Үндэсний супер лигт “Танан Гарьд” баг аваргалав

 МҮСБХ-с зохион байгуулж байгаа Үндэсний Супер Лигийн тэмцээний Аваргаар “Танан Гарьд” баг тодорлоо.
Тэд өчигдөр болсон тоглолтонд “SBL Хүлэгүүд” багийг 91:82-ын харьцаатай хожсон байна. Мөн Финалын Үнэ цэнэтэй тоглогчоор “Танан Гарьд” багийн О.Ууганбаяр тодорчээ.

“Үндэсний Супер лиг”-ийн тэмцээн бүтэн дөрвөн сар гаран үргэлжилсний эцэст өчигдөр Аваргын төлөөх цувралын тав дахь тоглолт явагдлаа. Энэ тоглолтонд “Танан Гарьд” баг хожвол, цувралд хожиж, Аварга болох боломжтой байсан. Иймээс “Танан Гарьд” болон “SBL Хүлэгүүд” багийн хөгжөөн дэмжигчид Спортын төв ордонд дүүрэн цуглаж, тоглолтын уур амьсгал эхнээсээ халуухан байлаа.

Багууд ч энэ тоглолтонд тун сайн бэлтгэсэн гэдэг нь харагдаж, тоглолтын эхнээс довтолгоо бүр дээр ширүүн шахсан хамгаалалтууд хийж эхэлсэн. Гэхдээ “Танан Гарьд” багийн довтолгоонууд тоглолтын эхнээс амжилтанд хүрч байлаа. Эхний үед тэднээс Antonio Jones 9 оноо авчээ. Гэхдээ энэ бол аваргын төлөөх цуврал тоглолт гэдгийг сануулан нэгдүгээр үеийн төгсгөлд “SBL Хүлэгүүд” оноог нөхсөн. Энэ үед тэднээс Б.Билгүүн найман оноо авсан байна. Ингэснээр эхний үе 23:21-ийн харьцаатай “Танан Гарьд” багийн давамгайллаар өндөрлөсөн.

Гэсэн хэдий ч өмнөх тоглолтын адил тоглолтын хоёрдугаар үед “SBL Хүлэгүүд” баг санаачлагыг авч тоглосон. Энэ үед О.Сэргэлэнгийн оновчтой дамжуулалтууд, Б.Билгүүний оноо багаа сэргээж байлаа. Ингэснээр “SBL Хүлэгүүд” баг эхний хагасыг 38:37-ийн харьцаатай илүүрхэн өндөрлүүлсэн.

Энэ тоглолт эхнээсээ л онооны харьцаа төдийлөн холдолгүй явагдаж байсан. Харин гуравдугаар үеийн дунд хэсэгт Ц.Азбаярын холын зайн шидэлтүүд амжилттай болж, мөн үеийн төгсгөлд Б.Мөнхболд холын зайн шидэлтээ амжилттай болгосноор, Гарьдууд оноог 61:53 болгон тэргүүлж эхэлсэн. Мөн энэ үед О.Ууганбаяр найман оноо авчээ.

Аваргын төлөөх цуврал тоглолтуудын турш багууд тоглолтын санаачлагыг ээлжлэн авч, тун ширүүн өрсөлдөж байсан. Гэсэн ч энэ байдалд удалгүй дассан Гарьдуудын хурдан довтолгоонууд амжилттай болж эхэлсэн. Гарьдуудын гарааны тоглогчид 4-р үед бүтэн тоглож, О.Ууганбаяр 25 оноо, 12 самбар, Antonio Jones 22 самбар, 9 оновчтой дамжуулалт, Freddie Woods 15 оноо, 20 самбар, Ц.Азбаяр 14 оноо, 6 оновчтой дамжуулалт, Б.Мөнхболд 13 оноо, 8 самбар авчээ.

Харин Хүлэгүүдээс Б.Билгүүн 31 довтолгоо гүйцэтгэж, 29 оноо, 5 бөмбөг таслалт, 5 блок, З.Дэлгэрням 14 оноо, 13 самбар, Devon Clarke 12 оноо, Chris Lawson 11 оноо авч, 8 оновчтой дамжуулалт, О.Сэргэлэн 4 оноо, 11 самбар авч, 7 оновчтой дамжуулалт өгчээ.

Ингэснээр энэ тоглолтонд “Танан Гарьд” баг 91:82-р хожиж, цувралд 4-1-р “SBL Хүлэгүүд” багийг буулган авлаа. Ийнхүү “Танан Гарьд” баг сагсан бөмбөгийн “Үндэсний Супер Лиг”-ийн аварга болж, цом, медаль, 40 сая төгрөгийн эзэд боллоо. Харин лигийн дэд аварга болсон “SBL Хүлэгүүд” баг 20 сая төгрөг, хүрэл медаль хүртсэн “Эрдэнэдрийлинг Ригс” 10 сая төгрөг хүртсэн.

Мөн “Финалын Үнэ цэнэтэй тоглогч”-р , аваргын төлөөх цувралд, 21,3 оноо, 11,2 самбар дундажласнаар довтлогч О.Ууганбаяр тодорч, 2 сая төгрөг, NBA GAMES үзэх эрхээ шагнууллаа.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …