Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ид дундаа явагдаж байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 3 нэр дэвшигч өрсөлдөж байгаагийн нэг нь эмэгтэй хүн гэдгээрээ онцлог юм. Мэдээжийн хэрэг Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдэг хэн хүнд олдоод байдаг боломж биш. Нэгэнт нэр дэвшиж, нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан бол түүнийг дэвшүүлсэн нам, улс төрийн хүчин бүхлээрээ нэр дэвшигчээ ялуулахын төлөө эрвийх дэрвийхээрээ ажиллах нь зайлшгүй. Харин МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Удвалын хувьд эхнээсээ л “суудал дутуугийн үлгэр” болоод байх шиг. Түүнийг намын даргаа суллуулахын тулд АН-тай тохироо хийн МАН-ын саналыг хуваахын тулд сонгуульд оролцох болсон тухай үнэн худал нь мэдэгдэхгүй яриа гарч байсан ч тэгсгээд намжсан. Ямартай ч сонгуулийн өрсөлдөөний тоосон дунд МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал торойгоод хоцрох уу, тэнцүүхэн өрсөлдөх үү гэдэг нь одоогоор тодорхой биш байна.
Аливаа сонгуулийн сурталчилгаанд томоохон самбарууд чухал нөлөөтэй байдаг.Тодруулж хэлбэл аль болох олон хүний нүдэнд өртөхүйц сурталчилгааны самбарт, өөрийн мөрийн хөтөлбөрийн гол санаагаа тодорхой, ойлгомжтой байдлаар хэрхэн илэрхийлэхээс түүнд итгэл үзүүлэх сонгогчдын хандлага өсөх талтай. Тийм ч учрас нэр дэвшигч бүхэнд энэ асуудлыг тусгайлан хариуцаж ажилладаг баг бий. Ийм багыг PR-ын баг гэж нэрлэдэг. Тэгвэл МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалын PR-ын баг дутуу сэтгэсэн үү, эсвэл зориудаар сонсогчийн саналыг төөрөгдүүлж, үүнээсээ “оноо цуглуулна” гэж тооцсон уу бүү мэд.
Төмөр зам, 1, 3-4 дүгээр хороололын зам дагуу байрлах хэд хэдэн самбарт Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Удвал сурталчилгааны баннераа байрлуулжээ.
Эл баннерт Монгол улсын газрын зураг дотор төрийн ордны зураг байх, түүний баруун талд Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Удвалын цээж зураг, самбарын зүүнтэйд “Шударга байхдаа хүчтэй. Шударга бусыг өөрчилцгөөе” гэсэн уриа байх.
Юуны өмнө энэ уриа нь Шударга байхдаа хэн хүчтэй байдаг вэ, ард түмэн үү, эрх мэдэлтнүүд үү, эсвэл үүнтэй ойролцоо уриаг хэлдэг, одоо хоригдож байгаа МАХН-ын дарга уу гэсэн эргэлзээг сонгогчидод төрүүлж байна. За эндээс тухайн сонсгогч иргэдэд шударга ёс хэрэгтэй, шударга ёс хэрэгжвэл ард түмэн хүчтэй гэж ойлголт аваад, дараа нь доорх мөрийг нь уншвал, дөнгөж сая ойлгож, итгэж байсан шударга ёсны тухай үзлийг буюу Шударга байхдаа хүчтэй байдаг тэр үзэл санааг өөрийг нь шударга бус гээд, түүнийг өөрчлөх хэрэгтэй юм байна гэсэн бодлыг төрүүлж байна.
Үүнийг уншсан сонгогч “шударга байхдаа хүчтэй” гэдэгтэй санал нийлж байтал яг доор нь бичигдсэн “шударга бусыг өөрчилцгөөе” гэсэн нь шударга байхдаа хүчтэй гэдэг шударга бус явдлыг өөрчилье гэж байгаа мэт сэтгэгдлийг олон нийтэд төрүүлж байна.
Өөрөөр хэлбэл, бөхөөр бол “бяртай байхдаа хүчтэй гэдэг үзлийг бяртай бус /бяргүй/ болгож өөрчилье” гэсэн утгаар ойлгогдоод байна.
Энд нарийндаа бол эхнээсээ логикийн алдаатай бодомж оруулсан болохоор түүнээс буруу оюун дүгнэлт гарсан гэсэн үг. “Шударга байхдаа хүчтэй байдаг тэр явдал өөрөө шударга бус болохоор үүнийг өөрчлөх ёстой” гэсэн дүгнэлт хийгдэх агуулгыг дээрх хоёр мөр уриа илэрхийлжээ.
Товчхондоо бол нэр дэвшигчдээ нэмэр болохоос нэрмээс болж мэдэх ядмаг PR, буруу сурталчилгаа.
Ц.Мөнхбаатар
ugluu.mn