Шинэчлэлийн Засгийн газрын “11 11 төв” нээгдсэнээс хойш 72 мянган санал, хүсэлт, гомдол, талархал хүлээн аваад байна. Эдгээр санал хүсэлтийг Засгийн газрын яам, агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд хуваарилан зохих хариуг иргэдэд буцаан хүргэлээ.
Өнгөрч буй долоо хоногт “11 11 төв”-д 723 иргэн ханджээ. Эмийн үнэ өндөр байна, эмийн бөөний төвүүдийг цэгцэлж, замбараагүй үнийн системийг нэгдсэн бодлогоор зангидмаар байна гэсэн иргэний саналд Эрүүл мэндийн яамнаас өгсөн хариултдаа “Зарим эмийн бөөний болон жижиглэн худалдааны үнийн дээд хязгаар тогтоохоор ажиллаж байна” гэж онцолжээ.
Нийслэлийн аж амьдралтай холбоотой асуудлаар 235 иргэн хандсаны дийлэнх нь халаалт муу, цахилгаан байнга тасарч байна, төслийн зуух авахад чирэгдэл ихтэй байна гэжээ.
Малын бруцеллёз өвчний вакцины санхүүжилт одоо хүртэл олгогдоогүй гэж орон нутгаас холбогдсон байна. Малын эм, вакцины зардлыг тухайн орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх учраас сумынхаа удирдлагад хандах нь зүйтэй гэж Сангийн яамнаас зөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Ugluu.mn