Арт кино сонирхогчид долоо хоног бүр үнэгүй кино үзэж, сэтгэгдлээ хуваалцах боломжтой боллоо

Арт кино сонирхогчдын “Алтан хальс холбоо” энэ оноос эхлэн долоо хоног бүр кино урлаг сонирхогч, үзэгчиддээ зориулан Энхтайван найрамдлын ордонд үнэ төлбөргүй кино үзүүлж байхаар болжээ.

Энэ нь кино урлагийн хорхойтнуудын хувьд маш том бэлэг бөгөөд кино урлагт оруулж буй хөгжлийн томоохон дэмжлэг юм. Холбооныхон дан ганц кино үзүүлээд зогсохгүй киноны дараа үзэгчдийн дунд сонирхолтой яриа өрнүүлж, кино зохиолч, найруулагч, болон жүжигчидтэй уулзалт зохион байгуулж байх ажээ.

Уг төслийн салхийг хагалж маргааш буюу 1-р сарын 4-нд Карлос Рейгадасын “Түнэр харанхуйн дараах гэрэл” хэмээх киног үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Тодруулбал,

“Урагшлах тусам намсаж, хойшлох тутам өндөрсөх зориулалтын суудлууд,
Урд хойно хаана ч жигд сайн сонсогдох акустик бүхий танхим,
Уужим өргөн цагаан дэлгэцтэй хуучны ностальжик орчин,
Улаанбаатар хотын төвд үзэгч та бүхнийг хүлээж байна.”

Хадмал орчуулга харагдахгүй гэхийн зовлонгүй, хоёр чихээ дэлдийтэл анирдах шаардлагагүй, 210 хүний суудалтай хосгүй сайхан кино танхим таныг угтана. Шинэ оны долоо хоног бүр 14.00 цагаас Энхтайван найрамдлын ордонд уулзацгаая.

Хэзээ/хаана: 2014 оны эхний кино 1 сарын 4-ний 14 цагт Энхтайван найрамдлын ордонд!
Кино: Мексикийн Тарковский – Карлос Рейгадасын “Түнэр харанхуйн дараах гэрэл” (15+)!
Kиноны товч агуулга: Хотын гэр бүл Мексикийн хөдөө нутагт нүүж иржээ. Гэвч хоёр өөр төрлийн бодит байдлын мөргөлдөөнөөс төсөөлж мэдэшгүй үзэгдлүүд улбаалан төрнө. Энэ кино 2012 оны Каннын кино наадмаас шилдэг найруулагчийн шагналыг өвөртөлсөн юм.
Онцлох: Мөн киноны дараа эдийн засагч, кино найруулагч Төмөрийн Мөнх-Оргил “Америк шоронгоос хувьсгалын зам руу” номоо танилцуулж сонирхсон үзэгчдэд бэлэг болгон өгнө.

index

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …