Дэлхийн дөрвөн удаагийн аварга, Олимпийн их наадмын мөнгө, хүрэл медальт эрэгтэй чөлөөт бөхийн хөнгөн жингийн алдарт бөх Бесик Кудухов энэ сарын 29-ний өглөө орон нутгийн цагаар 07 цагийн үед Владикавказ хотоос Краснодар хот луу явж байхдаа машинтай мөргөлдөж, осолдосны улмаас газар дээрээ нас барсан билээ. Урьдчилсан дүгнэлтээр Priora маркын машин унаж явсан 30 настай жолооч эр хяналтаа алдасны улмаас эсрэг урсгалын зам луу орж, Audi маркын машин унаж явсан Кудуховын машиныг мөргөжээ. Priora маркын машин дотор жолоочоос гадна 2 хүн явж байсан байна.
Цагдаа нар осол болсон газар дүн шинжилгээ хийсэн ба одоогийн байдлаар хэрэг үүсгэн шалгаж байгаа гэдгийг мэдээллэв. Кудуховыг нас барсан талаар ОХУ-ын бөхийн төрлүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Георгий Брюсов ярихдаа “Кудуховын үхэл бол дэлхийн бөхийн ертөнцөд тохиосон эмгэнэлт явдал юм. Бид АНУ, Иран тэргүүтэй бөхийн өндөр хөгжилтэй олон орнуудаас эмгэнэлийн цахилгаан утас хүлээн авсан. Тэр бол сүүлийн арван жилд тодорсон хамгийн шилдэг тамирчдын нэг. Түүний барилдаанууд олон хүний сэтгэлд хоногшсон” хэмээжээ
Кудухов нь 1986 оны 8-р сарын 15-нд төрсөн бөгөөд ирэх оны 2-сарын 4-нд ОХУ-ын Сочи хотод эхлэх өвлийн ОЛИМПИЙН бамбар асаах төлөөлөгчдийн нэг байсан юм.
МЧБХ С.Болдгэрэл