ЭХЭМҮТ-д энэ сарын 23-нд Сэлэнгэ аймгийн иргэн Э.Хандаа дөрвөн ихэр хүүхэд төрүүлж, улс орондоо дөрвөн иргэнээр бэлэг барилаа. Дөрвөн ихэр хүүхдийн гурав нь хүү, нэг нь охин бөгөөд сүүлийн 20 жилд ийм тохиолдол гарч байгаагүй талаар албаны хүмүүс хэлж байгаа юм.
Харин зарим эмч, мэргэжилтнүүд Монголд анх удаа дөрвөн ихэр хүүхэд төрж байна ч гэж ярьсан байсан. Ямар ч байсан нэгэн залуу гэр бүл дөрвөн ихэр хүүхэдтэй болж, баярлаж хөөрч байна. Саяхан Эрүүл мэндийн сайд Н.Удвал өөрийн биеэр ихрүүдийн ээж, аавтай уулзаж, баяр хүргэж, эмч нарт нь сайн асарч, бойжуулахыг захиж байна билээ. Сайхан л хэрэг.
Тэр үед зарим компани ихрүүдийн зургаан сарын живхний хэрэглээг хангахаар амласан байсан. Мөн ЭХЭМҮТ-өөс карт нээж өгч, ихрүүдийг 18 нас хүртэл нь ямар нэг дараалалд зогсохгүйгээр үйлчлүүлэх эрх өгсөн. Энэ мэтээр эхнээсээ тусалж дэмжих хүмүүс гарч ирж л байна. Түүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөрвөн ихэр хүүхэд төрүүлсэн залууст баяр хүргэж, гарын бэлэг гардуулсан.
Энэ мэтээр төрийн өндөр дээд албан тушаалтнууд баяр хүргэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ зөвхөн баяр хүргээд өнгөрөхгүй байх. Гурван ихэр хүүхэд төрөхөөр төрөөс дэмжлэг тусламж өгдөг. Гэтэл дөрвөн ихэр хүүхэд төрчихлөө. Тиймээс дөрвийн дөрвөн ихэр үрсэд төр тусалж, сайн сайхан өсч торниход нь хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна. Гэхдээ сард хэдхэн төгрөг өгөөд аргалалгүй тусалсан шиг туслах хэрэгтэй. Ихрүүдийн аав өнгөрсөн хавар л сургуулиа төгссөн юм билээ. Харин ээж нь эдүгээ 23 настай, хүүхдүүдээ том болтол нь харах болохоор амьдрал ахуйгаа авч явах үүрэг зөвхөн залуу аав Ч.Баттулгад ногдоно.
Хосуудын том охин одоо хоёр нас хүрч байгаа юм билээ. Гэтэл дахиад дөрвөн ихэр хүүхэд нэмэгдэхээр маш их зүйл шаардагдах нь тодорхой. Энэ тохиолдолд дарга нарын баяр хүргэлт, гарын бэлэг, бичиг цааснаас илүү сүү, живхний мөнгө хэрэгтэй. Нэг хүүхдийн живх гэхэд л долоо хоногтоо хэдэн ширхэг болдог билээ. Гэтэл дөрвөн хүүхэд гэхээр хэр их байх вэ гэдэг нь тодорхой. Эхнээсээ зарим нэг компани зургаан сарын живхний хэрэглээг нь даана гэж хэлсэн л гэнэ. Сайхан л хэрэг. Цаашлаад дөрвөн хүүхэд хөхөөр цатгана гэдэг хэцүү.
Тэгэхээр сүүгээр угжих болно. Өлгий, даавуу, тэрэг, ирээдүйд боловсрол олгох гээд л асуудал байна. Дээрээс нь тохилог орон сууц ч хүүхдүүдэд хэрэгтэй. Ер нь хотод аятайхан байр өгчихөд ч гэмгүй шүү дээ. Мэдээж үр хүүхэд төрүүлсэн бол түүнийг асрах, өсгөх, боловсрол олгох үүргийг эцэг, эх хүлээх ёстой. Төр засгаас болон бусдаас юм гуйгаад, аваад байх ч шаардлага байхгүй л дээ. Гэхдээ ийм онцгой тохиолдолд бол төр засаг харж хандах ёстой, үүрэгтэй. Дөрвөн ихэр хүүхэд Монголд анх удаа мэндэлж байгаа юм бол Олимпийн аваргатай болсноос ялгаа юу байна.
Тийм хэмжээнд аваачиж дэмжих хэрэгтэй л гэж хэлэх гээд байгаа юм. Ямар ч байсан одоогийн байдлаар манай томчууд, сайд, дарга нар баяр хүргэж, очиж уулзлаа. Одоо яаман дээрээ, Төрийн ордондоо ямар нэг дорвитойхон юм өгөх талаар ярьж байгаа байлгүй дээ.
Арай ч цаасан мэндчилгээ явуулж, баяр хүргэчихээд таг болохгүй байх гэж найднам. Түүнээс гадна Монголын баячууд дэлхийн тэрбумтнуудтай зиндаархаж байгаа болохоор дөрвөн ихэрт сайхан сэтгэлээр хандах байх. Ядаж л аль нэг юмыг нь даах болов уу гэж найдаад байгаа шүү. Ингэж л бид ирээдүйн дөрвөн ихэр иргэнийг дутагдах, гачигдах зүйлгүйгээр өсгөх хэрэгтэй байна.
Н.Пунцагболд
Эх сурвалж: