Пиротехникийн хэрэгсэл буюу салют, тэсрэх бодисийг хууль бусаар худалдаалах, хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргаад байгаа билээ. Гэвч үйлчилгээний төвүүдэд хууль бусаар салют чөлөөтэй худалдаж байна гэх мэдээлэл иргэдээс ирж байгаа аж. Тиймээс ирсэн мэдээллийн дагуу томоохон баар, цэнгээний газар, худалдааны төв болон ТҮЦ-үүдэд шалгалт явуулж эхэлсэн байна.
Шалгалтаар пиротехникийн хэрэгслийг хууль бусаар борлуулж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль ногдуулах тухай Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Онцгой байдлын газраас иргэдэд хандан гэр орондоо бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа шатамхай цаас, саа, хөвөн зэргээс хол хаяхыг сануулж байна. Түүнчлэн оргилуурт гэрэл, тэсрэх бодис нь 25 секунд ажиллаад, 1.6 м өндөрт гэрэл цацруулдаг тул өрөө тасалгаандаа хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.