Скайтел компани хэрэглэгчдээ хулхидсаар…

web_banner_copyҮүрэн телефоны операторуудаас хамгийн шуналтай, хэрэглэгчийнхээ халаасыг гэмгүй царайлж байгаад эрээ цээргүй шулдаг нь “Скайтел” компани гэдгийг хэрэглэгчид хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн тус компани сүүлийн өдрүүдэд нэлээн хөдөлгөөнтэй байгаа. Оюуны хулгайн хэргээр буруутгагдаад байгаа уг компани өөр нэгэн хэрэгт татагдах болсон тухай мэдээлэл хэвлэлийн хуудаснаа цуврах болсон. Скайтел компанид тагнадаг, чагнадаг” үйлдлээрээ дэлхийд алдартай “ZТЕ” компанитай холбоотой асуудлаар АТГ-аас шалгалт оруулсан мэдээлэл гарсан. “Скайтел” компанийн холбогдох албаны хүний өгч буй мэдээллээр Авлигатай тэмцэх газраас ямар нэгэн шалгалт хийгээгүй гэв. Гэсэн ч АТГ-аас “ZTE” компанид холбогдох хэргийг шалгах явцад хамтран ажилладаг компаниудыг нь шалгах шаардлагын үүднээс Скайтелыг шалгаж байж болзошгүй. Үүрэн телефоны оператор компаниудын талаархи хэл ам, шүүмжлэл, тасардаггүй. Скайтел компани үйл ажиллагаа явуулаад 11 жилийн нүүрийг үзэж буй. 2002 оны долдугаар сарын 1-нд Монголд анх удаа бизнес эрхлэгчдийн нэрийн хуудас болсон 9191…. дугаарлалт бүхий дараа төлбөрт үйлчилгээг нэвтрүүлж байсан. Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас тавьсан хүсэлт, иргэдийн шаардлагыг “Барьцаа төлбөргүй Nice үйлчилгээг нэвтр үүл лээ” хэмээн рекламдаж байсан. Түүнчлэн “Дараа төлбөрт үйлчилгээний барьцаа хөрөнгийг буцаан олгох, төлбөрт хүү тооцох асуудлыг шийдвэрлэнэ. Дараа төлбөрт хэрэглэгчдийг барьцаа төлбөрөөс бүрэн болон хэсэгчлэн чөлөөлж, хүү тооцож эхэллээ” гэж байсан. Мэдээж, хэрэглэгчдийн хувьд энэ сайхан мэдээ. Утас дугаартаа үнэнч явсан хэрэглэгчид барьцаа хөрөнгөө эргүүлж авна. Тэгэхдээ хүүтэй шүү.

Ингээд скайтелын 9191…. дугаартай хэрэглэгч
 Баяртай холбогдож энэ талаар асуухад “Дараа төлбөрт хэрэглэгчдийн барьцааг буцааж олгоно гэж нэг хэсэг яригдаж байсан. Би энэ дугаараа бариад зургаан жил болж байна. Сар бүр л 150 мянгаас дээш төлбөр төлж байна. Тэгсэн хэрнээ барьцаа төлбөрөө аваагүй. Надад бараг л олдохгүй юм шиг байна лээ. Үнэнч хэрэглэгч нарт буцаан олгоно гээд байгаа асуудлыг би ойлгохгүй байгаа. Адилхан хэрэглэж байгаа үйлчлүүлэгчдээ алагчилж үзэхээ болимоор юм” гэв. Ингээд Скайтел компанийн лавлахын ажилтантай холбогдон асуутал “Эхний ээлжинд арван жил барьсан, үнэнч хэрэглэгч буюу тухайн дуугаараа өөр хүний нэр дээр шилжүүлж байгаагүй, төлбөрөө цаг хугацаанд нь төлсөн хэрэглэгчид өгнө” гэв. Дээрх асуудлыг оператор компаниуд өөр өөрийнхөө боломжоор шийдэж байгаа ч “Тухайн дугаарыг 10 жил тасралтгүй барьсан дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид барьцаа хөрөнгөө буцааж авна” гэсэн нийтлэг шаардлагыг хэрэглэгчдэд тавиад байгаа. Монголдоо л хамгийн хямд өртөгтэй ярианы тарифаар иргэдэд үйлчилгээ үзүүлдэг гэж өөрсдийгөө рекламддаг Скайтел компанийн үйл ажиллагаа сүүлийн үед доголдож эхэлсэн бололтой. Хэд хоногийн өмнө нэгэн хэрэглэгч утасныхаа SIM-ээ сэргээлгэж төлбөрөө тушаасан ч одоо болтол үйлчилгээгээ авч чадаагүй байна. Энэ талаар уржигдар үйлчилгээний 319191 утсаар лавлан асуухад “Сүлжээний өргөтгөл хийж байгаа, хэсэг хугацааны дараа хэвийн болно” гэж операторууд хэлж байсан ч өнөөдрийг хүртэл 3.5 G сүлжээ орохгүй байна. Учрыг тодруулахаар 11319191 дугаар руу залгавч холбогдохгүй таг чиг. Арга барсан үйлчлүүлэгч лавлах утаснаас компанитай холбогдох хоёр дугаар аваад залгавч нэг нь факс, нөгөө нь утсаа авахгүй таг. Ингээд өнгөрсөн бүтэн сайн өдөр утасныхаа 3.5 G SIM-ыг 30.0 мянган төгрөгөөр сунгуулсан үйлчлүүлэгч өнөөдрийг хүртэл үйлчилгээгээ авч чадаагүй хэвээр байна. Товчхондоо, үүрэн телефоны томоохон оператор компаниудын нэг тус компани хэрэглэгчээ хохироож, хэлсэн амандаа хүрэлгүй хулхиджээ. Түүнчлэн дансанд нь байсан нэгж гэнэт алга болдог. Хэрэглэгчид оперотартай холбогдоод асуухаар үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэж лавлахын ажилтнууд уцаарлангуй хариулдаг аж. Ингээд тус компанийн талаар гомдол гаргасан Н.Баттулгаас үйлчилгээний талаар тодрууллаа.

-Та энэ дугаараа хэдэн жил барьж байна вэ? 

-Би энэ дугаарыг бариад найман жил болж байна. Скайтел компанийн үнэнч хэрэглэгч гэж хэлж болно. Манайх гэр бүлээрээ скайтелын дугаар хэрэглэдэг.

-Данснаас чинь нэгж автоматаар алга болдог гэсэн. Энэ талаар тодруулаач? 

-Өдөрт би 5000 төгрөгөөр дансаа цэнэглэдэг. Саяхан дансанд 2000 нэгж байсан. Найз руугаа 12 минут яриад утсаа салгаад дансаа үзтэл 00 төгрөг болчихсон байсан. Миний дугаар сүлжээ харгалзахгүй 30 төгрөгөөр ярьдаг. Тэгэхээр 360 төгрөг унах ёстой. Гайхаад лавлахын ажилтантай холбогдоод болсон процессыг хэлтэл тийм юм байх ёсгүй. Манай үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гээд урдаас уурлаад загнаад байсан.

-Та холбогдох газар нь гомдлоо мэдүүлсэн үү. Нэгжээ буцааж авч чадсан уу? 

-Өнгөрсөн долоо хоногт Скайтелын төв салбар дээр очиж гомдол гаргасан. Хэн рүү хэдэн цагт ярьж, интернэт хэрхэн хэрэглэснээ шалгуулсан. Тэгээд 1700 нэгж буцаан авсан. Сүлжээний шинэчлэл хийгдэж байгаад алдаа гарсан гэж тайлбарлаж байна лээ. Олон жил хэрэглэсэн үйлчлүүлэгчдээ хуурч, дансанд нь байгаа хэдэн төгрөгийг хумслахаа болих хэрэгтэй ш дээ. Тэгээд тэр лавлахын хүүхнүүд нь урдаас “Та зээлтэй л байна ш дээ. Утсаа хэрэглэж мэддэггүй юмуу” гээд л утасны цаанаас гарч ирээд зодчих гэсэн л юмнууд байгаа. Монголдоо монополь том компани байж болно. Гэхдээ хэрэглэгчдийн эрх ашгийг ийм байдлаар зөрчиж болохгүй. Энэ мэтээр үйл ажиллагаа нь доголддог, иргэдийг хохироодог байгууллагуудад Мэргэжлийн хяналтын газар болон О.Магнай даргатай Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас шалгалт явуулахад буруудахгүй болжээ.

С.ИЧИНХОРЛОО

unen-logo

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …