Уругвай довтлогч Луис Суарэз “Kop Kids” нэвтрүүлгээр орж нэгэн англи жаалтай хөөрөлдсөнийг Ливэрпүүлийн албан ёсны Youtube сайт дээр тавьжээ. Жаалхүүг Финн гэдэг.
Финн: – Хоёулаа нэг нэг аяга цай уух уу?
Суарэз: – За тэгье.
Финн: – Эхлээд энэ юу гэдгийг асуухыг хүсч байна?
Суарэз: – Энэ бол ногоон цай. Уругвай цай л даа. Чи үүнийг амсаад дэмий байх, чамд таалагдахгүй. Амт нь их хүчтэй байдаг юм.
Финн: – Англид цай их уудаг л даа. Бид нар цайндаа жигнэмэг дүрж идэх дуртай, ингээд л…
Суарэз: – Наадах чинь таргалуулна шүү.
Финн: – Та жигнэмэг идэж үзсэн биз дээ?
Суарэз: – Идэлгүй яахав, алив наадхаас чинь амсаадхая.
Финн: – За, одоо жаахан нухацтай асуулт асууя. Таны хүү Ливэрпүүлд төрсөн. Тэр скауз хүн болох уу?
Суарэз: – Тийм ээ, би бас тэгж бодож байна. Манай охин ч бас цэцэрлэгт явдаг. Тэр скауз хүн шиг л ярьдаг. Түүнийг англиар ярихаар би сайн ойлгодоггүй юм, хэ хэ.
Финн: – Та дасгалжуулагчтайгаа ямар харилцаатай байдаг вэ?
Суарэз: – Тэр их сайн дасгалжуулагч. Тэр тоглогчидтой ярилцах дуртай. Дасгалжуулагч бидэнд итгэж талбайд гаргадаг болохоор тоглогчдод ч сайхан байдаг.
Финн: – Та гоолоо тэмдэглэхдээ гараа ингэж солбиод, бугуйгаа үнсэж, мөн энэ хуруунуудаа үнсдэг. Энэ ямар учиртай юм бэ?
Суарэз: – Хэ хэ, чи миний гоолын тэмдэглэгээг сайн хараагүй юм байна. Би хэзээ ч бугуйн дээрээ үнсдэггүй. Харин бугуйныхаа доор, мөн энэ хуруун дээрээ үнсдэг. Харин гараа ингэж солбидог. Энэ ядам хуруун дээрээ үнсдэг, эхнэрийнхээ төлөө. Тэгээд эндээ, бугуйныхаа доор бас үнсдэг, энд миний охины нэр байдаг юм. Одоо би энэ гурван хуруугаа үнсэж байгаа (эрхий, долоовор, дунд хуруугаа заав), миний эхнэр, хоёр хүүхэд гэсэн үг. Шуун дээрээ Бенжамин хүүгийнхээ нэрийг шивэхээрээ гурван хуруугаа ингэж үнсэхээ болино. Яагаад гурван хуруугаа үнсдэгийг одоо ойлгов уу.
Финн: – Харин би гоол хийхээрээ өвдгөн дээрээ ингэж гулсаад хоёр гараа ингэж өргөдөг.
Суарэз: – Гоё л юм байна шүү.
Финн: – Танд Даниэль Старрижийн гоолын баяр таалагддаг уу?
Суарэз: – Тийм ээ, таалагддаг. Гэхдээ би хэзээ ч тэгж бүжиглэх гэж оролдож байгаагүй. Ер нь чадахгүй байх. Хүн бүр өөрийн гоолын тэмдэглэгээндээ дуртай. Би өөрийнхдөө дуртай бол, Даниэль бас өөрийнхдөө дуртай.
Финн: – Хэзээ нэгэн цагт Ливэрпүүлтэй Премьер лигийн цом хүртэнэ гэж боддог уу?
Суарэз: – Энэ бол миний мөрөөдөл. Яагаад гэвэл би нэг л өдөр Ливэрпүүлтэй лигт түрүүлнэ, эсвэл ямар нэг том цом хүртэнэ гэж итгэдэг. Би лигт түрүүлбэл би эхлээд гэр бүлээ бодно, дараа нь үүнийг хэлж байсан чи санаанд орно доо.
Финн: – Би довтлогч л доо, надад зөвлөгөө өгөөч. Яаж тань шиг сайн довтлогч болох вэ?
Суарэз: – Хэ хэ, заримдаа аз тохиодог. Чи хичээж байгаа бол сайн хэрэг. Заримдаа би хууралт хийгээд хамгаалагчийн хөлөн дундуур гаргах дуртай. Гэхдээ сүүлийн үед Англид хамгаалагч нар ингэж хуурагдахаа больчихоод байна. Намайг мэдчихээд хөлөө хаачихдаг болчихоод байна, хэ хэ…
эх сурвалж: ливерпүүлфс.мн Б.Нямдорж