“2014 он- Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хийгдэх 8 чиглэл ажил

Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосон. Тэгвэл өнөөдөр энэхүү зорилтот жилийнхээ үйл ажиллагааг албан ёсоор нээж, бүх аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн удирдлагуудтай теле хурал хийлээ.

Уг хуралд Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон Эрүүл мэндийн яамны газар, хэлтсийн дарга нар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн холбогдох ажилтнууд оролцсон юм.

 Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнгөрсөн 2013 он сорилт бэрхшээлийг даван туулсан, салбарын суурь шинэчлэлийг амжилттай эхлүүлсэн онцлог жил байсныг хурлын эхэнд онцлоод эх, нярайн эндэгдэл, нас баралтыг бууруулж чадсан нь нийт эрүүл мэндийн салбарынхны амжилт гэдгийг хэлж, талархал илэрхийлэв.

alt

 2013 оны эхний 11 сарын байдлаар 73075 эх төрж, 73445 нярайг эсэн мэнд хүлээн авчээ. Жилийн эцсийн статистик мэдээ хараахан нэгтгэгдэж гараагүй ч 79000 орчим эх төрсөн байх магадлалтай байна. 1990 онд 73209 эх төрж байсан бол 2013 он сүүлийн 23 жилийн хамгийн өндөр төрөлттэй жил байлаа. Төрөлт 6,9 хувиар өссөн. Үндэсний статистикийн хорооноос 2013 оныг хүн амын өсөлтийн оргил үе явж байна гэж тэмдэглэжээ. Өнгөрсөн онд хүн амын нийт нас баралт 5,9 хувиар, эхийн нас баралт 5,9 промиль, нялхсын болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 0,9 промиллээр тус тус буурсан.

 Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлэхдээ, “Монгол улс Мянганы хөгжлийн 4, 5 дахь зорилтын 2015 оны түвшинд хүрсэн нь том амжилт гэж үзэж байна. Гэхдээ бид энэ амжилтаа тогтвортой байлгах, цаашид Ази номхон далайн хөрш орнуудын түвшинд хүртэл бууруулах зорилт тавьж ажиллана. 2014 онд иргэд та биднээс өмнөх жилээс илүүтэй шуурхай, нээлттэй, ээлтэй, чанартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхийг хүсэж, шаардах болно.

alt

 Үндэсний түвшинд эх, хүүхдийн эндэгдэл буурч байгаа хэдий ч зарим бүс нутаг, аймгуудад эх, хүүхдийн эндэгдлийн түвшин өндөр байна.

 Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад нийгмийн бусад салбаруудын хамтын ажиллагаа дутагдалтай, эх, нярай, хүүхдийн өвчлөл, эндэгдэлд алслагдсан, тусламж, үйлчилгээний хүртээмжийн тэгш бус байдал, ядуу, эмзэг бүлгийн эмэгтэйчүүд, хүүхдүүд шилжилт хөдөлгөөнтэй холбоотой тусламжаас хожимдох зэрэг нөлөөлж байна.

 Мөн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 46 хувь нь эрхтэн тогтолцооны ямар нэг суурь өвчтэй байгаа нь жирэмсний болон төрөхийн хүндрэл үүсэх эрсдлийг нэмэгдүүлж байна.

 Нийт төрөлтийн 4 хувь нь дутуу төрж байгаа нь бусад улс орнуудтай харьцуулахад өндөр байна. Охидын төрөлт 2012 онд 1000 амьд төрөлтөд 33 буюу сүүлийн 15 жилд хамгийн өндөр түвшинд хүрээд байна. Судалгаагаар өсвөр насны охидын дунд насанд хүрсэн эмэгтэйчүүдтэй харьцуулахад бэлгийн хүчирхийллээс үүдэлтэй төрөлт илүү тохиолдож байна. Тиймээс өсвөр насны охид, хөвгүүдийн өвөрмөц хэрэгцээнд тулгуурласан эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэвтрүүлэх, үе тэнгийн сургагч багш нарыг бэлтгэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна” гэв.

Манай улсын нийт халдварт өвчний 35 хувийг бэлгийн замаар дамжих халдвар эзэлж байна. Сүүлийн 10 гаруй жилд нийт хүн амын дунд тэмбүүгийн тархалт нэмэгдэж, заг хүйтэн өвчний тархалт буураагүй байгаа нь жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд бэлгийн замаар дамжих халдвар өндөр, төрөлхийн тэмбүү өвчтэй хүүхэд төрж байна. Гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ 1998 онд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд 9,9 хувь байсан бол 2010 онд 22 хувь болж, сүүлийн жилүүдэд 2 дахин нэмэгдсэн байна. Ялангуяа 15-24 насны эмэгтэйчүүдийн дунд гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ хамгийн өндөр байна. Үр хөндөлтийн түвшин тууштай буурахгүй, 2008 онд 1000 амьд төрөлтөд 169, төрөх насны 1000 эмэгтэйд 13,4 байсан бол 2012 онд 1000 амьд төрөлтөд 247, төрөх насны 1000 эмэгтэйд 22 байна.

 “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд найман чиглэлээр 90 гаруй ажил хийхээр төлөвлөсөн байна. Үүнд,

 1. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулах, өвчнийг эрт илрүүлж, эрүүлжүүлэх,

 2. Эмэгтэйчүүдийг жирэмсэлтэд бэлтгэх зарчмыг хэрэгжүүлэх, жирэмсэн болоод хяналтанд орох биш жирэмслэхээс өмнө үзлэг, шинжилгээнд орох, архаг өвчнийг эмчлэх, эрүүлжүүлэх ялангуяа бэлгийн замаар дамжих халдвар, нөхөн үржихүйн эрхтний үрэвсэлт өвчнөөс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх,

 3. Жирэмсний хяналтын чанарыг сайжруулах,

 4. Нярай ялангуяа эрт нярай үеийн болон дутуу нярайн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдал, асаргаа сувилгааг сайжруулснаар эндэгдлийг бууруулах,

 5. Хүүхдийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, бага насны хүүхдийн осол гэмтлийг бууруулах,

 6. Өсвөр үеийнхний өвөрмөц хэрэгцээнд тохирсон, ээлтэй тусламж үйлчилгээг өргөжүүлэх, охидын жирэмсэлтээс сэргийлэх,

 7. Эх, хүүхдийн хоол тэжээлийн дутагдлыг бууруулах,

8. Жирэмснээс хамгаалах аргын хангагдаагүй хэрэгцээг бууруулж, гэр бүл төлөвлөлтийн орчин үеийн аргын хэрэглээг нэмэгдүүлснээр аюултай үр хөндөлтийн шалтгаантай эхийн эндэгдлээс сэргийлэх зэрэг арга хэмжээг төлөвлөжээ.

Мөн уг зорилтот жилийн хүрээнд долоо хоног бүрийн баасан гарагийн 15 цагт Эх, хүүхдийн эрүүл мэндийн цахим шуурхай хуралдааныг улс даяар хийж байхаар боллоо.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …