Өнгөрч буй 2013 он улс эх орон болоод сэтгүүлзүйд ямар өөрчлөлт авчирсан жил байв?
Содон сонин үйл явдал арвинтай жил өндөрлөж байна. Тэр дундаа улстөрийн онцлог содон үйл явдал ихтэй жил байлаа. Сэтгүүлзүйн тухайд нэгэн зууны түүхээ үнэлж цэгнэж, туулсан зам мөрөө эргэн харж, ололт амжилт, алдаа оноогоо тодорхойлсон жил байв. Монголын сэтгүүлчдийн эвлэл Монголд үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэлээ. Энэ арга хэмжээний хүрээнд олон ажил санаачилж хийлээ. Одоо ч хийж байна.
Оны төгсгөлд Монгол HD ТВ мэдээгээрээ нэр бүхий хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг шүүмжилж, тэр нь нэлээд маргаан дагууллаа. Та үүнийг хэрхэн харав?
Сэтгүүлзүйн өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг олон өнцгөөс харах сэдэл өгсөн нь сайн хэрэг. Бусдын асуудлыг хангалттай хөнддөг сэтгүүлзүй маань өөрийн дотоод асуудлаа ил ярилцаж эхэлсэн нь бас сайн хэрэг.
Тухайн мэдээний цаад зорилго юу байсан бэ?
Захиалгат сэтгүүлзүй Монголд байна гэж нотлох гэсэн бололтой. Гэхдээ тэр төлбөр төлж түгээсэн мэдээллийг нь мэдээ гэхээсээ илүү сурталчилгаа гэвэл зохистой юм билээ. Шинэ ажил үйлчилгээний тухай төлбөртэй сурталчилгаа гэмээр ч юм уу? Тэнд гарч буй мэдээллийг нягтлаагүйд л асуудал байгаа болохоос биш төлбөр авсан нь асуудал биш.
Монгол ТВ асуудлыг оновчтой гаргаж тавьж чадсан уу?
Минийхээр бол үгүй. Хэрвээ тэд улстөрийн нэг талыг барьсан нийтлэл, эсвэл хэн нэгэн хувь хүний нэр төрд халтай мэдээлэл бичээд түүнийгээ төлбөртэй нийтлүүлсэн бол жинхэнэ асуудал болох байлаа.
Хүмүүсийн яриаг хэлэхгүйгээр нууцаар бичсэн нь мэдээллээ шударга бусаар олж авсан, ёс зүйгүй асуудал гэж хэвлэлийнхэн үзэж байгаа. Тэгэхээр тухайн хэрэглэсэн аргыг та юу гэж бодож байна вэ?
Санаа нь зөв, арга нь буруу байсан. Нэгэнт туршилт хийсэн юм бол дараа нь түүнийхээ тухай илэн далангүй яриад асуултаа нээлттэй тавьсан бол тэднийг хэн ч юу ч гэж тушгиж чадахгүй байх байсан.
Захиалгат сэтгүүлзүйг ил гаргасан нь сайн боловч хэвлэл мэдээллийн салбарыг олон нийтэд сул дорой, муухай харагдууллаа гэж хэвлэл мэдээллийн байгууллагууд хараад байх шиг?
Төлбөртэй өгсөн юм гээд мэдээллийг нягтлахгүй байж болохгүй ээ. Энэ бол яалтчгүй бүдүүлэг алдаа. Бүгд л “Монгол” телевиз рүү дайрч байна. Аль аль тал нь өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй байна. Тэгж байж энэ салбарт эрүүл байдал бий болно. Байгууллагын манаач унтаж байгаад юмаа алдчихаад “Энэ хулгайч намайг сэрээлгүйгээр гэтэж орсон учраас би буруугүй” гэж хэлж болохгүй биз дээ. Муухай байгаа бол муухайгаа, нүцгэн байгаа бол нүцгэнээ хэлж чаддаг, түүнийгээ засч залруулж чаддаг байх нь сайн чанар.
Энэ асуудал цахим ертөнцийн гол сенсаци болсон. Фэйсбүүк, твиттерээр жиргэж байгаа хүмүүсийн жиргээг юу гэж бодов?
Цахим сүлжээ бол олон нийтийн үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх талбар. Зарим нь үнэн сэтгэлээсээ бичнэ, зарим нь маазарч бичнэ, зарим нь бусдыг доромжилж таашаал авна. Зарим нь бодлогоор дуугарна. Тийм болохоор ялгаа заагтай, эрүүл саруулаар хандахыг л хичээсэн.
Төлбөрт мэдээллийн асуудал хуулинд хэрхэн, яаж тусгагдсан байдаг вэ?
Энэ далимд манайхан Зар сурталчилгааны тухай хуулийг сайн судлаасай.
Сэтгүүлзүйн худалдагдсан байдлыг хэн, яаж засаж залруулах вэ?
Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсад, та бид бүгдээрээ хичээмээр байна. Адгийн тэнэгт ч гэсэн эрхэм нандин юм гэж байдаг даа. Сэтгүүлчдийн хувьд тэр нь ёс зүй, мэргэжлийн нэр хүнд, хараат бус байдал. Харамсалтай нь манай салбарын олон хүнд эдгээр үнэт зүйлийн үнэр ч алга болж дээ. Монголын сэтгүүлзүй ёс суртахууны хувьд хүрч болох доод хязгаартаа хүрч, хөлөг онгоцоор бол хайрдчихаад байна. Өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан муу муухай зүйлсээ хитэг давуулан чулуудахгүй л бол хайрдсан чигтээ байсаар байх болно.
Ярилцсан таньд баярлалаа.
Ярилцсан: Ж.Дагийсүрэн
Эх сурвалж: www.aravt.mn