С.Бямбацогт: Жирийн иргэд хууль зөрчсөнийхөө төлөө хариуцлага хүлээдэг

575089_352137851561782_1715957082_nӨнгөрсөн 7 хоногийн мягмар гарагийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарыг огцруулах талаар УИХ-аар р авч хэлэлцсэн.   Үүнтэй холбогдуулан  МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ-ын дарга аа,
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Хүн төрөлхтөн, дэл­хийн улс орнууд яг энэ цаг мөчид улиран одож буй нэг жилийнхээ алдаа оноог дэнсэлж, амжилт бүтээлээрээ бахархаж бай­­на. Бид ч гэсэн нэг жи­­лийнхээ алдаа оноог цэг­нэж, ахисан алдсанаа эргэ­цүүлэх ёстой.
Харамсалтай нь улиран одож буй онд улс төр, эдийн засагт өрнөсөн олон үйл явдлуудын алдаа гажуудал, уналт бууралт нь давамгай байлаа. Тиймээс Та бид өнөөдөр улс оронд үүсээд байгаа хүндрэлийн гол буруутнуудтай хариуцлага тооцоход хүрээд байна.

Улс орны эдийн засаг хүндэрч байгаа дохиоллыг цөөнхийн бүлэг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн удаа дараа эрх баригчдад сануулж, зөвлөсөн ч бидний үгийг сонсоогүй. Улс орн\ы эдийн засаг өвчин нь хүндэрч буй өвчтөн шиг болоод байна.

Монгол Улсын эдийн засаг бүх талаар дордсон талаарх бид бүхний байр суурийг төрийн тэр­гүүнээсээ эхлээд олонхийн бүлгийн зарим гишүүд ч хүлээн зөвшөөрч эхэл­сэн. Бас Дэлхийн банк, Олон улсын банк санхүү­гийн байгууллагууд сэрэмж­лүүлсэн. Энэ бүхнийг тоо баримт, тодорхой жи­шээ­гээр нотолъё.

Уул уурхайн томоохон бүтээн байгуулалтууд зогслоо. Хөрөнгө оруу­лаг­чид Монголыг орхиж явлаа. Олон арван компани үүд хаалгаа барьж, ажилтнуудаа цомхотголоо. Улсын төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр та­салд­лаа. Эдийн засаг, биз­несийн халгаатай, тогтворгүй орч­ноос болж хувийн хэвш­лүүд дампуурлаа зарлаж эхэллээ. 2012 онд 86, 2013 онд 301 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоож татан буугдлаа.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2013 оны 11 дүгээр сарын эцэст 572,5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 274 тэрбум төгрөг буюу 2 дахин өслөө. Вальютын нөөц 21.8 хувиар буурлаа.

Олон улсын төвшинд Монгол Улсын зээлжих зэрэглэл буурч, өрсөлдөх чадварын индекс 14 байраар ухарлаа. Бизнесийн орч­ноор бас л хойшиллоо. Даяаршсан өрсөлдөөнд бид даруулж хоцорч байна.

Монгол Улсын өрийн хэмжээ 8,4 их наяд төгрөгт хүрлээ. Төс­вөөс гадуур зарцуулсан бонд, Хөгж­лийн банкны зээл зэрэг нь ДНБ-ий 63,5 хувьтай тэнцэж үндэсний эдийн засгийн аюулгүй байдал алдагдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тоо­цоолж байгаагаар бол “өнгөрсөн жил монгол хүн бүр 863 мянган төгрөгийн өр төллөө”.

Шинэчлэлийн Засгийн газар үнэ тогтворжуулах нэрээр 3 их наяд төгрөгийг 00-ийн цаас шиг хэвлэж тараалаа. Үр дүнд бараа бүтээгдэхүүний үнэ 23-30 хувиар өсч, иргэдийн худалдан авах чадвар эрс буурлаа. Монгол төгрөгийн ханш унаж, валютын ханш 29-35 хувиар өслөө. Тиймээс олон улсын “Блүүмберг” агентлагаас энэ онд ханш нь хамгийн их унасан мөнгөн дэвсгэртээр Монгол Улсын төгрөгийг нэрлэж дэлхий дахинд зарлалаа. Монголынхоо мөнгөн дэвсгэртийг ингэж анх удаагаа сульдан доройтохыг Та бид бүгдээрээ харлаа.

2012 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан бол энэ онд 11 хувь болж буурлаа. 2011 онд нэг хүнд ногдох ДНБ 3459 ам.доллар байсан. 2012 онд 3342 ам.доллар, 2013 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 2800 орчим ам.доллар болж буурлаа.

Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засаг уруудсан доройтсон, дампуурсан, буурсан, хойшилсон, ухарсан гэдэг хэдхэн үгээр илэр­хийлэгдэх боллоо. Гэхдээ өс­сөн, нэмэгдсэн зүйл бас байна. Ту­хайлбал, өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд гурилын үнэ 20 хувиар, “Атар” талх 27 хувиар, цагаан будаа 30 хувиар, сүү 27 хувиар, тараг 25 хувиар, өндөг 70 хувиар, орон сууцны нэг метр кв-ийн үнэ 100 хувиар өслөө.

Эдгээр тоо баримт бол эрх баригчдын ард түмэндээ барьж байгаа энэ оны “бэлэг” юм. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч за­рим хүмүүс улс орны хөгжил гэхээсээ илүү өөрийн гэр бүлийнхээ, бизнесийн бүлгийнхээ төлөө сайд болсон мэт авирлаж байгааг шүүмжилж сануулсан. Тэд өөрсдийнхөө баяжиж байгааг ард түмэн баяжиж байгаа мэтээр эндүүрэх боллоо. Тийм ч учраас Засгийн газрын гишүүдийн “амьд­рал сайхан” байгаа тухай үлгэрийг ард түмэн өдөр бүр сонсох боллоо.

Бид бүгдийн ишилж ярих дуртай Нобелийн шагналт, нэр эдийн засагч Мильтон Фридман нэгэнтээ “Хоосон гоёмсог ярих түвшинд бид амжилтад хүрч чадсан хэдий ч бодит хэрэг­жил­тийн түвшинд ялагдаж бай­на” гэж хэлсэн удаатай. Энэ үг бол шинэчлэлийн Засгийн газрын гишүүд Та бүхэнд зориулсан мэт үг. Үнэхээр та бүхэн гоёмсог ярих түвшиндээ амжилтад хүрч байна. Ард түмнийг хуурч байна. Харин бодит хэрэгжилтийн түвшинд ялагдаж байна. Ингэж ард түмнийг хуурч, амьдрал сайхан байгаа тухай үлгэр ярьж суугаа сайд нар­тай хариуцлага тооцох хуулийн үндэслэл, бодит шалтгаан, баримт нотолгоо хангалттай байна.

Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огц­руулах үндэслэлийн тухайд:
УИХ дахь МАН-ын бүлэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг Монгол Улсын 6 хууль, 17 зүйл, заалтыг зөрчсөн да­раах үндэслэлээр огцруулах нь зүйтэй гэж үзсэн. Үүнд:

1. Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.16 дахь заалт “хөрөнгө оруулалтын нэгд­сэн бодлого, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл, зээл, тусламжийн нэгдсэн бодлогын төлөвлөлт, боловс­руу­лалт, удирдлага, зохицуулалт”-ын үүргээ туйлын хангалтгүй биелүүлснийг “Чингис” бондын зарцуулалт батална.

Монгол Улсын өрийг нэмэг­дүүлж, төсөвт дарамт учруулахуйц их хэмжээний гадаад өр үүсгэж 5 тэрбум ам.долларын бонд гаргах шийдвэрийг Монгол Ардын Намын бүлэг байгуулагдаагүй үед олонхиороо хүч түрэн УИХ-аар баталсан. Улмаар үндэслэл тоо­цоогүй, нэмүү өртөг шингээх төсөл хөтөлбөргүйгээр 1,5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг яаравчлан арилжаалж, өнөөдрийг хүртэл 600 гаруй сая ам.доллар зарцуулагдалгүй хэвтэж, хүү нь төлөгдөж байна.

Гэтэл БНХАУ болон БНСУ-ын Засгийн газраас 20-35 жилийн хугацаатай, эхний 7-10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх 800 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, мөн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээл гээд нийтдээ 1.1 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэрийг Засгийн газар ашиглаж чадалгүй алдсан.

2013 онд гэхэд “Чингис” бонд болон Хөгжлийн банкны зээлийн хүүнд 140,6 тэрбум төгрөг төлнө. Дөрөвхөн жилийн дараанаас бөөн дүнгээр нь төлж эхлэх энэ их өрийг эдийн засгийн үр ашгаа өгч, нэмүү өртөг шингээх төсөлд зарцуулах ёстой байсан. Гэтэл ердөө 10 гаруйхан хувийг нэмүү өртөг бий болгох цөөн салбарын үйлдвэрлэлд зарцуулсан. Үлдсэн 90 хувийг хэн, хэрхэн төлж барагдуулах нь тодорхойгүй байна.

Барьсан замаараа, “Гудамж” төслөөрөө төлөх үү? Үүнийг Монгол Улсын төсвөөс, аж ахуйн нэгж ард иргэд ажил хөдөлмөр эрхэлсэн орлого, татвараараа л төлж таарна.

2. Мөн 2013 оны Монгол Улсын эдийн засгийн нөхцөл бай­далд Эдийн засгийн хөгжлийн сайд хэрхэн анхаарч, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн болохоор эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд унахад хүрэв? Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл хөгжүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөх талаар юу хийж хэрэгжүүлэв?

3. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн шийд­вэрийг биелүүлээгүйнхээ тө­лөө бас хариуцлага хүлээх ёстой.

Учир нь бондын санхүүжилтын 1 ам.долларыг 3 ам. болгож, эдийн засгийн үр ашиг бүхий төсөлд зарцуулах Үндэсний аюулгүй байд­­лын зөвлөлийн шийдвэрийг яагаад биелүүлээгүйгээ тайл­бар­лахыг шаардаж байна. Харин улсынхаа өрийн хязгаарыг да­вуу­лан байж авсан зээлээ нэн тэр­гүүнд юунд зарцуулах вэ гэдгийг оновчтой тооцоолоогүй, УИХ-тай ч зөвшилцөлгүй, үндэслэл тооцоогүй зарцуулсан нь хууль зөрчсөн ноцтой асуудал мөн.

4. “Чингис” бондыг төсвийн бү­рэлдэхүүн хэсэгт тусгахгүй байгаа нь

-Төсвийн тухай хуулийн “төсвийн орлогоор баталгаажсан Засгийн газрын баталгаа, зээл, бүх төрлийн санхүүгийн үүрэгтэй холбогдсон гэрээ, хэлцэл, үйл ажиллагааг төсөвт тусгах”,

-“төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эх үүсвэр, зээл, хандив, тусламж, тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн байх ёстой”,

-“Өр үүсгэж бүрдүүлсэн эх үүсвэрийг зөвхөн төсөвт тусган, баталсан хөтөлбөр, төсөл, арга хэм­жээг санхүүжүүлэхэд зарцуулна” зэрэг заалтуудыг тус тус зөрчлөө.

5. Хөгжлийн банкны тухай хуулийн “Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жаг­саалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална” гэсэн заалтыг зөрчин, УИХ-аар батлуулалгүйгээр төслүүдийг сан­хүүжүүлж байна. Ингэхдээ за­рим томоохон аж­луудыг зураг төсөв­гүйгээр, шууд гэрээгээр хийлгэж хууль тог­тоомжийг зөрчсөн байна. Мөн бондоор санхүүжих төсөл хөтөл­бөрийн 30 хувийг төсөл хэ­рэг­жүүлэгч хариуцах заалт ч хэрэг­жихгүй байна.

6. Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8. дахь хэсэгт “Улсын Их Хурлаас баталсан тө­рийн бодлогын баримт бичгийн хү­рээнд Засгийн газар улсын хө­рөнгө оруулалтын хөтөлбөрийг дөрвөн жилд нэг удаа баталж, жил бүр тодотгоно”, УИХ-ын 2012 оны 60 ду­гаар тогтоолд заасан “дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг УИХ баталж байхаар Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулж, 2012 онд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчин өнөөг хүртэл улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг батлуулаагүй байна.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай хууль, Хөгжлийн банкны тухай хууль, Засгийн газрын тухай хуулийг тус тус зөрчсөн нь Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огц­руулах хангалттай үндэслэл хэмээн УИХ-аар хэлэлцүүлж байна.

Монгол Улсын Сангийн сайд Ч.Улааныг огцруулах үндэслэлийн тухайд:

УИХ дахь МАН-ын бүлэг Сангийн сайд Ч.Улааныг Монгол Улсын 4 хууль, 13 зүйл, заалтыг зөрчсөн дараах үндэслэлээр огцруулах нь зүйтэй гэж үзсэн.

1. Монгол Улсын төсөв, санхүү­гийн бодлогыг хариуцаж буй Сангийн сайд Ч.Улаан улс оронд үүссэн нөхцөл байдал, өргөн хэрэг­лээний барааны үнийн өсөлт, төгрөгийн ханшийн огцом сулрал, төсвийн орлогын бүрдүүлэлт, төс­вийн хөрөнгө оруулалт зэрэгт цаг тухайд нь бодитой дүгнэлт хийж чадалгүй, Монгол Улсын 2013 оны төсөвт тодотгол хийх асуудлыг Монгол Улсын 2014 оны төсвийг хэлэлцэхтэй давхцуулан УИХ-д өргөн барьж хэлэлцүүлсэн нь Засгийн газрын тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ зөрчсөн явдал. Улмаар төсөвт тодотгол хийлгэсэн ч анх батлагдсан нийт орлого 1,5 их наяд, тодотгосон орлого 800 тэрбум төгрөгөөр дутахаар байгаа нь туйлын хариуцлагагүй ажиллагаа юм.

2. Үүний зэрэгцээ энэ 2013 онд хэрэгжих ёстой байсан 997,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 265 тооны төсөл арга хэмжээний 255,3 тэрбум төгрөгийн санхүүжилт хасагдсаны зэрэгцээ өнөөгийн үүс­сэн нөхцөл байдлаас үүдэн ирэх 2014 онд 144 төсөл арга хэмжээ 0 дүнтэйгээр туслаа.

3. Засгийн газар Монголбанктай хамтарч хэрэгжүүлсэн үнэ тогт­воржуулах хөтөлбөрийн үр дүнд өргөн хэрэглээний бараа бүтээг­дэхүүний үнийн өсөлт 30 хувьд хүрлээ.

4. Монгол Улсын 2013 оны төс­вийн 1 дүгээр улирлын төсвийн орлого бүрдүүлэлтийн гүйцэтгэл 92,5 хувьтай байхад тус улиралд төлөвлөсөн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын 303.7 тэрбум төгрөгийн зардлаас ердөө 11,8 хувийг санхүүжүүлж, 267.7 тэрбум төгрөгийг царцаав. Энэхүү асуудалд даруй арга хэмжээ аваагүйн улмаас Монгол Улсын 2013 оны төсөвт тодотгол хийх үед нөхцөл байдал улам хүндэрсэн буюу хөрөнгө оруулалтын санхүүжилт ердөө 30,5 хувьтай байсан. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг 60 гаруй хувиар тасалдуулсан байна.

5.Монгол Улсын санхүү, төсөв, өр, зээлийн асуудлыг ха­риуцсан Сангийн сайд Ч.Улаан нь Засгийн газрын тухай хууль болон Төсвийн тухай хуулиар хүлээсэн үүргээ умартаж, бондын хөрөнгийн зарцуулалтыг улсын төсөвт суулгахгүйгээр хяналтгүй зарцуулах нөхцөлийг бүрдүүлж, Төсвийн тухай хуулийн “төсвийн орлогоор баталгаажсан Засгийн газрын баталгаа, зээл, бүх төр­лийн санхүүгийн үүрэгтэй хол­богд­сон гэрээ, хэлцэл, үйл ажиллагааг төсөвт тусгах”, “Өр үүсгэж бүрдүүлсэн эх үүсвэрийг зөвхөн төсөвт тусган, баталсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээг сан­хүүжүүлэхэд зарцуулна.” гэсэн хуулийн заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн.

6. Сангийн сайд Ч.Улаан Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа УИХ-аар батлагдаагүй хуулийн өгөгд­лийг ашиглан санхүү, эдийн засгийн тооцооллоо хийсэн нь 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн олон зүйл, заалтыг зөрчсөн.

Энэхүү хууль зөрчсөн үйлдэл нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд заасан “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэсэн заалтыг ноцтой зөрчиж, УИХ-ын бүрэн эрхэд халдсан. Энэ бүх үндэслэлийг олонхи үгүйсгэж, дээрх сайдуудыг хамгаалаад үлдвэл улс төрийн хариуцлага хүлээхээс, хуулийг хэ­рэгжүүлэхээс татгалзлаа гэж үзэхээс өөр аргагүйд хүрнэ.

УИХ дахь МАН-ын бүлэг улс орны нийгэм эдийн засаг, төсөв санхүү элгээрээ мөлхөж байгаа энэ үед ард түмний захиалгаар хариуцлага тооцох асуудлыг хуулийн хүрээнд хөндөн тавьж байна. Бид асуудал бэрхшээлийг шийдвэрлэе, алдаа дутагдлыг арилгая гэж асуудалд хандаж байна. Ард түмнээ үнийн өсөлтөөс хамгаалах гэж, улс орныхоо эдийн засгийн уналтыг зогсоох гэж бид хариуцлага ярьж байна. Бас ард түмний амьдралыг сайжруулна гэсэн амлалт, хөтөлбөрөө хэрэг­жүүлэхийг шинэчлэлийн Засгийн газарт сануулж байна.

Иймээс улс орны төсөв санхүү, эдийн засгийн амин чухал асууд­лыг хариуцан ажиллахдаа Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг унагаасан дээрх сайдууд улс төрийн соёл, төрийн сайдын ёс зүйг бодож хариуцлагагүй үйлдэл, бодлогогүй шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой.

Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”. Жирийн иргэд хууль зөрч­сөнийхөө төлөө хариуцлага хүлээдэг байтал төрийн сайд нь хуулиа зөрчөөд сууж байж таарахгүй. Бид хуулиа хэрэгжүүлдэггүй, хуу­лийг мөрддөггүй, хуулийг бие­лүүлдэггүй сайдуудтай хариуцлага ярьсаар байх болно.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтын “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон ал­бан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах …” заалтыг үндэслэн Монгол Ардын Намын бүлгээс гаргаж буй дээрх хоёр сайдыг огцруулах асуудал, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

images (1)

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …