Монгол Улсын начин Б.Пүрэвсайхан Ерөнхийлөгчийн цомын эзэн болов

2013-12-29buh_bigМонголын ард түмэн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн  цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан өнөөдөр боллоо.

Үндэсний Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойн барилдаанд түрүүлсэн бөхөд Төрийн тэргүүний зарлигаар Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг гардуулдаг уламжлал тогтоод гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.

Өнөөдрийн шигшмэл 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, “Нью прогресс” группын бөх, Монгол Улсын залуу начин Б.Пүрэвсайхан түрүүлж Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гардан авлаа. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Ноёд” групп, “Таван хан” дэвжээний бөх, улсын аварга Гун-Аажавын Эрхэмбаяр чансаа өндөртэй бөхчүүдийн барилдаанд үзүүрлэсэн юм.

Түрүүлсэн бөхөд Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах тухай зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан уншиж танилцуулав. Зарлигт “Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн Монгол Улсын начин Баатархүүгийн Пүрэвсайханд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг гардуулсугай” гэжээ.

Тус барилдаанд үзүүрлэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын аварга Г.Эрхэмбаяр, их шөвөгт шалгарч үлдсэн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, улсын арслан Х.Мөнхбаатар, Төв аймгийн харьяат улсын заан Б.Батмөнх нарт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ойд зориулсан шигшмэл бөхийн барилдааны шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулан өгч баяр хүргэв.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөхийн 5 тамирчин “Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх эрхээ авчээ

“Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Монголын таван тамирчин оролцох эрхээ авсан бол Турк …