ФА Цомын 3 -р шатанд Ливэрпүүл “уламжлал ёсоороо” Олдхэм гэсэн нэрийг сугалан, өнөөдөр тоглолоо. ФА буюу Английн Хөлбөмбөгийн Холбоо энэ шатны зөвхөн 8 тоглолтыг шууд дамжуулах эрхийг ТВ -үүдэд өгчээ. Үүнд багтаагүйн улмаас Анфилдад цугласан 40 гаруй мянган Копуудаас бусад нь шууд үзэх боломжгүй болсон юм. Ингээд тэкст унших, онлайн стриймээр тайлбар сонсох гэсэн 2 сонголттойгоор энэ удаагийн тоглолтоо “үзсэн” юм.
Брэндан Рожэрс Шар шувуунуудын эсрэг Брэд Жонэс, Мартин Кэлли, Коло Турэ, Даниэл Аггэр, Али Сиссоко, Стивэн Жэррард, Жордан Хэндэрсон, Луис Албэрто, Виктор Мозэс, Рахим Стэрлинг, Яго Аспас гэсэн 11 тоглогчийг гаргажээ. Түүнчлэн Брэндан Рожэрсийн хүү Антон Рожэрс тоглолтыг сэлгээний суудлаас эхлүүлсэн. Эхний үед бөмбөг эзэмшилт тэнцүүхэн, Ливэрпүүл бага зэргийн илүүрхэн тоглож байсан боловч гоол оруулж чадаагүй, хуурай тэнцээгээр өндөрлөсөн.
Харин тоглолтын 2 -р үед Рожэрс талбайд Мозэс, Албэрто нарыг суулган Лукас Лэйва, Фэлиппэ Коутиньо нарын Бразил тоглогчдыг талбайд гаргав. Сэлгээ ч үр дүнгээ өгч, талбайн эзэд түлхүү довтолгооныг өрнүүлж байлаа. Ливэрпүүлийн довтолгоо Шар шувуунуудад амсхийх завдал олгохгүй байгаа нь тайлбарлагчийн хоолойноос тодхон мэдрэгдэж байсан. Улаануудын олон довтолгоо 55 дахь минутанд амжилттайгаар төгсч, Испани тоглогч Яго Аспас тооны харьцааг нээлээ. Түүнд гоолын дамжуулалтыг Рахим Стэрлинг гаргаж өгсөн. Ийнхүү тэрээр Ливэрпүүлийн бүрэлдэхүүн дэх анхны албан ёсны гоолоо өөрийнхөө нэр дээр бичүүлсэн юм.
77 дахь минутанд бэртлээсээ ирээд удаагүй байгаа багийн ахлагч Стивэн Жэррардыг суулган Луис Суарэзийг талбайд оруулж ирлээ. Гэтэл үүнээс ердөө удалгүй багийн дэд ахлагч Даниэл Аггэр бэртэл аван талбайг чөлөөлсөн юм. Брэндан Рожэрс боломжит 3 сэлгээгээ оруулчихсан байсан тул үлдсэн 10 гаруй минутанд хүн дутуу тоглох болов. Гэсэн ч 82 дахь минутанд Улаануудын довтолгоо амжилттай үргэлжилсээр тоглолтын тооны харьцааг 2:0 болголоо. Стэрлингийн цохьсон бөмбөг эсрэг багийн хамгаалагчийг оносон бололтой, хоёр дахь гоол Олдхэмийн хамгаалагч Жэймс Тарковскигийн нэр бичигджээ.
Сүүлийн 2 жил хоорондоо таарч, бие биенээ буулган аваад байсан 2 багийн хайнаа хагалах тоглолт Улаануудын давамгайллаар өндөрлөж, Ливэрпүүл ФА цомын 4 -р шатанд шалгарч үлдлээ. Дараагийн шатанд Боурнэмаут, Бартон гэсэн багуудын хожсонтой нь Нэгдүгээр сарын сүүлчээр тоглох бололтой.
Олдхэмтэй хийсэн тоглолтын шилдгээр Ливэрпүүлийн Дугаар-9 Яго Аспасыг тодруулж байна.
Б.Бадруул ливерпүүлфс.мн