102 жилийн өмнө Монголчууд манжийн эрхшээлээс гарсан өдөр, өнөөдөр тохиож байна

11111

Богд хаант  тусгаар монгол улс байгуулагдсны баярын мэндийг уншигчиддаа хүргэе. Өнөөдрөөс яг 102 жилийн  өмнөх эл өдөр  Монголчууд бид түүхийн ороо бусгаа цаг үеийн сиймхийг “ашиглан”  Богд хаант монгол улсаа  зарлан тунхагласан билээ. 

20-р зууны эхнээс Чин улс Шинэ засгийн бодлого гээч Гадаад Монголыг Хятадад нэгтгэх бодлогыг хэрэгжүүлэх болжээ. Энэхүү бодлогыг эсэргүүцэн 1911 оны зун VIII Богд Жавзандамба хутагтад Бат-оршил өргөх үеэр зөвлөлдөн манжийн эрхшээлээс ангижрахаар шийдвэрлэсэн монголын  хан ноёд, дээд лам нар Чин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдийг 8 сард Хаант Орос улсын Санкт-Петербург руу илгээжээ.  Тэд Оросуудаас  туслалцаа  авахаар тохиролцоод эх орондоо   эргэн ирэхэд нь Хятадад хувьсгал гарч, Чин улсын нөлөө, эрхшээл багасч байсныг далимдуулж 1911 оны 12 сард Хүрээний манж амбаныг Бээжин руу буцаажээ. Ингээд 12 сарын 29-нд Богд Жавзандамбыг шашин төрийг хослон баригч хаанд өргөмжилж Монгол улс албан ёсоор тусгаар тогтнолоо зарлажээ.

1913 онд Өвөр Монголыг шинээр тусгаар тогтносон Монгол улстай нэгтгэхээр цэргүүдийг явуулсан ч, Хаант Орос, Дундад Иргэн Улс дарамт шахалт үзүүлснээр  Монголчууд цэргүүдээ татжээ. Иймд Монгол нь тусгаар тогтнолоо зарласан ч гэсэн үнэн хэрэгтээ Хаант Орос, Дундад Иргэн Улсын шахалтад байснаар 1915 оны Гурван улсын гэрээнд Монгол улсыг ДИУ-ын автономит болж тусгаар тогтнол нь устжээ.

Монголчуудын байгуулсан Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улс 1911-1919 онд оршин тогтносон билээ. 1911 оны 12 дугаар сарын 30-нд Их хүрээнд “Бүгд хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар”-ыг долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан нь Монгол улсын анхны төрийн сайдууд юм. Гадаад хэргийн яамыг Чин ван Ханддорж, Дотоод хэргийн яамыг Да лам Цэрэнчимэд, Сангийн яамыг Түшээ гүн Чагдаржав, Цэргийн яамыг Засаг бэйс Гомбосүрэн, Шүүх яамыг гүн засаг Намсрай нар тус тус хариуцаж, анхны Ерөнхий сайдаар Сайн ноён хан Намнансүрэн томилогдов. Тусгаар тогтнолоо хамгаалахын тулд Орос улсаас рублийн зээл хүсэж зэр зэвсэг худалдаж авсан бөгөөд цэргийн мэргэжилтэн урьж Хужирбуланд цэргийн сургууль нээв. Орчин цагийн сургууль байгуулж, Эрхүүд оюутан суралцуулж, сонин бичгийн анхны дугааруудыг хэвлэн гаргажээ.

1915 оны 4 дүгээр сард Монгол, Орос, Хятадын хооронд нэгэн хэлэлцээр хийсэн бөгөөд үүнийг түүхэнд “Хиагтын гурван улсын хэлэлцээр” гэж нэрлэдэг. Орос, Хятад хоёр Монголын газар нутгийг авахыг санаархан монголын төлөөлөгчдийг урьж оролцуулсан хэдий ч Монгол улсын бүрэн эрхийг хязгаарлаж Хятадын харъяаны, улс төрийн хагас эрхтэй, Орос, Хятадын аль аль нь цэрэг оруулахгүй бүс байлгахаар үгсэн нийлж “Автономит Монгол улс” гэж нэрлэхээр шийдсэн гутамшигт үр дүнгээр дууссан билээ.

Монголын төлөөлөгчдийн зүгээс Ар Монгол төдийгүй Хөлөнбуйр, Тува, Цахар, Түмэд, Ойрадын нутаг дэвсгэрийг тэр чигээр нь Монголын хил хязгаарт багтаан харъяалуулах хүсэлтэй байсан боловч бүтээгүй юм. Ийнхүү янз бүрийн дарамт шахалтын эцэст Монгол улс дөрвөн жилийн дараа тусгаар тогтнолоо алдсан билээ. Түүний дараа 1917 онд Оросод Октябрийн хувьсгал ялж хаант Оросын үед гаргасан бүх гэрээ хэлэлцээр хүчингүй болжээ.

1918 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Монгол улс хүн амын тооллогыг албан ёсоор явуулсан бөгөөд 542 мянган хүн бүртгэгдэж, 20 орчим сая малтай болох нь тогтоогджээ. Хүн ам цөөхөн байсны шалтгаан нь амьдралын нөхцөл хүнд, эхийн эндэгдэл их, халдварт өвчин газар авсантай холбоотой байснаас гадна хүрээ хийдүүдэд буддын шашин дэлгэрч, хүн амын 100 мянга нь лам данстай байсан учраас гэрлэлт, төрөлт асар бага байсан гэж үздэг. Тухайн үед Монголд Нийслэл Хүрээ, Улиастай, Ховд гэсэн гуравхан суурин газар, 700 гаруй сүм хийд байсан юм. 

1919 оны 5 дугаар сарын 7-нд Дорнод аймгаас холгүй орших одоогийн ОХУ-ын Чита хотын орчимд байдаг Дагуур хэмээх тосгонд Японы дэмжлэгтэйгээр Нармай Монгол улс гэж байгуулан, нийслэл нь Хайлаар байхаар товлож, Орос, Хятадын дундуур уудам нутаг бүхий монгол үндэстэнг нэгтгэсэн Холбооны улсыг бий болгов. Бүрэлдэхүүнд нь Буриад, Өвөрмонгол, Барга, Ар Монгол багтана хэмээн зааж улсын тэргүүнээр атаман Семенов, Өвөрмонголын Чингис хааны удмын Нэйс гэгээн нар сонгогдож тусгаар тогтнолыг нь Япон улс хүлээн зөвшөөрчээ. Эл явдал тухайн үедээ дэлхийг шуугиулсан мэдээ болж Орос, Хятад, Франц, Англи улсын зүгээс Японд шахалт өгсний дээр Ар Монголоос олигтой дэмжлэг авч чадалгүй байсаар ердөө жилийнхээ ойд хүрэлгүй  нуран унажээ.

1919 оны намар Хятадын засгийн газар Сюй Шү Жанаар удирдуулсан цэргийн хүчийг Монгол руу оруулж Их Хүрээг эзлэн аваад Монголын автономит эрхийг устгах ёслолыг Гандантэгчэнлин хийдэд хийлгэн Богд хааныг Хятадын удирдагч Да Жун Тан хэмээгчийн хөрөгт мөргүүлжээ.

Монголчууд ийнхүү тусгаар тогтнолоо алдсан ч Их Хүрээнд үндэсний сэхээтнүүд, эх орончдоос бүрдсэн нууц бүлгүүд үүсэж харийн дарлалаас ангижрах арга замыг хайж байсан бөгөөд тэдгээр нь Консулын бүлгэм, Хүрээний бүлгэм, Түшмэдийн бүлгэм гэж нэрлэгдэж байв. Бүлгэмүүд харилцан зорилгоо мэдэлцэж Зөвлөлт Орос Улсаас тусламж хүсэн, Сюй Шү Жаны амь насанд халдахыг оролдон бололцоотой бүхий л алхмыг хийжээ.

Эл үед Оросыг хамарсан иргэний дайн намжиж, Барон Унгерн Монголд орж ирэн хятадын гамин цэргийг хөөн гаргасан ч нэг дайсан нөгөөгөөр солигдсонтой ялгаа байхгүй байлаа. Гэвч Нийслэл Хүрээний нууц бүлгэмүүд тууштай тэмцсээр Ардын журамт цэргийг байгуулан 1921 оны 3 дугаар сарын 18-нд Алтанбулагийг чөлөөлж, Барон Унгерний цэрэгт хөөгдсөн 10 мянга гаруй гамин цэргийг ялжээ. Улаан оросууд Монгол руу шууд цэргээ оруулахаас зайлсхийж байсан нь Оросын талын байр суурь тодорхойгүй, нөгөө талаар хятадын армиудтай шууд тулахыг хүсээгүйтэй холбоотой гэж үздэг. Монголчууд өөрсдийн цэрэг армийг байгуулах гэж оролдсон бөгөөд энэ нь эх орноо гэсэн халуун сэтгэлтэй малчин, анчин гөрөөчин 400 орчим эрчүүд байв. Ардын нам, Ардын журамт цэргийн тэмцэл үргэлжилсээр 1921 оны 7 дугаар сарын 8-нд Нийслэл Хүрээг чөлөөлж, Ардын Засгийн газрыг байгуулж, Богд гэгээнийг “хэмжээт эрхт хаан”-д өргөмжлөн, улсаа Хэмжээт цаазат Богд хаант Монгол улс хэмээн нэрлэхээр тогтжээ.

Тусгаар тогтнол “хямдхан үнээр” олдоогүй гэдгийг дээрх баримтууд гэрчилнэ. Та бүхэндээ яруу найрагч    Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” найраглалыг хүргэе

“Тусгаар тогтнол”

Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр

Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр

Хан Алтай аавын онгон тэргүүн оргил дээр

Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр

Гантай мөнгөн хэтний зоолог тээх тээгэн дээр

Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр

Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Хүж дурдан бүсний ташаа дарах нугалаан дээр

Хүрэл манан хөөргөний даалин дарах наргиан дээр

Хүйсийн шүүдэр буусан уулын гацаа бууцан дээр

Хүннү дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Ширмэн төмөр дөрөөний шивээ зурах тавган дээр

Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр

Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр

Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Аавын мөнгөн хазаарын найман цэнгийн товруун дээр

Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр

Алиахан саарлын унага хөллөн тэнцэх нуга дээр

Ангирын хоёр дэгдээхэй хөвөн цэнгэх нууран дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Индэр улаан галын цац бадман дөлөн дээр

Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр

Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр

Есөн голын цан хөөрөх царман дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр

Бэхэн хар гэзэгний хосоор дарах сүлжээс дээр

Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр

Бидэрт мөнгөн сарны хоймор унах туяан дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Урсгал татмал усны хөл алдах ёроол дээр

Ургамал таримал модны хөрсөнд хавах ёзоор дээр

Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр

Уйлан мэндлэх үрийн дуулан орхих манцуйн дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Ажнай сайн хүлгийн гал цахилах тууран дээр

Аагисан улаан хүдрийн ган царцах хайлш дээр

Амар түвшин жаргалтай ам бүлийн дансан дээр

Алтан босго өлзийтэй айл бүхний үүдэн дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр

Баян хангайд мөнхөрсөн арц хуш зээгэн дээр

Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр

Багц дүүрэн ургасан атрын тарианы мөрөн дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Эрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр

Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр

Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр

Энэ зууны өргөөний зуун түмэн цонхон дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Эрх чөлөөний зарлиг ардын үндсэн хууль дээр

Эрх хэл соёлынхоо ад биш баян сан дээр

Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр

Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Аав ээжийн буянтай өлзийт цагаан хоймор дээр

Амин гарвалын толботой өлгийт нялхсын өөжин дээр

Ардын журамт цэргийн өргөж ялсан туг дээр

Амьсгалаа бидэнд өгсөн өрлөг дээдсийн дурсгал дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Хан тэнгэрт сүмбэрлэсэн үйлдвэр уурхайн яндан дээр

Хаяа нийлж сүндэрлэсэн үлгэрийн харшийн туурган дээр

Хангай говь талын үлэмжийн өв баялаг дээр

Халуун эх оронч бүхний үндэсний их бахархал дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Сав саваар саалийн харваж хүрэхгүй зэлэн дээр

Сая саяар сүргийн хатирч хүрэхгүй билчээр дээр

Сар нарны өртөөнд хагацаж болшгүй учрал дээр

Сайхан монгол орноо хайрлаж ханашгүй ерөөл дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Өглөө бүрийн нарны асгаран буух цацрал дээр

Өвгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр

Өргөн цээж чөлөөтэй амьсгалж яваа газар дээр

Өөрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр

Ухаант жанжин Сүхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр

Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр

Улсаа ачлан захирсан засаг төрийнхөө ордон дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Нүүрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр

Нүнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр

Нүүдлийн өргөөнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр

НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Эзэн сууж жаргасан их заяагаа сүсэглэж

Эх орон талынхаа ирээдүйн таалалд нийцүүлж

Эрдэнэсийн далайгаас шүүрдсэн итгэлийн сувд үгсээр

Эрх жаргалаа баталсан иргэн бүхний гараар

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би.

 

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …