Түүхэн кино хийх хүсэл эрмэлзлээсээ болж “Онц хүнд гэмт хэрэгтэн” гэгдэж шүүгдэх болчихоод байгаа “Галдан Бошогт Хаан” сан ТББ-ын тэргүүн Н.Батболдтой ярилцлаа.
-Хэдхэн сарын өмнө “Муушгийг заавал таван гар тоглох албагүй” гэдэг кино хийж явсан хүн яагаад өнөөдөр төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэх хэрэгт орчихдог байна аа?
-Тагнуулын Ерөнхий газраас намайг өнгөрсөн оны тавдугаар сарын 7-нд барьж саатуулсан. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 82.1-т зааснаар төр засгийн эрхийн хууль бусаар авахыг завдсан, хуувилдаан зохион байгуулсан гэх ямар ч ор үндэслэлгүй зүйл ангиар сэжигтнээр татан бүтэн 1.8 жил шалгаж, байцаалаа.
Үнэнийг хэлэхэд улс орон болон нийгэмд ямар нэгэн хохирол учруулаагүй учир хэвлэл, олон нийтэд хандахгүй өдийг хүрсэн юм. Гэтэл маргааш буюу энэ сарын 26-нд шүүх хурал болж, биднийг хийгээгүй хэргийн төлөө хилс хэргээр яллах гэж байна. Тиймээс яах аргагүй хэвлэл мэдээлэлд хандаж байна даа.
-Тэгэхээр хийгээгүй хэргийн тань төлөө ял оноож, хилс хэрэгт унагах гээд байгаа болж таарах нь ээ?
-Тийм ээ. Уг нь би Галданбошогт, Энх-Амгалан хаан, Өндөр гэгээн Занабазар болон өөрөөр хэлбэл тухайн үеийн Монголын ноёд түшмэдүүдийн хоорондын тэмцлийн тухай кино хийж өөрөө тоглох хүсэлтэй явсан. Учир нь би Галданбошогт хааны төрсөн дүү болох Доржзовджамин гэдэг хүний удмын хүн байгаа юм. Энэ ч үүднээсээ “Галдан Бошогт Хаан” сан ТББ-ыг 2008 онд байгуулсан. Би Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул. 1995 онд СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн. Дараа нь Удирдлагын академийг 2006 онд Бизнесийн удирдлага мэргэжлээр магистер хамгаалсан. Ирэх жил Галданбошогт хааны мэндэлсний 370 жил болно. Энэхүү түүхэн ойд нь зориулж кино хийх гэсэн биш ийм байдалд хүрчихлээ.
-Зүгээр л түүхэн кино хийх хүсэл, эрмэлзэлтэй явсан хүн яаж яваад төрийн эсрэг гэмтэн болчихсон юм бэ. Та жаахан дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
-Галданбошогт хааны тухай түүхэн кино хийх гэж явахдаа найруулагч Бадамрагчаатай танилцсан. Улмаар Бадамрагчаагийн “Суудал” нэвтрүүлэгт орсон юм. Гэхдээ “ETV” телевизийн энэхүү нэвтрүүлэгт олон хүн оролцсон л доо. Тухайн үед Бадамрагчаа найруулагч гурван хуудас цаас авч ирсэн байдаг. Тэнд нь нэвтрүүлэгт бэлтгэсэн сэдэв, асуултууд байсан. Би нийгмийн асуудлыг сонгож ярилцсан. Тухайн үед Бадамрагчаагийн асуусан асуултад хариулж, өөрийн үзэл бодлоо л хэлсэн. Гэтэл энэ нэвтрүүлэгт оролцсон гурав нь ийм асуудалд холбогдоод байна.
-ТЕГ-аас таныг өнгөрсөн оны тавдугаар сарын 7-нд сэжигтнээр татсан байдаг. Тухайн үед найруулагч Бадамрагчааг ч бас саатуулсан биз дээ?
-Тэгсэн. Тэр нэвтрүүлгийн дараа биднийг ТЕГ-аас саатуулсан. Ингэхдээ бидэнд урьдчилж ямар нэгэн зүйл хэлээгүй, бичиг ирүүлээгүй. Өглөө ажилдаа явах гээд гэрийнхээ гадаа байхад багтай хэдэн залуу хүрч ирээд шууд толгойнд хар даавуу углаж, гав зүүгээд л аваад явсан. Тэгээд болоогүй бүтэн өдөр гавтай, толгойд минь хар даавуу углаатай байлгасан. Би юу болоод байгааг үнэхээр ойлгоогүй. “Та нар чинь юу болоод байна аа, хүнтэй андуурсан юм биш биз” гэхэд шууд л “Та хэргээ хүлээ” гэсэн. “Ямар хэрэг” гэсэн чинь “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82.1-т зааснаар төр засгийн эрхийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан бол 16-20 жилээр яллана“ гэсэн зүйл анги уншсан. Тухайн үед ТЕГ-ын Мөрдөн байцаах тасгийн дарга Цогтбаатар гэдэг хүн байсан.
-Та авлига, хээл хахуулын хэргээр шалгагдаж байгаа гэх Д.Цогтбаатарыг хэлж байна уу?
-Тийм ээ. Энэ хүн өнөөдөр өөрөө авлигын хэргээр шалгагдаж байгаа. Шуудхан хэлэхэд энэ нөхрийг л албан тушаал, эрх мэдлээ ашиглаж гэм зэмгүй биднийг онц ноцтой хүнд гэмт хэрэгт гүтгэж байна гэж бодож байгаа.
-Та бүхнийг хилс хэрэгт гүтгэх нь ямар ач холбогдолтой гэж?
-2012 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө шоу, синсаци тарьж албан тушаалаа ахиулах гэж л биднийг хүн үнэмшмээргүй ийм хилс хэрэгт гүтгэсэн. Өөрөөр хэлбэл тэр хүн нэр төр, албан тушаал авах гэж хүний амьдралыг юман чинээ бодохгүй байна шүү дээ.
-Таныг хоригдох үед Цэнгэл гэсэн нэр гарч байсан санагдана. Та тэр хүнийг хэр сайн мэдэх вэ?
-Цэнгэл гэж өвөрмонгол залуу бий. Тэр яг нэг жил, хоёр сар 23 хоног хоригдсон. Үнэндээ 30 хоногийн хуурай өлсгөлөн зарлаад үхэх шахахад нь гаргасан юм билээ. Би Цэнгэл гэдэг хүнтэй найз биш. Найруулагч Бадамрагчаагаар дамжуулж 2-3 удаа л уулзсан. Гэхдээ хүнийг хилс хэрэгт гүтгэж байгаа ч гэсэн наана цаадахыг нь бодож үзэх хэрэгтэй баймаар.
Манай улс чинь Парламентын засаглалтай орон. Нэг үгээр хэлбэл Монгол Улсын төр засаг УИХ-ын 76 гишүүнтэй салшгүй холбоотой гэсэн үг. Гэтэл гуравхан хүн 76 гишүүнийг огцруулж төрийн эргэлт хийхийг санаараж чадна гэж үү. Яаж ч бодсон боломжгүй зүйл биз дээ.
-Шүүх хурал маргааш болно. Таны хэрэг дээр хэн гэдэг өмгөөлөгч ажиллаж байгаа вэ?
-А.Ганбат гэж өмгөөлөгч бий. Хүнийг гүтгэж, дормжлоод зогсохгүй эрхийг маань бүдүүлгээр зөрчсөн үйлдэл олныг гаргаж байна. Тухайлбал яллах дүгнэлт гэдэг зүйлээ бидэнд гардуулж өгөөгүй. Зөвхөн танилцуулчихаад л далд хийчихсэн. Гэтэл тэр яллах дүгнэлтэд нь төрийн нууцтай холбоотой нэг ч үг, өгүүлбэр байгаагүй.
-Та сая яллах дүгнэлтэд төрийн нууцтай холбоотой нэг ч материал байгаагүй гэж хэллээ. Үүнийгээ жаахан тодруулахгүй юу?
-Үнэхээр төрийн эсрэг өдүүлсэн ямар ч материал битгий хэл үг, үсэг ч байгаагүй. Хэдхэн хүмүүсийн яриа, гэрчийн мэдүүлэг зэрэг л байсан. Наад зах нь найруулагч Бадамрагчааг ТЕГ-аас ганц худагт сууж байхад нь Энхтөр байцаагч нэг хүнтэй ирж бичгийн хэвийг чинь шалгана гэж баахан юм бичүүлчихээд гарын үсэг зур гэхэд нь Бадамрагчаа гарын үсгээ зураагүй тэр материалыг яллах дүгнэлтэд оруулчихсан явж байх жишээтэй.
Ийм муухай аргаар хүнийг онц хүнд ноцтой гэмт хэргээр яллах гээд байна. Үүнийг төр засаг мэдээсэй, дуулаасай гэж бодож байна.
-Гэхдээ өнгөрсөн хугацаанд шүүх хурал хэд хэдэн удаа товлогдсон ч болоогүй гэж сонссон юм байна?
-“Нотлох баримт хангалтгүй” гэх үндэслэлээр шүүхээс хоёр удаа буцсан. Харин энэ удаа прокуророос эсэргүүцэл бичиж, улмаар шүүх хурлыг товлож байх шиг байна. Бид нийгэмд хор хохирол учруулаагүй. Биднийг баригдсаны дараа манай ажил болон гэрийг нэгжсэн.
Манайхаас үнэндээ нэг ширхэг сумны хэлтэрхий ч олоогүй. Үнэнийг хэлэхэд над мэтийн 40 гарчихсан хүн үлдсэн насаа, тэр тусмаа хилс хэргээр торны цаана өнгөрүүлнэ гэдэг нь цаазалж байгаагаас ялгаа алга. Тиймээс үүнийг эрх мэдэл бүхий, хууль тогтоодог хүмүүс нь анхааралдаа аваасай гэж хүсч байна.
-Хэвлэлд хандахаас өмнө хуулийн болон хүний эрхийн байгууллагад хандсан уу?
-Хүний эрхийн Үндэсний комисст хандсан. Цаашдаа Олон улсын хүний эрхийг хамгаалах газруудад хандах бодолтой байгаа. Хамгийн инээдтэй нь биднийг нууц задруулж болохгүй гэж гарын үсэг зуруулах гэж оролдсон.
-Нууц задруулах гэдэг нь юу гэсэн үг билээ?
-Бид зураагүй. Өөрсдийнхөө тухай олон нийт, хэвлэл мэдээлэлд хандаж болохгүй гэсэн утгатай юм билээ. Энэ чинь хүний эрх, эрх чөлөөг хэт зөрчиж байна шүү дээ.
-“Суудал” нэвтрүүлэгт орохдоо хамаагүй юм ярьчихсан юм уу?
-Янз янзын сэдэв, асуулт санал болгоход нь арай өргөн хүрээтэй юм гээд нийгмийн амьдрал, өнөөгийн байдлын талаар ярилцъя гэсэн юм. Тухайн үед “ Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэж Чингис хаан хэлсэн гэж манайхан ярьдаг.
Гэтэл үнэндээ “Сэтгэлийг засаад биеийг зас, биеийг засаад гэрийг, гэрийг засаад төрийг зас” гэсэн Нанхиадын Күнзийн хэлсэн үг гэх зэргээр нэлээд шүмжлэлтэй ярьсан л даа. Гэтэл энэ нэвтрүүлгийн тухай гурван хуудас материалыг ТЕГ-аас төр эргүүлчихээд хийх гэж байсан ажлууд чинь энэ үү гэж найруулагч Бадамрагчаад тулгаад байгаа. Гурван сая хүрэхгүй монголчууд бид нэг нэгнийгээ хайрлах хэрэгтэй. Бие биенээ үл хүндэлж, хоорондоо алалцаад байвал Монгол Улс яаж амар амгалан байж, яаж хөгжих билээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсын иргэн үзэл бодол, итгэл үнэмшлийнхээ төлөө хэлсэн үгэндээ эрүүгийн хариуцлага хүлээхгүй” гэж заасан байдаг. Уран бүтээлч бид сэтгэлийн хөөрөл, фантастик ихтэй хүмүүс. Түүнээсээ болоод нийгмийн болж бүтэхгүй зүйлийг янз бүрээр ярьж, хэлсэн байхыг үгүйсгэхгүй. Гэтэл биднийг их муухай, муйхраар гүтгэж хүний амьдралыг хярамцаг болгож байна даа.