Дараагийн нэг дэх буюу нэгдүгээр сарын 13-нд Ардчилсан шинэ Үндсэн хууль баталсны 22 жилийн ойн өдөр тохионо. Монголчууд тайван замаар ардчилсан хувьсгалыг ялалтад хүргэснээс хойно 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлан гаргахад тэр үеийн Улсын Бага хурлын дарга, өнөөдрийн УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийн оруулсан хувь нэмрийг цохон тэмдэглэх учиртай. Энэ ч үүднээс ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржтой уулзаж ярилцсан юм.
-Танд айлчлан ирсэн 2014 оны мэнд хүргэе. УИХ-ын 2013 оны ажлыг дэд даргын хувиар товчхон дүгнэж, байр сууриа илэрхийлнэ үү?
-За баярлалаа. “Өглөөний сонин”-ы нийт уншигчдад шинэ оны мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргалын дээдийг өргөн мэндчилье. Улиран одсон 2013 он эрх зүйн шинэчлэлийн хүрээнд, түүний дотор шүүх эрх мэдлийн шинэчлэлийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газраас санаачилсан хуулиудын багцыг хэлэлцэж батлах чиглэлд том ахиц гарсан жил болж өнгөрлөө.
Ингэснээр иргэдийнхээ эрх чөлөөг хамгаалах, тэдний хөндөгдсөн эрх чөлөөг сэргээхийн төлөө шударга, шуурхай ажиллаж чадах шүүх эрх мэдлийн институцийг хөгжүүлэх талд чухал шинэчлэлт хийгдлээ гэж дүгнэж байна. Зөвхөн шүүх төдийгүй хэрэг бүртгэх, мөрдөн байцаах чиглэлийн бүх байгууллагууд, түүнчлэн ард түмний энх амгалан байдлыг сахин хамгаалах үүрэгтэй цагдаагийн байгууллага, ер нь хууль сахиулах байгууллагуудад томоохон өөрчлөлт шинэчлэлтийн ажил цоо шинээр хэрэгжиж эхэлсэн маш чухал гарааны он байлаа. Энэ бүх шинэчлэл, өөрчлөлтийн эхлэлийг хууль тогтоох дээд байгууллагын дэд даргын хувьд онцлон тэмдэглэж байна.
-Удахгүй ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ой болно. Та энэ ойг тэмдэглэх ажлын хэсгийн ахлагчийн хувьд 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулийн ач холбогдлыг товчхон дүгнэхгүй юу?
-За баярлалаа. Нэгдүгээрт ардчилсан шинэ Үндсэн хууль гэдэг нэрэндээ агуулга, ач холбогдол нь багтаад хамгийн энгийнээр тодорхойлогдож болно. Гэхдээ яг ингэж хайрцаглавал дэндүү товчхон хариулт болох талтай. 1989 оноос эхэлсэн ардчилсан хувьсгал, түүний өрнөл, түүний гол үзэл санааг Үндсэн хуулийн түвшинд баталгаажуулснаараа Монгол Улс ардчилсан нийгэм рүү улстөр, эдийн засгийн хувьд нэгэн зэрэг шилжих шилжилтийг хууль эрхзүйн хувьд зохицуулснаараа хамгийн гол ач холбогдол нь оршиж байгаа юм. Шинэ Үндсэн хууль маань хэд хэдэн шаттайгаар батлагдан гарсныг манай иргэд сайн мэдэж байх нь зүйтэй юм.
Өөрөөр хэлбэл Үндсэн хууль бүтсэн түүх гэж хэлье л дээ. 1989 онд ардчилсан хөдөлгөөнүүд үүсэх үед БНМАУ-ын Үндсэн хуулиар ганцхан улстөрийн намыг хүлээн зөвшөөрдөг байсан. Хуучнаар МАХН нь удирдан чиглүүлэх чиг үүрэгтэй, бүх л олон нийтийн байгууллагууд тэр удирдан чиглүүлэх бодлогынх нь хүрээнд захирагдаж ажиллах ёстой, нэг намын дарангуйлал тогтсон улстөрийн систем байлаа шүү дээ. Ардчилсан хувьсгалын үндсэн зорилго бол олон намын тогтолцоог бий болгох, нэг намын ноёрхлыг халж хүний эрх, эрх чөлөөг ханган баталгаажуулах л байсан.
Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд олон намын оролцоо бүхий ардчилсан сонгуулиар сонгогчид өөрсдийнхөө эрх мэдлийг хэрэгжүүлдэг болъё гэсэн гол шаардлагыг тусгаж өгсөн нь хамгийн томоохон амжилт мөн. Хуучин Үндсэн хуульд гурван сард оруулсан өөрчлөлтөөр нэг намын удирдан чиглүүлэх үүргээс татгалзаж олон намыг зөвшөөрсөн бол олон намууд байгуулагдсаны дараа завсарын төрийн бүтцийг бий болгосон. Өөрөөр хэлбэл шинэ Үндсэн хууль батлагдтал Улсын Бага хурал гэсэн хууль тогтоох байгууллагыг байгуулж Монгол Улс Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчтэй байх нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсан. Ингэж чадсанаараа ч ардчилсан хувьсгал тайван замаар төгс ялалтад хүрэх нөхцөл бүрдсэн юм. Үүний дараа Улсын Бага хурал шинэ Үндсэн хуулийг Ардын их хурлаар батлуулж өөрийн үндсэн үүргээ гүйцэтгээд эрх мэдлээ Үндсэн хуулийн дагуу шилжүүлэн өгсөн түүхтэй.
-Та тэр үед Улсын Бага хурлын дарга байсны хувьд тухайн цаг үеийн түүхэн үйл явдлыг хамгийн сайн мэдэх хүний нэг л дээ?
-За тийм ээ. Үндсэн хуулийн хавсралтын тухай гэдэг их чухал хуулиар тэр бүх үйл явцыг зохицуулсан юм. Хуучин Үндсэн хуулиас шинэ Үндсэн хууль руу яаж шилжих вэ зэрэг маш чухал процедуруудыг чухам тэр хуулиар зохицуулж өгсөн. Энэ бүхнийг зохицуулсаны дараа 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталж байлаа. Шинэ Үндсэн хууль батлагдсаны дагуу 1992 онд анх удаа олон нам оролцсон ардчилсан сонгууль явагдаж анхны УИХ-ыг байгуулж байв. Энэ бүхний үндсэн дээр Монгол Улс нийгмийн байгууламжаа маш амжилттай өөрчилж чадсан түүхтэй.
Шинэ Үндсэн хуулийн хамгийн гол ач холбогдол нь Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг олон улсын түвшинд, хүний эрхийн фактын түвшинд баталгаажуулж чадсан. Хоёрдугаарт эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван эрх мэдэлд салган хуваарилж, харилцан тэнцвэржүүлсэн юм.
Нөгөөтэйгүүр нутгийн өөрөө удирдах институцийг ард түмний засаглалын нэг үндсэн бүтэц бүрэлдэхүүн болгон гаргаж ирсэн нь шинэ Үндсэн хуулийн бас нэг том ач холбогдол мөн. Өнөөдөр төлөөллийн ардчиллаас шууд ардчилал буюу иргэд өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө мэдэн зохицуулах чиглэлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга ардчилсан Үндсэн хуулийг улам төгөлдөржүүлж, баяжуулах чиглэлд дорвитой шинэчлэл болох нь дамжиггүй. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд дараа дараагийн шинэчлэлүүд хүлээгдэж байгаа.
Одоо бид Үндсэн хуулиа гоочлох, шүүмжлэх бус хэрэгжилтэнд нь анхаарал хандуулах цаг болсон. Бусад органик хуулиудаар үүнийг улам илүү дэлгэрэнгүй болгож хэрэгжүүлэлтийг нь тууштай болговол манай Үндсэн хууль үнэхээр тогтвортой байж чадна.
-Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойн хүрээнд ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?
-Хамгийн гол нь ардчилсан шинэ Үндсэн хууль Монголын ард түмэнд юу авч ирсэн бэ гэдгийг нийт иргэдэд ойлгуулах, таниулах талд түлхүү анхаарал хандуулна. Шинэ Үндсэн хууль хэрхэн төрөн гарсныг мэдрүүлэх зорилготой соён гэгээрүүлэх ажиллагааны хүрээнд ялангуяа сурагч, оюутнуудад сурталчлах ажлыг эн тэргүүнд тавьж байна. Сургуулиуд амарчихсан байгаа тул нэг цагийн сургалтын хичээлийг хэд хэдэн телевизээр явуулахаар бэлтгэж байгаа.
Түүнчлэн радио, телевизээр Үндсэн хууль батлагчдын яриа цувралаар явна. Үндсэн хууль маань “Мэдэгтүн, сахигтун” гэж төгсдөг. Ийм ч учраас бид мэдэж байж сахин хэрэгжүүлнэ шүү дээ. Үндсэн хууль надад ийм боломж нээж, ийм эрх чөлөөг тунхагласан юм гэдгийг манай иргэд зайлшгүй мэдэж, мэдсэний үндсэн дээр сахиж хэрэгжүүлэх учиртай юм. Хоёр дахь жилдээ уламжлал болсон шатрын тэмцээн, 12-ны бүтэн сайнд үндэсний бөхийн барилдаан болно. Үндсэн хууль батлалцсан Ардын их хурлын депататууд цугларч Үндсэн хуулийн талаар санаа бодлоо солилцоно.
-Та саяхан 60 насны босго алхсан. Ер нь парламентын гишүүдийн нас, удаа дараа сонгогдсон байдал нь мэргэшсэн парламентач болоход ямархуу үүрэгтэй гэж та бодож явдаг вэ?
-За яах вэ, нас гэдэг зүгээр л тоо шүү дээ. Гол нь мэргэшсэн парламент байх гэдэг дээр хэд хэдэн хүчин зүйл байдаг л даа. Нэгдүгээрт сонгуулийн систем илүү пропорционал тал руугаа давамгайлаад ирэхээр улстөрийн намууд илүү туршлагатай, олон удаа парламентад сонгогдсон гишүүдээ дэвшүүлэн гаргаж ирэх боломжтой болдог. Энэ нь парламентын төлөвшил, гишүүдийн мэргэших талд илүү үр дүнтэй байх нь ойлгомжтой.
Нөгөө талд шинээр сонгогдсон гишүүдийг үгүйсгэж, басамжлахын оронд төрийн хар хайрцагны залгамжлах шинж чанарыг орхигдуулалгүй авч явах ёстой юм. Тэгж байж Монголын парламент залуу халаагаа бэлтгэж урт удаан оршин тогтнох эрхзүйн чадамжтай болно. Хүннү, Чингис хааны үеэс эхтэй Монголын төрд уламжлал, шинэчлэл хоёр зэрэгцэн оршсоор ирсэн нь төрт ёсны агуу их соёл, түүхийг өгүүлж байгаа хэрэг.
Д.Түвшин