Цөлжилт нь Монгол орны хувьд эрчимжиж байгаа, сүүлийн үед хүний болон байгалийн хүчин зүйлсийн нөлөөгөөр ихээхэн идэвхижиж нарийн түвэгтэй асуудал болоод байна.
НҮБ-ийн цөлжилттэй тэмцэх конвенцоос Монгол Улсын хөрсний онцлог, бэлчээрийн байдал, цөлжилтийн тархалтыг тооцоолон гаргасан байна. Уг тооцоонд Монгол Улсын нийт бэлчээрийн 90 гаруй хувь нь цөлжилт, хуурайшилт, бэлчээрийн талхлалт, газрын доройтлын үйл явцад өртөх магадлалтай нутагт хамрагдана гэжээ. Эдгээрээс цөлжилтөнд нэн хүчтэй өртсөн хэсэг 5 хувь, хүчтэй өртсөн нь 18 хувь, харин сул өртсөн хэсэгт 23 хувь нь тус тус хамрагдсан хэмээн тэмдэглэжээ. Энэ нь тодорхой бүс нутагт цөлжилтийн аюулын зэрэглэл нэмэгдэж, нутаг дэвсгэрийн 72 хувь хүртэл өргөжсөн байгааг харуулж байна. Монгол Улсын хэмжээнд хийгдсэн эрдэмтдийн олон жилийн судалгааны дүнд хуурайшил тал хээр, говь цөлийн бүсэд олон жилийн дунджаас 3.2-10 хувь, ойт хээрийн бүс, өндөр уулын бүслүүрт 10-15 хувиар нэмэгдсэн хэмээн гарчээ.
Улс орны сайн сайхны эх үүсвэр нь нэгэнт байгаль орчин, түүний бүрэн байдалтай салшгүй холбоотой байдаг тул байгаль орчныг хамгаалах асуудлыг эдийн засгийн өсөлт, нийгмийн тэгш байдлыг хангах зэрэг хөгжлийн бусад тэргүүлэх зорилт бүхий асуудалуудтай эн зэрэгцүүлэн тавьж, яаралтай шийдвэрлэх шаардлагатай болоод байна.
Цөлжилтийг үүсгэж буй хоёр гол хүчин зүйлийг хүний болон байгалийн хэмээн ангилж болно. Үүнээс хүний нөлөөл 87 хувийг, байгалийн хүчин зүйл нь 13 орчим хувийг эзэлдэг аж.
Байгалийн хүчин зүйлс:
- Мөслөгийн дараах удаан хугацааны өөрчлөлт, мөнх цас, мөнх цэвдэгийн хайлалт
- Уур амьсгалын хосолсон өөрчлөлт болон дэлхийн дулааралын нөлөө
- Газар зүйн байршил
- Гадарга, газрын ус доор байрлалтай
- Бага, жигд бус хур тунадасын хэмжээ
Хүний хүчин зүйлс:
- Бэлчээрийн талхагдал
- Атаршсан тариалангийн талбай
- Хагалаад орхигдсон талбай
- Хөрсний номрог хуулагдсан/салхинд элэгдсэн
- Уул уурхай эрхлэлт
- Ой мод болон бусад ургамлын зүйлийн замбараагүй хэрэглээ
- Шороон зам хэт их гаргасан
Цөлжилтийн шалтгаан:
Цөлжилт нь биологи, эдийн засгийн үржил шимийн хомсдол, газар тариалан, бэлчээр, модот газрын нарийн түвэгтэй асуудлуудыг хамардаг. Цөлжилт үүсэх шалтгаан нь гол төлөв уур амьсгалын хэлбэлзэл, хүний урт хугацааны тогтвортой бус үйл ажиллагаатай холбоотой. Газрыг тогтвортой бус ашиглаж буй хүний үйл ажиллагааны хамгийн түгээмэл хэлбэр нь газар тариалан, бэлчээрийг даац хэтрүүлэн ашиглах, мод бэлтгэл хийх, зохистой бус усалгааны систем хэрэглэх, уул уурхайн зохисгүй олборлолт зэрэг явдал юм. Дэлхийн хуурай газар нутгийн 70 хувь нь буюу 3600 сая га газар доройтсон байна. Ган гачиг нь хур борооны түвшин олон жилийн туршид стандарт түвшнээс бага байсны улмаас үүсдэг байгалийн үзэгдэл бөгөөд гангийн улмаас газрын доройтол бий болдог юм.
Тодорхойлж хэлбэл, хуурай, хуурайвтар, чийг дутмаг газарт цэвэр усны нөөц хязгаарлагдмал ба жилд унах хур тунадасны хэмжээ маш бага байдаг. Улирлын хувьсал өөрчлөлт, олон арван жилийн турш үргэлжлэн тохиолдсон уур амьсгалын хэлбэлзэл нь ган, гачиг үүсэхэд хүргэсэн. Хэдэн зууны турш, хуурай, хуурайвтар, чийг дутмаг газрын экологи, түүний хөрсний чийгшил, ургамал, амьтан нь уур амьсгалын энэхүү хэлбэлзэл, хурдацтай өөрчлөлтөнд дасан зохицож өөрчлөгдөж байна.
Түүнчлэн газрын нөөцийг эмх замбараагүй, зохицуулалтгүйгээр ашиглах боломж өнөөг хүртэл байсаар байгаа нь нийт иргэдийн ашиглах хэмжээний газрын нөөцийг цөөн хэдэн хүн өөрсдийн эрх ашгийн төлөө хэтрүүлэн ашиглах нөхцлийг бий болгож байна. Ядуу хүмүүс, ялангуяа ядуу эмэгтэйчүүдэд үржил шим бүхий газар ашиглах нөхцөл, боломж байдаггүй ба тэд хамгийн эмзэг газар, эмзэг нөөцөөс шууд хамааралтайгаар амьдарч байна. Эмзэг газар нь тэдний оршиж буй газар, аж амьдралынх нь эх сурвалж болсоор байна. Тэрхүү ядуу зүдүү байдал нь тэдэнд маш бага боломж, сонголтыг олгодог учраас тэднийг өөрсдөдөө байгаа хязгаарлагдмал хэмжээний газар, нөөцийг шавхагдаж дуустал буюу газрын даацыг хэтрүүлэн ашиглахад хүргэдэг нь газрын доройтлыг үүсгэж байгаа бас нэг шалтгаан болж байна.
Мөн хүн амын өсөлт нь цаад утгаараа цөлжилт үүсэх нэг шалтгаан болж байна. Тухайн газарт хэт их хүн ам төвлөрсөнөөр газрын нөөцөд асар их дарамтыг шууд учруулдаг. Нөгөөтэйгүүр зарим тохиолдолд газрын нөөцөд хүн амын үзүүлэх дарамт нь шууд бус хэлбэртэй байдгийн жишээ нь өсөн нэмэгдэж буй хотын хүн ам нь нягтшил багатай хөдөө, орон нутаг дахь хүнс тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагыг бий болгодог. Гэхдээ зарим тохиолдолд газрын менежментийг зүй зохистой явуулахад шаардагдах хэмжээний хүн ам байхгүйн улмаас цөлжилт үүсч болдог аж.
Цөлжилтийн үр дагавар:
Хөрс, ургамал, цэвэр усны хангамж, газрын бусад нөөц нь бүгд уян хатан шинж чанартай байх ёстой. Тэдгээр нь ган, хуурайшил гэх мэт цаг агаарын тэнцвэрт бус байдал, тэр бүү хэл бэлчээрийн талхлагдал мэтийн хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөнөөс нөхөн төлжих чадвартай байх ёстой. Доройтсон газарт өөрийгөө нөхөн төлжүүлэх уян хатан чанар нь алдагдаж, муудсан байдаг. Ийм газар нь физик болон нийгэм-эдийн засгийн сөрөг үр дагаварыг авчирдаг. Ухаж төнхөгдсөн, элэгдэж доройтсон өнгөн хөрс нь салхинд үлээгдэж, эсвэл аадар бороонд угаагдан арилдаг. Гуу жалга, хагарал гарч, хөрсөнд байдаг амин чухал шим тэжээллэг хэсэг нь салхи, усны нөлөөгөөр элэгдэж, улмаар хөрсний физик бүтэц, биохимийн бүрэлдэхүүн нь өөрчлөгдөж, эдийн засгийн ач холбогдол буурдаг ажээ. Түүнээс гадна буруу хийгдсэн усны суваг, усалгааны систем нь усны түвшинг нэмэгдүүлж, хөрсийг намагшуулж, улмаар хөрсөнд давс нэвчихэд хүргэж болзошгүй.
Газрын доройтлын улмаас үүсэх шалтгаан, үр дагаварын нэг бол ургамлын бүрхэвч алдагдах явдал юм. Сул хөрсний ургамал элсээр үлээгдэн, элсэнд булагдах эсвэл элсний урсгал нь тэдгээрийн үндсийг маш ихээр гэмдээж орхидог. Малыг хэт ихээр бэлчээрлүүлэх, эсвэл газрыг зүй бусаар даацыг нь хэтрүүлэн доройтуулбал үр ашигтай нутаг дахь ургамлын зүйл устаж, харин шаардлагагүй хогийн харь ургамлын зүйл газар авч болзошгүй болдог.
Газрын доройтол болон хүнс тэжээлийн үйлдвэрлэл хоёр шууд холбоотой учраас цөлжилт нь дэлхий нийтээр анхааран санаа зовниж буй тулгамдсан асуудал болоод байна. Өсөн нэмэгдэж буй дэлхийн хүн амыг ирэх 50 жилд шим тэжээллэг хоол хүнсээр хангахын тулд хүнс тэжээлийн үйлдвэрлэлийг одоо байгаагаас даруй 3 дахин ихэсгэх хэрэгтэй болох аж. Байгаль цаг уурын хамгийн сайн, таатай нөхцөлд ургац тариалж, хүнс тэжээл үйлдвэрлэсэн ч энэ их хүн амыг бүрэн хангахад маш хэцүү байх юм. Хэрвээ цөлжилт, ган хуурайшилтыг зогсоохгүй, түүний эсрэг тэмцэх томоохон өөрчлөлтийг хийхгүй бол цөлжилтөд нэрвэгдсэн олон газрын хүнсний үйлдвэрлэл, ургац тариалалт буурах болно. Улмаар хүнс тэжээлийн дутагдал, өлсгөлөн хомсдол гарна. Хөрсний доройтол, ургац хураалт хоёр нь маш ховор тохиолдолд шууд харилцан холбогддог. Хөрсний үржил шим, ургацанд цаг агаар, халдварт өвчин, хортон шавьж, газар тариалангийн хэрэглэж буй арга технологи, гадаад зах зээл болон эдийн засгийн бусад дарамт шахалтууд гээд олон янзын хүчин зүйл нөлөөлдөг.
Сүүлийн жилүүдэд цөлжилт ба ард олны нүүдэллэлт, шилжилт хөдөлгөөн хоёрын хоорондох харилцан зөрчил улам бүр нэмэгдсээр байна. Эдгээр хүмүүсийн шилжин суурьшсан хот, тосгон түүний орчим дахь байгалийн нөөц нэлээд хүнд дарамтанд байна. Амьдралын хүнд хэцүү нөхцөл, соёлын эд зүйлсийн алдагдал нь ирээдүйд нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулах аюулд хүргэж байна
Газрын доройтол нь нам дор газар үер ихээр буух шалтгаан болдог ба усны чанар, гол мөрөн, нуурын шүүлтийн давхаргыг муутгаж, усан сан болон усны сувгуудад шаваржилт үүсгэдэг. Мөн газрын доройтол нь шороон шуурга, агаарын бохирдол үүсгэж улмаар машин техникийн эвдрэл, үзэгдэх талбай багасах зэргээр хүмүүст сэтгэл зүйн дарамт бий болгодог. Салхиар үлээгдсэн шороо нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, нүдний халдвар, харшил гэх мэт амьсгалын замын янз бүрийн өвчний шалтгаан болдог байна.
Иймээс цөлжилтийн эсрэг хүн бүр нэгэн сэтгэлээр хөдөлж байгаль эхээ хамгаалахаар сэтгэл шулуудвал энэ бүх аймшигт аюул заналыг багасгаж, эх дэлхийгээ аварч үлдэх боломж дүүрэн байгаа. Бидний хийж чадах арга хэмжээ бол цөлжилтөөс урган гарах асуудлыг нийтэд таниулах, мод бут олноор тарих, газар тариалангийн үр дүнтэй туршлага аргуудыг нэвтрүүлэх, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд оролцохоос гадна олон нийтийг хамруулах зэрэг ажлууд нэн түрүүнд шаардлагатай байгаа юм. Түүнчлэн төрөөс авч хэрэгжүүлэх боломжтой алхмууд бол хөдөө орон нутгийн амжиргааг дэмжих, ногоон ургамлын масс бий болгох, газрын хөрсийг эвдлэн зам тавих, ашигт малтмал олборлох зэрэг ажиллагааг зогсоох, цөлжилтөнд өртөж буй болон өртсөн газруудыг тогтоож тэдгээр бүсэд мал бэлчээхгүй байх, байгалийн нөхөн сэргээлтийн асуудалд нухацтай хандах ба иргэдэд шаардлага тавих зэрэг юм. Мөн НҮБ-аас цөлжилттэй тэмцэх конвенц байгуулж цөлжилтийн эсрэг системтэй, цогц арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн нь хүн төрөлхтний оршин тогтнохуйг аврах нэгэн томоохон арга хэмжээ болж байгаа юм.
О.Энхмаа