“Нарантуул” руу нэвтрэх автомашиныг тоогоор нь эсвэл марк, даацаар нь хязгаарлана

imagesӨнгөрсөн онд “Нарантуул” худалдааны төвийн орчим  гарсан гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 30 гаруй дуудлага, 70 орчим өргөдөл, гомдол Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст иржээ. Ихэвчлэн хөдөө орон нутгаас ирсэн иргэд үйлчлүүлдэг учраас хуурамч алт мөнгөн эдлэл худалдах, худалдан авах, хууль бусаар галт зэвсэг, сум худалдаалах зэрэг гэмт хэргүүд нууц далд хэлбэрээр үйлдэгдсээр байгааг цагдаагийн албан хаагчид хэллээ.
Мөн тус худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт байрлах хөдөө орон нутгийн ачаа тээвэрлэх  зогсоол орчимд санамсар болгоомжгүйгээс болж машинаасаа эд зүйлээ хулгайд алдах,  зогсоол дээр хонох, жолооч нар архидан согтуурч танхайрах, мөрийтэй тоглоом тоглох, садар самуунд уруу татагдах зэрэг гэмт хэрэг зөрчил ихээр бүртгэгддэг байна. Өргөтгөлийн гадна болон дотор талд зам тээврийн осол зөрчил өдөрт 2-3 удаа гардаг төдийгүй нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар  өргөтгөлийн хэсэгт байрлах автомашин зогсоол хөдөлгөөний нягтрал ихтэй, хүйтний улиралд автомашинаа шөнөжин халааж агаарын бохирдол үүсгэдэг, жолооч нар автомашинаа харж хонохдоо орчинд ил задгай бие засдаг, шээс шивтрийн эхүүн үнэртэй зэрэг зөрчил илэрсэн юм.
Тиймээс, энэ байдлын таслан зогсоох, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, “Нарантуул” худалдааны төвийн орчим үүсдэг замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор худалдааны төврүү нэвтрэх автомашиныг тоогоор нь эсвэл марк, даацаар нь хязгаарлаж хэт бөөгнөрлийг сааруулах, өргөлтгөлд шөнийн цагаар автомашин байрлуулж, хонуулахгүй байх зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. “Нарантуул” худалдааны төвийн зөвхөн өргөтгөлийн хэсэгт өдөрт дунджаар 3500 гаруй иргэн үйлчлүүлж, 1500 орчим машин байнга буюу түр зогсдог гэсэн дүн мэдээ бий гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …