Тамхины хяналтын тухай хуульд тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байж болох асуудлыг тодорхой зааж, түүнд тавигдах шаардлагыг тусгажээ. Тухайлбал, тамхи татах зөвшөөрөгдсөн цэг нь утаат тамхи татах зориулалтаар тусгайлан бэлтгэсэн, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тасалгаа байхаар заасан байна. Мөн тамхины хяналтын талаар төрөөс баримтлах бодлогын асуудлыг улам нарийвчлалтай болгох үүднээс тамхины татварыг Тамхины хяналтын суурь конвенцид заасан түвшинд хүргэх замаар нэмэгдүүлж байхаар заасан хэт ерөнхий зохицуулалтыг өөрчилж, тамхины онцгой албан татварыг хоёр жил тутам нэмэгдүүлж байхаар төсөлдөө тусгажээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зүйл заалтыг нэг мөр ойлгож, хэрэглэх явдлыг хангах, албан татвар ногдуулах үйл ажиллагааг хялбар болгож татвар төлөгчдөд чирэгдэлгүй, хөнгөн шуурхай үйлчлэх нөхцөл бүрдүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан тухайгаа төсөл санаачлагч танилцуулав. Түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг тодорхойлох журмыг боловсронгуй болгох зорилгоор Засгийн газраас төрийн өмчийн аж ахуйн нэгжид олгосон санхүүгийн татаас, үзүүлэх дэмжлэгт тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифийг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг тодорхойлон тогтоож байхаар тусгасан байна.
Мөн Засгийн газар 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа шонхор шувууг “Үндэсний бахархалт шувуу болгох тухай” 101 дүгээр тогтоол баталсан. Иймд шонхор шувууг цаашид аливаа ашиг олох зорилгоор агнах, гадаадад гаргах, барихыг хориглох нь зүйтэй гэж үзэж УИХ-ын тогтоолын төсөл санаачлан боловсруулсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл өргөн барив
Байгалийн гамшгаас үүсэх их хэмжээний малын хорогдлын улмаас зорилтот бүлэг болох малчин өрхүүдэд учирч буй эдийн засгийн эмзэг хараат байдлыг бууруулах, малчдын төлбөрийн чадварыг харгалзсан зохих түвшний сайн дурын хэлбэртэй даатгалын хамгаалалт бий болгох, нөгөө талаас оролцогч даатгалын компаниудад ашигтай, зах зээлд тогтвортой оршин тогтнох чадвар бүхий даатгалын бүтээгдэхүүнийг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан байна.
Зудын эрсдэл нь зөвхөн цөөн тооны даатгуулагчдад биш харин олон даатгуулагчдад нэгэн зэрэг хохирол учруулах, мөн жил дараалан учрах магадлалтай байдаг тул малын индексжүүлсэн даатгалын санхүүгийн нөөцийн менежмент болон эрсдэлийн механизмыг тогтвортой түвшинд зөв зохицуулах нь чухал. Ингэхийн тулд малын индексжүүлсэн даатгалыг нэгдсэн журмаар эрх бүхий давхар даатгагчид даатгуулах, тухайн давхар даатгалын байгууллага нь ихээхэн хэмжээний эрдсэлийг хариуцаж гадаадын давхар даатгагчид даатгуулах замаар хамтран ажиллах шаардлага бий болж байгааг сайд хэллээ.
Монгол Улсын Засгийн газар туршилтын журмаар 2005 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэхүү даатгалын тогтолцоог үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, түүний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж төсөл санаачлагч үзсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.