл мэндийн салбарт 14 жил ажиллаж яваа залуу юм.
Боловсролын салбарын оны шилдэг залуугаар ХИС-ийн ГХСС-ын Сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын тэнхмийн багш н.Нямдаваа шалгарсан байна. Тэрбээр бага суурь боловсролын монгол хэлний дүрэм, түүний шинэчилсэн найруулга, Монголын орчин үеийн уран зохиолд нөлөөлсөн хүчин зүйлс зэрэг эмхтгэл бүтээл, ном, гарын авлага бэлтгэн хэвлүүлжээ. Боловсролын салбарын шилдэг залуу Нямдаваа 8 оюутны судалгааны ажил, 2 оюутны бакалаврын ажил удирдсан байна. Мөн 19 эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлж, 9 бүтээлд өгүүлэл хэвлүүлжээ.
Бизнесийн салбарын шилдэг залуугаар Ирээдүйн эзэд интернэт сургалт мэдээллийн төвийн захирал н.Болд шалгарсан байна.
Соёл урлагийн салбарын шилдэг залуугаар Алтан гадас одонт ХДТ-ын хөгжимчин хөөмийч Ч.Баатарсүрэн шалгарлаа. 2013 оны 8 сард Улаанбаатар хотноо ОУ-ын хөөмийчдийн дунд зохиогдсон Япон улсын нэрт хөгжмийн зохиолч Эндо Минорүгийн “Хойт нутгийн хавар” дууны уралдаанд 3 байр, 11 сард ОУ-ын хөөмийчдийн салхиар дуулагч хөөмийн их наадамд тусгай байр эзэлсэн амжилтаараа шалгарчээ.
Спортын салбарын шилдэг залуугаар хөлбөмбөгийн холбооны шүүгч, дасгалжуулагч А.Анхбаяр шалгарлаа. Үндэсний цом 2013 тэмцээнд 3 байрт шалгарч улсын тэмцээнээс анх удаа медаль хүртсэн амжилтаараа шалгарсан байна.
Хууль эрхзүйн салбарын оны шилдэг залуугаар аймгийн шүүхийн шүүгч М.Нямбаяр тодорлоо. Хууль зүйн салбарт 8 дахь жилдээ, шүүх эрх мэдлийн салбарт 3 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна.
Банк санхүүгийн салбарын оны шилдэг залуугаар Хаан банкны тооцооны төвийн захирал н.Төрбат шалгарлаа
Иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагын оны шилдэг залуу номинацид Мерси кор ОУБ-ын бүсийн хөтөлбөрийн ажилтан Н.Жавзанханд шалгарсан. Тэрээр 26 удаагийн сургалтыг 390 хүнд, 48 удаагийн зөвлөгөөг 55 хүнд өгөхөд хамтарч ажиллажээ.
ХАА-н салбарын оны шилдэг залуугаар Хөгжил политехник коллежийн газар тариалангийн багш Н.Батжаргал тодорчээ.
2013 оны шилдэг залуугаар шалгарсан эдгээр залуучуудын шагналыг ИТХ-ын залуучуудыг дэмжих лобби бүлгийн тэргүүн, аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат, ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Бөхболд, Залуучуудын холбооны дарга Г.Цоожхүү, Залуу удирдагч сангийн тэргүүн н.Батсайхан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Арбол, Харахат нар гардуулж, оны тэргүүний залуучууддаа баяр хүргэж ажлын амжилт хүслээ.

1 2 3 4 5 6 7 8 9

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …